Хайх

2020 онд харилцааг хэрхэн нэрлэх вэ: Эклипсинг, флибэггинг ба бусад

2020 онд харилцааг хэрхэн нэрлэх вэ: Эклипсинг, флибэггинг ба бусад

Заавал мэдэх ёстой нэршлүүд

Text: Buro.Mongolia


Дижитал эринд орчин үеийн хүмүүсийн харилцаа ч хөгжиж, зарим талаараа улам бүр ээдрээтэй болж байгаа гэдэгтэй санал нийлж байна уу? Жил ирэх тусам хайр дурлалын харилцаа, болзооны талаар толь бичигт шинэ, шинэ нэршлүүд нэвтэрсээр байна. Жишээ нь бид гэтсбинг, ситюэйшеншип, орбитинг зэрэг учир битүүлэг үгсийн утга агуулгыг олж мэдээд удаагүй байтал флибэггинг, тайпкэстинг зэрэг цоо шинэ нэршлүүд дэлгэрчээ. Тэгвэл Plenty of Fish болзооны вебсайт хайр дурлал, болзооны талбар дээр энэ жил танд хэрэг болж мэдэх найман шинэ нэршлийг тайлбарласан байна.

Fleabagging (флибэггинг)

Алдарт "Fleabag" цувралаас санаа авч энэ нэршлийг гаргажээ. Энэ нь тухайн хүн өөрт нь тохирохгүй хүмүүстэй болзсоор байхыг зүйрлэж байгаа юм. Эх сурвалжийн онцолсноор эмэгтэйчүүдийн 68%, эрчүүдийн 38% флибэггинг хийдэг гэнэ.

Dial Toning (дайалтонинг)

Хэрэв гостинг (ghosting) нь болзсоныхоо дараа эргэж холбогдохгүй эсвэл бүр болзоондоо ирэхгүй алга болохыг хэлж байгаа бол дайалтонинг нь хэн нэгэн танд утасныхаа дугаарыг өгснийхөө дараа утсаа авахгүй, мессежэнд хариулахгүй байхыг хэлнэ. Ихэвчлэн ийм төрлийн харилцаа санамсаргүй байдлаар танилцсаны үр дүнд бий болдог.

Cause-playing (козплеинг)

Сайн үйлс хийх нэрийдлээр "экстэйгээ" эргэн холбоо тогтоох арга. Тухайлбал хандив өргөх эсвэл ямар нэгэн нийгмийн төлөөх чухал үйлсэд оролцохыг гуйхаар (далд санаа агуулаагүй мэт авирлан) хуучин найз залуу/бүсгүйтэйгээ холбогдохыг хэлнэ. Ихэвчлэн энэ төрлийн аргыг 40-өөд насны ганц бие хүмүүс ашигладаг гэнэ.

Eclipsing (эклипсинг)

Орчуулбал хиртэлт гэсэн утгатай. Харин харилцааны тал дээр хосуудын нэг нь хамтрагчийнхаа хобби, сонирхолд бүрэн автахыг хэлнэ. Жишээ нь хэрэв таны сайн найз гэнэт л шинэхэн найз залуугийнхаа дуртай "Rick and Morty" цувралыг шимтэн үзэж эсвэл Жүжицү тулааны урлагаар хичээллэж эхэлбэл тэр эклипсинг хийж байна гэсэн үг. Танил санагдаж байна уу?

Exoskeleton-ing ("эксоскелетонинг")

Та хэн нэгэнтэй болзож эхэлтэл түүний экс олон нийтийн сүлжээгээр дамжуулж эсвэл өөр ямар нэгэн аргаар тантай холбоо тогтоохыг хүсэж байвал энэ нь "эксоскелетонинг" болно.

Yellow carding ("йеллоукардинг")

Шар карт буюу сануулга. Уулзаж байгаа хүн тань болзооны тал дээр ёс зүйгүй үйлдэл гаргавал сануулга өгнө. Үнэндээ энэ нь сайн зүйл юм. Учир нь шууд улаан карт өгвөл хосуудын харилцаа төгсөнө гэсэн үг.

Glamboozled ("гламбузлд")

Урам хугаралт. Та нүүрээ хичээнгүйлэн будаж, өмсөх хувцсаа анхааралтай сонгон болзоондоо маш их хичээл зүтгэл гарган бэлдсэн боловч эцсийн мөчид найз залуу тань болзоогоо цуцлан бүх төлөвлөгөөг тань нураавал та "гламбузлд" болжээ. Хүмүүсийн 54% нь ийм төрлийн сэтгэл гонсойлттой тулгарч байснаа хуваалцсан юм.

Typecasting ("тайпкастинг")

Хэн нэгэн ямар нэгэн тодорхой шалгуур дээр тулгуурлан хамтрагчаа сонгохыг хэлнэ. Жишээ нь "зөвхөн сахалтай", "180 см дээш өндөртэй" эсвэл бүр "Загасны ордных л биш шүү" гэх мэт шалгууруудыг дурдаж болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх