Хайх

Сонгодог 10 коктейль хэрхэн хийх вэ: Bharmoney-гийн үүсгэн байгуулагчдын нэг Авараа харуулж байна

Сонгодог 10 коктейль хэрхэн хийх вэ: Bharmoney-гийн үүсгэн байгуулагчдын нэг Авараа харуулж байна

Уух соёлыг дэлгэрүүлэх нь

Text: Buro.Mongolia


Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын залуусын дунд коктейль үдэшлэг зохиох нь ихсэж, коктейль уух соёл өргөнөөр дэлгэрч, ерөнхийдөө энэ салбар шинэ түвшинд хүрч байгаа гэж хэлж болно. Тэгвэл уух соёлыг түгээж, зөв зохистой хэрэглээг дэлгэрүүлэхэд өөрсдийн гэсэн хувь нэмрийг оруулж байгаа хэсэг залуусыг бид онцлохыг хүслээ.

Bharmoney гэх нэр тухайн арга хэмжээ халуухан болж өнгөрөх нэг ёсны баталгаа болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Зөвхөн амтат коктeйль найруулаад зогсохгүй арга хэмжээний сэдэв, урилга, постер зэргийг бүтээлч зураг авалттай хийж, үдэшлэг дуусан дуустал хүрэлцэн ирсэн зочид цагийг зугаатай өнгөрөөж байгаад анхаардаг Bharmoney-гийн залуус аль хэдийнэ энэ салбарт өөрсдийн гэсэн нэр хүнд, байр суурийг олжээ. Ингээд Bharmoney-гийн үүсгэн байгуулагчдын нэг бартендер Аварзэд буюу бидний мэдэхээр Авараа өөрийн түүхийг хуваалцахын зэрэгцээ бидэнд дэлхийн хамгийн алдартай, сонгодог 10 коктейль хэрхэн хийхийг бичлэг болгон харууллаа.

Сонгодог 10 коктейль хэрхэн хийх вэ: Bharmoney-гийн үүсгэн байгуулагчдын нэг Авараа харуулж байна (фото 1)
Bharmoney (Дөлгөөн, Тэмүлүн, Нэрэн, Аварзэд)

"Монгол залуус сүүлийн жилүүдэд коктейль уух их дуртай болсон. Үүнийг дагаад коктейль найруулах бартендерүүд ч нэмэгдэж байна. Иймд дэлхийн хамгийн алдартай, 10 сонгодог коктейлийг хэрхэн найруулахыг бичлэг болгон үзүүлье гэж шийдлээ. Ингэснээр согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх хандлага өсөж, коктейль уух соёл дэлгэрнэ гэсэн хүсэл эрмэлзлээр бичлэгүүдээ хийсэн байгаа" хэмээн тэрээр шинэ контентоо тайлбарласан юм.

Дэлхийн шилдэг 10 коктейль

Сонгодог 10 коктейль хэрхэн хийх вэ: Bharmoney-гийн үүсгэн байгуулагчдын нэг Авараа харуулж байна (фото 2)

DAIQUIRI


Havana club aged ром - 60 мл

Шинэхэн лайм жимсний шүүс - 30 мл

Сироп - 22.5 мл

Лайм жимсний хальс


Daiquiri коктейль нь Ром суурьтай исгэлэн ба чихэрлэг коктейль төрөлд орно. Куба улсаас гаралтай энэхүү коктейлийг Английн алдарт зохиолч Эрнест Хемингуэйн нэрээр ч мөн нэрлэсэн байдаг.


Сонгодог 10 коктейль хэрхэн хийх вэ: Bharmoney-гийн үүсгэн байгуулагчдын нэг Авараа харуулж байна (фото 3)

Twisted MARTINI


Soyombo архи - 45 мл

Crem de cassis ликёр - 15 мл

Хан боргоцойн шүүс - 45 мл


Архи суурьтай коктейлийн хамгийн агуу түүхтэй нь мартини. Энэхүү сонгодог коктейль нь хуурай мөртлөө хүчтэй амттай. Харин үүнийг Монголчууддаа зориулан бага зэрэг өөрчлөн хийсэн. Архинаас гадна Жин сууриар хийдэг.


Сонгодог 10 коктейль хэрхэн хийх вэ: Bharmoney-гийн үүсгэн байгуулагчдын нэг Авараа харуулж байна (фото 4)

ESPRESSO MARTINI


Beluga Transatlantic архи - 45 мл

Кофе ликёр - 20 мл

Эспрессо шот s/m - 30 мл

Кофены үр


Архи суурьтай энэхүү коктейль нь сонгодог хувилбараа бодвол кофетой гэдгээрээ ялгаатай. Ууснаар хүнийг сэргээдэг бөгөөд чихэрлэг тааламжтай амттай. 1990 оноос эхлэн мартини коктейлийг илүү баялаг болгож байсан ба тэрхүү төрлүүддээ хамгийн их өргөн хэрэглэгддэг нь энэ коктейль юм.


Сонгодог 10 коктейль хэрхэн хийх вэ: Bharmoney-гийн үүсгэн байгуулагчдын нэг Авараа харуулж байна (фото 5)

APEROL SPRITZ


Aperol - 40 мл

Prosecco - 60 мл

Top up soda

Зүсэм жүрж


Жүржийн ликёр суурьтай Итали улсаас гаралтай коктейль бөгөөд энэхүү коктейл нь Apperative буюу хоолны өмнө уухад тохиромжтой.


Сонгодог 10 коктейль хэрхэн хийх вэ: Bharmoney-гийн үүсгэн байгуулагчдын нэг Авараа харуулж байна (фото 6)

NEGRONI


Campari - 25 мл

Sweet vermouth - 25 мл

Gin - 25 мл

Жүржийн хальс


Бидний сайн мэдэх уух дуртай коктейлийн нэг. Гашуун чихэрлэг коктейлийн төрөлдөө "Хаан" гэгддэг бөгөөд эрчүүд уухад тохиромжтой. Зөөлөн амтагдах атлаа хүчтэй. Италийн үндэсний коктейль. Гол орц болох Campari нь "No Negroni without Campari" гэсэн уриатай.


Сонгодог 10 коктейль хэрхэн хийх вэ: Bharmoney-гийн үүсгэн байгуулагчдын нэг Авараа харуулж байна (фото 7)

MOSCOW MULE


Архи - 60 мл

Лайм шүүс - 15 мл

Ginger Beer - 120 мл

Хэрчим лайм


Архи суурьтай энэхүү коктейль нь амтны хувьд цагаан гааны хольцтой тул архи маш бага амтагддаг. Хийжүүлсэн коктейль учир хүчиллэг төрөлдөө ордог. Хийжүүлсэн коктейль учир хүчиллэг төрөлдөө ордог.


Сонгодог 10 коктейль хэрхэн хийх вэ: Bharmoney-гийн үүсгэн байгуулагчдын нэг Авараа харуулж байна (фото 8)

WHISKEY SOUR


Bulliet Bourbon whiskey - 60 мл

Fresh lemon juice - 30 мл

Сироп - 20 мл

Өндөгний цагаан

Bitters


Америкаас гаралтай. Зөөлөн виски суурьтай ба өндөгний цагаан ордгоороо онцлогтой коктейль. Өндөгний цагаан нь коктейлийг биетэй, зөөлөн амттай болгодог. Коктейль нь мэдээж исгэлэн амттай. Үүнээс гадна New York Sour, Boston Sour гэх мэтээр өөрчлөн хийдэг.


Сонгодог 10 коктейль хэрхэн хийх вэ: Bharmoney-гийн үүсгэн байгуулагчдын нэг Авараа харуулж байна (фото 9)

OLD FASHIONED


Maker's mark bourbon виски - 70 мл

Angostura bitters 5 дусал

Бор сахар - 1 халбага

Жүржийн хальс


Зөөлөн виски суурьтай. Анх Англид ром, коньяк, жин суурьтай гаргадаг байсан ч Америк улсад вискигээр хийж эхэлснээс хойш маш алдартай болсон. Гашуун зөөлөн амттай төрөлд ордог бөгөөд сонгодог коктейлийн өвөг эцэгт тооцогддог. Зөөлөн хүчирхэг амт нь эрчүүдийн хамгийн уух дуртай коктейлийн нэг болгосон.


Сонгодог 10 коктейль хэрхэн хийх вэ: Bharmoney-гийн үүсгэн байгуулагчдын нэг Авараа харуулж байна (фото 10)

MARGARITA


Espolon текила - 45 мл

Countreau - 22.5 мл

Лайм жимсний шинэхэн шүүс - 22.5 мл

Сироп - 5 мл

Хэрчим лайм

Далайн давс


Текила суурьтай, Мексик үндэсний коктейль. Амтны хувьд исгэлэн мөртлөө чихэрлэг. Хундагны амсрыг давсаар хүрээлүүлэн уусныхаа дараа нимбэг иддэг нь өвөрмөц соёлыг амтлах боломж өгдөг. Маш алдартай тул олон төрлийн жимсний амттай болгож Frozen margarita хэмээн өөрчлөн хийдэг.


Сонгодог 10 коктейль хэрхэн хийх вэ: Bharmoney-гийн үүсгэн байгуулагчдын нэг Авараа харуулж байна (фото 11)

MANHATTAN


Woodford reserve виски - 60 мл

Sweet vermouth - 30 мл

Angostura bitters 3 дусал

Мараскино интоор

Жүржийн хальс


Manhattan бол Америкийн хамгийн алдартай хотоор нэрлэсэн коктейль юм. Америк зөөлөн вискигээр хийдэг бөгөөд хамгийн классикаар уух дуртай хүмүүсийн коктейль. Гол онцлог нь хамгийн сайн вискиг чихэрлэг зөөлөн вермут дарсаар зөөллөдөг. Гашуун мөртлөө чихэрлэг амттай бөгөөд эмэгтэй хүмүүс ч мөн адил энэхүү интоороор чимэглэсэн коктейльд маш их дуртай.


Бартендер болсон түүх болон Bharmoney-г үүсгэн байгуулсан шалтгаан

"Монголд энэ салбарт ажилладаг залуусын хувьд ажлын гараагаа эхэлсэн түүх нь ихэвчлэн төстэй байдаг. Миний хувьд ч мөн тэдний адилаар анх сурахын хажуугаар ажилладаг залуусын нэг байлаа. Анх "Green Olive" ресторанд зөөгч хийж байсан юм. Тухайн үед ер нь текний ард байх, коктейль найруулаад зогсох, дарс танилцуулаад хүмүүстэй илүү харьцах зэрэг нь их таалагддаг байсан. Бас бартендерүүд их дэгжин харагддаг байв. Энэ бүхэн бартендер болоход их нөлөөлсөн. Үүнээс гадна сурч байгаа мэргэжилтэй маань их ойрхон байсан л даа. Удалгүй өөр газар бартендер хийж байгаад Зул гэдэг бармен ахын DVD-г үзэж, номыг нь уншаад эргэлт буцалтгүй бартендер болохоор шийдсэн. Энэ мэргэжил намайг амьдралд хэр их тууштай, мэрийлттэй байж чадахыг харуулсан. Одоо бодоход өөрийнхөө зүрх сэтгэл, дуртай зүйлээ дагасан нь зөв болжээ гэж боддог. Энэ мэргэжлийн нэг сайхан зүйл нь ядрахыг, зогсохыг, зүгээр суухыг мэдрүүлээгүй намайг хөтөлсөн. Нэг л мэдэхэд 10 жил өнгөрсөн байна.

Сонгодог 10 коктейль хэрхэн хийх вэ: Bharmoney-гийн үүсгэн байгуулагчдын нэг Авараа харуулж байна (фото 12)

Харин Bharmoney-г үүсгэн байгуулах болсон шалтгаан нь COVID-19-тэй холбоотой. 2020 он дөнгөж гараад хөл хорио тогтоогдоод байсан үе. Тухайн үед Tee (Тэмүлүн) ажил дээр санаандгүй байдлаар ирээд бид private арга хэмжээнүүд хийе гэсэн санаа гаргаад нэрээ шууд л тэр өдөртөө өгч, анхны арга хэмжээгээ Banker's Club-д хийж байсан. Хүмүүс Bharmoney гэх нэрийг ямар утгатай болохыг их асуудаг. "Bar" гэж үг эхэнд нь гараад дараа нь хэцүү цаг үед эвтэй дөрвөн бартендер байсан болохоор "Harmony" гээд нэр оруулсан. Тэгээд "Bharmony" гэж нэрээ өгчхөөд дизайн хийлгэчхээд дараа нь дизайнаа хартал Bharmoney гээд хийсэн байсан тул гайхаад чатаа хартал би явуулахдаа "E" г нэмээд бичсэн байж таарсан. Манай хэд хараад "Money" гэдэг үг угаасаа хүчтэй болгож байна энэ нь гоё юм биш үү гээд л нэрээ өгсөн дөө. Ерөнхийдөө бид бартендерүүдийн гараас гоё, гоё коктейль уухын зэрэгцээ цагийг зөв боловсон өнгөрүүлж болно гэсэн мессежийг хүргэхийг хичээсэн. Мөн залуусын сонирхлыг татахын тулд зураг авалт хийж, үйл ажиллагаа, хийж буй коктейль зэрэг бүхий л зүйлсдээ анхаарсаар ирсэн. Ер нь зүгээр л уугаад байх уйтгартай шүү дээ" гэж Авараа анх бартендер болсон түүх, Bharmoney-г үүсгэн байгуулах болсон шалтгаанаа хуваалцлаа.

цааш үзэх