Хайх

Лааг хэрхэн зөв асаах вэ?

Лааг хэрхэн зөв асаах вэ?

Хоёр цагийн дүрмийг бүү мартаарай

Text: Buro.Mongolia


Зураг:

Хюгге амьдралын хэв маяг дэлхий нийтэд дэлгэрсэнтэй холбогдуулан тав тухтай уур амьсгал бүрдүүлдэг гэр ахуйн аксесуаруудын шинэ давлагаа эхэлсэн гэж хэлж болно. Лаа, үнэртэн болон арьс арчилгааны тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Францын Dyptique компанийн төлөөлөгч лааны гайхалтай үнэрийг илүү удаан хугацаанд таашаахын тулд юу хийх ёстойг хуваалцлаа.

Юуны өмнө шинэ лаа асааж байгаа бол дөлийг нь дор хаяж хоёр цагийн турш унтраахгүй байх хэрэгтэй гэдгийг мэргэжилтэн зөвлөж байна. Ингэснээр дээд талын давхаргын лав бүрэн хайлж, цаашид лаа жигд асах боломжийг олгоно.

Лааны гол урт байх тусмаа хурдан шатаж дуусдаг. Тиймээс лааг унтраасны дараа голыг нь хэдхэн миллиметрийн урттай байхаар тайрах хэрэгтэй. Энэ нь лааг илүү удаан хугацаанд хэрэглэх боломжийг бүрдүүлээд зогсохгүй утаа гарахаас болон лааны шил хэт халахаас сэргийлнэ. Мөн лаагаа унтраах бүртээ голыг нь дахин голлуулж байршуулснаар лааны шил харлахаас хамгаална.

Үүнээс гадна лааны тансаг үнэрийг илүү удаан хугацаанд таашаах бас нэг арга бол лаагаа нэвт салхитай газар тавихгүй байх юм. Хэрэв та лаагаа тогтмол асаадаггүй бол таглаж хадгалж заншаарай. Харин лааны гадаргууг тоос дарсан байвал асаахаасаа өмнө чийгтэй даавуугаар арчиж цэвэрлэх хэрэгтэй гэдгийг мэргэжилтэн онцоллоо.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх