Хайх

Creative Bamboo: Хүүхэдтэйгээ цагийг хэрхэн чанартай, бүтээлч өнгөрөөх вэ?

Creative Bamboo: Хүүхэдтэйгээ цагийг хэрхэн чанартай, бүтээлч өнгөрөөх вэ?

Бүтээлч Бамбүү төвийн урилгаар Данийн вант улсын "Батида" театр Монголд анх удаа тоглох гэж байна

Text: Buro.Mongolia


Хүүхэд бүр өөрийн гэсэн уран сэтгэмж, онцгой мэдрэмж, давтагдашгүй ертөнцтэй. Бидний амьдралын утга учир болсон өхөөрдөм бяцхан үрс маань байгалиас заяасан төрмөл сониуч зан, бүтээлч сэтгэлгээтэй байдаг. Харин эцэг эхийн хувьд хүүхэд бүрт заяагдсан тэрхүү бүтээлч сэтгэлгээ, авьяас чадварыг нь дэмжин хөгжүүлэх учиртай. Харамсалтай нь бага насны хүүхдүүд болон гэр бүлүүдэд цагаа бүтээлч, чанартай, үр бүтээлтэй өнгөрөөхөд тусгайлан зориулсан орон зай Улаанбаатар хотод төдийлөн олон байдаггүй. Тэгвэл бидэнд хамгийн ихээр дутагдаж буй тэрхүү орон зайг нөхөхөөр 2017 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй Creative Bamboo буюу Бүтээлч Бамбүү нэртэй нэгэн сонирхолтой төвийг бид энэ удаад онцлохыг хүслээ.

Creative Bamboo: Хүүхэдтэйгээ цагийг хэрхэн чанартай, бүтээлч өнгөрөөх вэ? (фото 1)

Creative Bamboo төв нь 0-12 насны хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, аз жаргалтай, давтагдашгүй нэгэн байхад нь туслах зорилготой бүтээлч төв юм. Хүүхдүүд Creative Bamboo-д хүрэлцэн ирснээр ямар нэгэн жанраар хязгаарлагддаггүй орчин үеийн, хүүхдийн оролцоот жүжиг туурвидаг "Бамбүү хүүхдийн театр", шим тэжээлтэй шинэхэн орц найрлагаар өөрсдийн гараар эрүүл, амттай хоол бэлтгэх "Бяцхан тогоочид" дугуйлан, гар доорх эсвэл сонин содон эд материалыг ашиглан бүтээл туурвих "Бяцхан уран бүтээлчид" дугуйлан, ирээдүйн суут ухаантнуудад зориулан программчлал, шинжлэх ухааны туршилтыг заах "Бяцхан зохион бүтээгчид" дугуйлан өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлж, өөртөө итгэлтэй, бусдад өөрийгөө ойлгуулах чадвар болон хэл яриа нь хөгжих "Бяцхан жүжигчид" дугуйлан, уур бухимдлаа багаасаа зөв аргаар тайлж сурах, биеийн хөдөлгөөний уян чанарыг сайжруулах, сонирхолтой үлгэр ярингаа хийдэг "Бяцхан иогчид" дугуйлан болон бусад олон төрлийн сургалт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой. Яагаад дандаа "бяцхан" гэдэг тодотголтой байгаа вэ гэвэл дугуйлангууд нь 2 наснаас эхэлдэг бөгөөд хүүхэд 5 нас хүртлээ бүх зүйлийг маш хурдан сурч мөн хувь хүн нь бүрэлдэн бий болдог тул энэ нас хүртэл нь амьдралыг нь баялаг, шинэ зүйлсийг үргэлж туршуулж, оролдуулах хэрэгтэй гэсэн үзэл санаан дээр суурилдаг байна.

Бамбүү театр нь 2018 онд ASSITEJ (French: Association Internationale du Théâtre de l'Enfance et la Jeunesse) буюу Хүүхдийн театрын уран бүтээл туурвидаг хувь хүн, театруудын олон улсын холбоонд гишүүнээр элсэж олон улсын хүүхдийн зөөврийн театр болох зорилготой шаргуу ажиллаж байгаа юм. Мөн "baby theatre" буюу хамгийн бага үзэгчдэд зориулсан театрын урсгалыг Монголдоо бий болгохоор зорьж байгаа нь шинэлэг байлаа.

Харин одоо Бамбүү театр нь 2019 оны аравдугаар сарын 26-нд Данийн вант улсын гэр бүлийн театр болох "Батида"-г урин бяцхан үзэгчид болон тэдний эцэг эхчүүдэд зориулан "The Smallest Story" (1,5-4 нас), "Spaghetti" (3-8 нас), "Solo for two" (5+ нас) гэсэн гурван гайхалтай жүжгийг толилуулах гэж байна. "Батида" гэр бүлийн театр нь зөвхөн мэргэжлийн хөгжимчдийн багаас бүрддэг бөгөөд бүх жүжиг нь амьд хөгжимтэй тоглогддог онцлогтой.

Мөн Батида театрын хамт олон Монголд байх хугацаандаа зөвхөн үзэгчдэд жүжгүүдээ хүргээд зогсохгүй бага насны хүүхдүүдэд хөгжмийн боловсрол олгох воркшоп ба хөгжмийн ач холбогдлыг театрын уран бүтээлчдэд таниулах зорилготой воркшоп гэсэн хоёр төрлийн хөтөлбөрийг аравдугаар сарын 24 болон 27-нд зохион байгуулах гэж байна.

Creative Bamboo

Хаяг: Choijin Suites
Утас: 77777117, 99290725 
Instagram: @creative_bamboo
Та Facebook хаягаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Та жүжгийн тасалбарыг www.creativebamboo.mn, www.ticket.mn болон дээрх утсаар холбогдон худалдан авах боломжтой.

цааш үзэх