Хайх

Бид эхэлсэн зүйлээ яагаад дуусгалгүй орхидог вэ? Мөн үүнтэй хэрхэн тэмцэх вэ?

Бид эхэлсэн зүйлээ яагаад дуусгалгүй орхидог вэ? Мөн үүнтэй хэрхэн тэмцэх вэ?

Таван үнэтэй зөвлөгөө

Text: Buro.Mongolia


Зураг:

Ном бичих, өглөө эрт босох, бизнес эхлүүлэх гэх зэрэг шинэ зүйлсийг бид урам зоригтойгоор хэрэгжүүлж эхэлдэг ч тодорхой хугацаа өнгөрөхөд залхуурч, юу ч хийхээ больсон байдаг. Колумбын бизнесийн их сургуулийн профессор Шина Иенгарын хэлснээр сэтгэл зүйн хувьд ийм төрлийн зан байдал нь хэвийн үзэгдэл гэнэ. Тэрээр энэ талаар нэгэн сонирхолтой туршилт хийжээ. Тодруулбал профессор Иенгар 800,000 ажилтанд тэтгэврийн хуримтлал үүсгэхийг санал болгосон байна. Гэхдээ тэрээр тэдэнд маш олон төрлийн хуримтлалын төрлүүдийг санал болгожээ. Туршилтын үр дүнд хүмүүст олон төрлийн боломжуудыг санал болгох тусам тэд улам бүр бага үйлдэл хийхийг хүсэж байсан аж. 

Энэ зарчим өдөр тутмын төлөвлөгөөнд ч хамааралтай. Жишээ нь бид өмнөө олон зорилт тавих тусмаа алийг нь ч биелүүлэхгүй байх өндөр магадлалтай. Тэгвэл энэхүү сэтгэл зүйн саадыг хэрхэн даван туулахыг Quartz зөвлөж байна.

Завсрын хугацаа товлох

Паркинсоны хуулиар хүмүүс аливаа үүрэг даалгаврыг гүйцэтгэхдээ олгогдсон цаг хугацааг нь бүрэн хэмжээгээр ашигладаг болох нь батлагдсан. Жишээ нь гурван цагт дуусгаж болох даалгаварт долоо хоногийн хугацаа өгвөл хүмүүс тэрхүү даалгаврыг долоо хоногийн дараа л гүйцэтгэж дуусгана гэсэн үг юм. Энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн шилдэг арга нь том үүрэг даалгавраа жижиг хэсгүүдэд хувааж, тус бүрт нь тодорхой хугацаа товлох хэрэгтэй.

80/20 дүрмийг хэрэгжүүлэх

Энэхүү дүрэмд таны хийсэн үйлдлийн 20% нь 80%-ын үр дүн өгнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл таны үйлдлийн ихэнх хэсэг нь үр дүн багатай эсвэл огт хэрэгцээгүй зүйл гэсэн үг юм. Тухайлбал та дасгал хийж, жингээ хасах хүсэлтэй бөгөөд үүний тулд та эрчимтэй гүйлтээр хичээллэж, сунгалтын дасгал хийдэг гэж төсөөлөөд үзье л дээ. Тэгвэл гүйлтээр хичээллэх нь (20%) сунгалт гэх зэрэг бусад төрлийн дасгалуудаас жин хасалтад илүү (80%) нөлөөлнө. Тиймээс өөрийгөө сонсож, туршилт хийж, зөвхөн шаардлагатай зүйлсдээ л цаг заваа зарцуулж, анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.

Зөн совиндоо итгэх

Бид ямар нэг санаагаа хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө бүтэлгүйтэхээс айж ер нь л тээнэгэлзэж, эргэлздэг. Олон цагийг судалгаанд зарцуулж, хөдөлж эхлэхээсээ өмнө бүхнийг төлөвлөж сууснаар бид эцэст нь юу ч хийлгүй өнгөрдөг. Тиймээс ингэж цаг алдахын оронд шууд л гол ажилдаа орох нь заримдаа илүү амжилт авчирдаг. Хэрэв та бүтэлгүйтвэл арвин туршлагатай болно. Энэ нь эргэлзэж сууснаас харьцангуй үнэ цэнэтэй шүү дээ.

Эхэлсэн зүйлээ дуусгах зуршилтай болох

Нэгэнт эхэлсэн зүйлээ дуусгаж сурах нь бас нэгэн төрлийн зуршил юм. Энэ зуршлыг эзэмшихийн тулд мэдэж танаас цаг хугацаа болон хүчин чармайлт шаардагдана. Та жижиг зүйлсээс эхлэн аажмаар томоохон даалгавруудыг дуусгаж өөртөө дадал зуршил суулгаарай.

Хаяж сурах

Хамгийн амжилттай, бүтээмжтэй хүмүүс үүрэг даалгаврыг бүрэн биелүүлээд зогсохгүй үр өгөөжгүй төслүүдийг замаас нь хаяж чаддаг. Гол нь тэд юуг, хэзээ орхих хэрэгтэй вэ гэдгийг маш сайн мэддэг юм. Амжилт олохгүй санаанд төвлөрөхийн оронд бодитоор үр ашиг өгөх төсөлд цаг зав, хүч хөдөлмөрөө шингээх нь зүйтэй. Жишээ нь таны төслийн үйл явц ирээдүйд өгөх үр ашгаасаа илүү зардалтай болсон бол энэ санаагаа орхих цаг нэгэнт иржээ.

цааш үзэх