Хайх

Instagram тураах бүтээгдэхүүн болон косметик ажилбарын сурталчилгааг хязгаарлана

Instagram тураах бүтээгдэхүүн болон косметик ажилбарын сурталчилгааг хязгаарлана

Шинэ журам Кардашьяны гэр бүлд ч хамааралтай

Text: Buro.Mongolia


Зураг:

Instagram олон нийтийн сүлжээ тураах бүтээгдэхүүн болон зарим төрлийн косметик ажилбарын сурталчилгааг хязгаарлах шинэ бодлого хэрэгжүүлж эхэлж байгааг тус компанийн төлөөлөгч Эмма Коллинс мэдэгдлээ. Шинэ журам хамгийн түрүүнд 18-аас доош насны хэрэглэгчдэд хамааралтай гэдгийг тэрээр онцолсон байна.

Мөн тэд "гайхамшигтай үр дүн" амласан жин хасах бүтээгдэхүүн, зарим тураах дэглэмийн сурталчилгааг бүр мөсөн Instagram-аас устгахаа мэдэгдсэн бөгөөд үүнд мөн эдгээр бүтээгдэхүүнүүдтэй холбоотой хямдралын код гэх зэрэг зар сурталчилгааны чанартай урамшууллууд агуулсан постууд багтжээ.

Энэхүү шинэ бодлого нь хүн бүрт эрүүл, эерэг орчин бүрдүүлж, олон нийтийн сүлжээний зүгээс хүмүүст ирдэг сэтгэл зүйн дарамтыг багасгах зорилгоор хэрэгжиж байгаа гэдгийг Коллинс онцолсон юм. Instagram энэхүү шинэ дүрмийг зөрчсөн постыг олж харсан даруйдаа олон нийтийн сүлжээнд мэдэгдэхийг хэрэглэгчдээс хүссэн байна.

Сүүлийн жилүүдэд маш олон инфлюэнсерүүд болон алдартнууд Instagram-ыг сурталчилгааны тавцан болгон ашиглах нь ихэссээр байгаа. Ялангуяа Ким ба Клоуи Кардашьян, Кайли Женнер нар өөрсдийн Instagram хуудаст тураах цай, хоолны дуршил бууруулдаг модон чихэр, детокс хөтөлбөр, корсет зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд тогтмол сурталчилдаг бөгөөд тэд үүнийхээ төлөө олон нийтийн зүгээс маш их шүүмжлэлд өртөж байсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх