Хайх

Амьдрал сонголт дээр тогтдог: Та сонгуульдаа идэвхитэй оролцоорой

Амьдрал сонголт дээр тогтдог: Та сонгуульдаа идэвхитэй оролцоорой

Үл тоомсорлох нь уйтгартай

Text: Г.Тэмүүлэн


Өнөөдөр УИХ болон НИТХ-ын гишүүдийг бид сонгож, хамгийн зөв гэж үзсэн хүмүүсдээ ирэх дөрвөн жил бидний өмнөөс улс орныг удирдах эрхийг өгөх болно. Үүнтэй холбогдуулан бид бусад орны сонгуулийн идэвхийн талаар сонирхолтой баримтуудыг дэлгэж байна

Монголчууд анх 1945 оны аравдугаар сарын 20-нд Тусгаар тогтнолын төлөөх санал асуулгад оролцож байжээ. Хэрэв тэр үеийн залуучууд санал хураалтад оролцохоос цааргалж, хойш суусан бол бид магадгүй өөр улсын иргэн гэгдэх байсан биз. Гэвч тэд харин ч хамгийн өнгөтэй хувцасаа өмсөж, хамгийн жороо морио унаж очин сонгуульдаа 100 хувийн идэвхтэй оролцож байсан юм.

Сонгуульд идэвхитэй оролцох нь иргэн бүр тусгаар тогтнолоо хамгаалах үүргээ биелүүлж байгаа хэрэг бөгөөд ингэснээр бид өөрийн улсдаа эзэн гэдгээ батлаж байгаа юм. Монгол улсын нийт хүн амын 34,9 %-ыг залуучууд (15-34) бүрдүүлдэг. Манай Бюро 24/7-гийн нийт уншигчдын 63% нь мөн 15-34 насны залуус байдаг тул бид энэхүү "сонгуульдаа идэвхтэй оролцох" уриалгыг гаргаж байгаа юм.

Энэ жилийн УИХ-ын сонгуульд нийт 498 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Өнгөрсөн 2012 оны Парламентын сонгуульд нийт ард түмний 65,24% нь оролцсон идэвхтэй байжээ. Хамгийн сүүлд 2014 онд гаргасан судалгаагаар дэлхийн улс орнуудаас Австрали улсад 2013 онд явагдсан парламентын сонгуульд маш өндөр буюу 93%-ийн идэвхтэй байсан байна. Мөн Европын орнуудаас Белги улс парламентын сонгуулийн идэвхээрээ 2014 онд дээгүүр байр эзэлжээ (89%). Гэхдээ Белги улсад сонгуульд зайлшгүй санал өгөх систем үйлчилдэг гэдгийг дурдах хэрэгтэй.

Дэлхийн улс орнууд сонгуулийн идэвхи, оролцоог нэмэгдүүлэхийн тулд янз бүрийн аян өрнүүлж байсан түүхтэй. Тухайлбал, Америкийн рэппер P.Diddy 2006 онд "Citizen Change" нэртэй хөдөлгөөн үүсгэн байгуулж, "Vote or Die" нэртэй аян өрнүүлэн залуусыг сонгуульд идэвхитэй оролцохыг уриалж байлаа.

Амьдрал сонголт дээр тогтдог: Та сонгуульдаа идэвхитэй оролцоорой (фото 1)

Мөн АНУ-д "Rock the Vote" нэртэй ашгийн бус байгууллага залуучуудын улс төрийн оролцоо болон хүчийг нэмэгдүүлэх зорилгоор 1990 онд байгуулагдсан. Энэхүү байгууллагын үйл ажиллагаанд дуучин Кристина Агилера, Мадонна, Леонардо ДиКаприо, Майли Сайрус зэрэг алдартнууд идэвхитэй оролцож, залуусыг уриалж байсан байна. Тэд 2014 оны сонгуульд зориулж Lil Jon, Вупи Голдберг, Лена Данэм нартай хамтарч "Turnout for What" нэртэй элэглэлт видео гаргаж байжээ.

Харин 2004 онд Канадын нам бус "Apathy is Boring" нэртэй ашгийн бус байгууллага бий болжээ. Энэхүү байгууллагын нэрийг орчуулбал, "Үл тоомсорлох нь уйтгартай" гэх утгатай. Тус байгууллага нь залуучуудын нийгэм ба улс төрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Тэднийг канадын нэртэй уран бүтээлчид болох K'naan, Жейсон Коллет зэрэг хүмүүс дэмжин ажилладаг байна. 

Мөн өнгөрсөн жилийн Их Британий парламентын сонгуулийн үеэр "Use Your Voice" нэртэй аян зохион байгуулагдсан бөгөөд уг аян нь өөрийн дуу хоолойг хүргэх нь хэр чухал вэ гэдгийг залуучуудад ойлгуулах зорилготой байжээ. Тус аяны хүрээнд Пикси Лотт, Жейк Куикенден зэрэг одууд гурав хоногийн турш олон нийтийн сүлжээнд ямар нэг үйлдэл хийгээгүй бөгөөд харин тэдний хуудсуудад #silencechallange нэртэй hashtag л харагдаж байсан билээ.

За ингээд сайхан ирээдүйн төлөө сонгуульдаа оролцож, ирээдүйдээ эзэн болцгооё. 

цааш үзэх