Хайх

Мумбай хотын \"шийтгэлтэй\" гэрлэн дохио: Жолооч нар сигналдах тусам улаан гэрэл ассаар байна

Мумбай хотын "шийтгэлтэй" гэрлэн дохио: Жолооч нар сигналдах тусам улаан гэрэл ассаар байна

Сайхан санаа байгаа биз?

Text: Бюро 24/7


Мумбай хотын замын цагдаагийн газар замын хөдөлгөөнд оролцохдоо үргэлж чанга сигналддаг, тэвчээргүй жолооч нарыг "хүмүүжүүлэх" нэгэн сонирхолтой арга зам олжээ. Тодруулбал хотын хэд, хэдэн байршил дахь гэрлэн дохионд автомашины дуут дохионы чимээг хэмждэг төхөөрөмж байршуулжээ. Хэрэв дуут дохионы чимээ 85 децибелээс хэтэрвэл шууд улаан гэрэл асах болно. Өөрөөр хэлбэл одоо жолооч нар чанга сигналдах тусам ногоон гэрэл асахыг удаан хүлээх юм.

Энэхүү "шийтгэлтэй" гэрлэн дохиог 2019 оны арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд анх удаа туршиж үзсэн бөгөөд ирээдүйд уг төхөөрөмжийг хот даяар суурилуулахаар төлөвлөжээ. Мөн Бангалор хотын замын цагдаагийн алба ч гэсэн тэднээс туршлага судалж, энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.

Мумбай хотын замын цагдаагийн комиссар Мадукар Пандейгийн үзэж буйгаар энэхүү систем нь жолооч нарын сахилга батыг сайжруулж, замын хөдөлгөөнд илүү соёлтой оролцоход туслах гэнэ. "Хүмүүс улаан гэрэл асаж байсан ч хамаагүй сигналдсаар байдаг. Магадгүй тэд ингэснээр ногоон гэрэл илүү хурдан асна гэж боддог юм болов уу?" гэж Мумбай хотын замын цагдаагийн газрын албан ёсны Twitter хуудсанд нийтлэгдсэн видеонд дурдагджээ.

Мумбай хот нь замын ачааллын индексээрээ (2019) Бангалор, Манила, Богота хотуудын дараа жагсдаг байна. Тус хотын жолооч нар жилд 8 өдөр, 17 цагийг замын түгжрэлд зогсон өнгөрүүлдэг гэнэ.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх