Хайх

\"Долоон ертөнц, Нэг Дэлхий\" баримтат цувралын продюсер Скотт Александр цаг уурын өөрчлөлтийн тухай ярьж байна

"Долоон ертөнц, Нэг Дэлхий" баримтат цувралын продюсер Скотт Александр цаг уурын өөрчлөлтийн тухай ярьж байна

"Seven Worlds, One Planet"

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэвид Аттенборогийн өгүүлсэн "Долоон ертөнц, Нэг Дэлхий" нэртэй BBC-гийн шинэ баримтат цуврал цаг уурын өөрчлөлтөөс үүссэн цочир нөлөөг харуулна

Дэвид Аттенборогийн өгүүлсэн BBC-гийн шинэ баримтат цуврал үзэгчдээ долоон тивээр аялуулж, байгалийн гайхамшгаас гадна эх дэлхийд маань цаг уурын өөрчлөлтөөс үүссэн цочир нөлөөг харуулна. Тухайлбал өмнөд туйлд хүчтэй шуурга ихэссэний улмаас морин цахлайн дэгдээхийнүүд үүрнээсээ хийсэн унаж буйг, мөн Канадад цагаан баавгайнууд далайн мөс багасч байгаа энэ үед хэрхэн орчин тойрондоо зохицон ан хийж, амьдрах шинэ арга барил суралцан аргацааж буйг харуулах юм.

Уг баримтат цувралыг хийхийн тулд нийт 1500 гаруй ажилчид 41 орноор аялж 1794 хоног тасралтгүй ажиллажээ. Харин цувралын продюсер Скотт Александр орчин цагт хэрхэн зэрлэг байгалийн тухай өгүүлэх талаар Сингапурын BURO. сэтгүүлтэй хуваалцсан байна.

BBC нь зэрлэг байгалийн баримтат нэвтрүүлгүүдээрээ нэртэй билээ. Гэхдээ энэхүү алдар нэрийг дагаад үзэгчдийн зүгээс маш өндөр шалгуур, хүлээлт үүссэн байдаг. Та орчин цагт зэрлэг байгалийн талаарх нэвтрүүлгүүдээ хэрхэн үзэгчдийн сонирхлыг татахуйц, шинэлэг байлгаж байна вэ?

Үзэгчид нэг зүйлээ, нэг арга барилаар дахин дахин үзэхийг хүсэхгүй. Тийм учраас бид баримтат цувралд үзэгчдийг татах гол орц болох зүйлүүдийг олохыг их хичээсэн. Жишээ нь бид өмнө хэзээ ч харж байгаагүй үзэсгэлэнт байгальтай шинэ байршлууд, амьтны шинэ төрөл, шинэ ааш араншин олж илрүүлэн үзэгчиддээ харуулахыг зорьдог билээ. Жишээ нь бид Австрали улсын зэрлэг ноход имж агнахдаа урьд өмнө хэзээ ч харагдаж байгаагүй шинэ арга барил ашигласныг дурандаа буулгаж, мөн их содон өөртөө татах бүжиг хийдэг шинэ анги төрлийн аалзыг илрүүлсэн байгаа.

Та энэхүү цувралыг бүтээхэд тулгарсан бэрхшээл, хамарсан  цар хүрээг хэрхэн тодорхойлох вэ?

Бид энэ цувралыг бүтээхийн тулд ойролцоогоор дөрвөн жил ажилласан. Бүр тодруулбал бид цувралд орох байршил болон өгүүллэгийг олохын тулд зураг авалт эхлэхээс өмнө нэг жил, зураг авалт хийхэд хоёр жил зарцуулсан юм. Дэлхийн 40 орноор аялж, 90 зураг авалт хийж, зураг авалтын багаас эхлэн шинжлэх ухааны эрдэмтэд гээд мянга гаруй ажилчдыг хамруулж, асар их багийн ажиллагаа орсон 2000 гаруй цагийн бичлэг цуглуулсан билээ.

Зэрлэг байгалийг баримтжуулахад урьдчилан таамаглах боломжгүй олон гэнэтийн зүйл тохиолддог байх. Та кино зураг авалтын явцад гарсан хөгжилтэй тохиолдлуудаасаа сонирхуулаач?

Амьтад мэдээж зохиол уншина гэж үгүй. Тэд хийх байх гэж бодсон үйлдлүүдээс тэс ондоо зүйл хийх нь элбэг, тэр нь маш том сорил болсон. Мэдээж зураг авалтыг эхлүүлэхдээ тодорхой санаа, төлөвлөгөөтэй байдаг ч жишээ нь цаг уурын шалтгаанаар төлөвлөгөө нурах тохиолдол их. Сая бид өмнөд туйлд заасан байршилдаа очих гэж долоогоос ч их хоног зарцуулж, хамгийн хүнд хэцүү нөхцөлд далайгаар аялах шаардлагатай болсон. Харин очих үед өмнөд туйл бидний өмнө нь очиж байсан тивүүдээс хамгийн хүйтэн, мөсөн шуургатай, хүнд орчин байлаа.

"Долоон ертөнц, Нэг Дэлхий" баримтат цувралын продюсер Скотт Александр цаг уурын өөрчлөлтийн тухай ярьж байна (фото 1)

Яг одоо цаг уурын өөрчлөлт гэдэг маш том, тулгамдсан асуудал болоод байна. Зураг авалтын явцад ажилчдын анзаарснаар амьтдын нүүдлийн зам болон зан араншинд өөрчлөлт орсон байна уу?

Бидэнд цаг уурын өөрчлөлтийн үр дагаврыг харуулсан хэд хэдэн зураглал бий. Өмнөд туйлд хүчтэй шуурга ихэссэний улмаас морин цахлайн дэгдээхийнүүд үүрнээсээ хийсэн унаж, буцаж үүрээ олоод ирэхэд эцэг эх нь тэднийг танихгүй болсны улмаас морин цахлайн тоо цөөрөхөд нөлөөлж байна. Бас нэг жишээ нь Канадын цагаан баавгай юм. Цагаан баавгай далайн мөснөөс их хамааралтай амьтан байтал дэлхийн дулаарлаас болж далайн мөс жил болгон хоцорч ирж байна. Энэ нь цагаан баавгай устахад хүргэх аюултай том асуудал боловч бидний олж харснаар Канадын цагаан баавгайнууд орчиндоо дасан зохицож энэхүү хатуужил шаардсан хүнд үеийг даван туулахад шаардлагатай ан хийх шинэ арга барилд суралцсан байсан.

Энэхүү баримтат цувралаас бидний олж харах хэрэгтэй гол санаанууд нь юу вэ?

Хамгийн гол нь бид өөрсдийн амьдарч буй гайхамшгаар дүүрэн эх дэлхийтэйгээ танилцах хэрэгтэй. Канадын усны ялаанаас эхлэн өмнөд туйлын цагаан баавгай хүртэл энэ дэлхий дээр маш баялаг, олон төрлийн амьдрал бий. Бид тэдгээр амьтдыг хайрлаж хамгаалах үүрэгтэй. Бид хуванцрын хэрэглээгээ багасгаж амьдралынхаа хором бүрд ухамсартай сонголт гаргаж хариуцлагатай байх ёстой. Бид хүнд цаг үетэй нүүр туулж байна.

BBC-д очиж үзээгүй, судлаагүй газар гэж үлдсэн болов уу?

Мэдээж хэрэг. Бидэнд үргэлж л очиж үзээгүй газар, урьд өмнө нь олж хараагүй зүйлс байдаг. Тиймээс бид ажилласаар байх болно.

"Seven Worlds, One Planet" буюу "Долоон ертөнц, Нэг Гариг" баримтат цуврал нь арваннэгдүгээр сарын 4-ний 21:00 цагт BBC Earth сувгаар цацагдаж эхэлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

цааш үзэх