Хайх

Z үеийнхний үнэт зүйлсийг ямар өнгөөр илтгэдэг вэ?

Z үеийнхний үнэт зүйлсийг ямар өнгөөр илтгэдэг вэ?

Text: Buro.Mongolia


Бүмер, Миллениал, Зумер зэрэг мянганыхан цаг үе, нийгэм болон сэтгэлгээний өөрчлөлтөөс улбаалан өөрсдийн гэсэн үнэт зүйлсээ бүрдүүлж байдаг. Тухайлбал, Дэлхийн хоёрдугаар дайны дараах, дийлэнхдээ социалист нийгэмд өсөж торнисон Бүмерүүдийн хувьд багийн эв нэгдэл, олон нийтийн эрх ашиг, төр засаг хамгаас чухалд тооцогддог байжээ. Харин Миллениалууд дээд үеийнхнээсээ тэс өөр үзэл сонирхолтой бөгөөд үүнд хүйсийн эрх тэгш байдал, ЛГБТК+ нийгэмлэгийн бүрэн эрх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтыг зогсоох зэрэг асуудлууд орно. Эдгээрийг millenial pink буюу ягаан өнгөөр илэрхийлдэг байна. Ягаан өнгийг зөвхөн жаахан охидын хувцасны шүүгээгээр төсөөлөхөө больж нийгмийн чухал асуудлуудыг хөндөн дуу хоолойгоо хүргэхдээ бэлгэ тэмдэг болгон ашиглаад багагүй хугацааг өнгөрүүлж байгаа билээ. Тухайлбал, хөхний хорд хавдрын талаарх мэдээллийг түгээн урьдчилан сэргийлэх зориулалттай хөдөлгөөнд болон "Pussyhat Project" буюу үр хөндөлтийн эрхийн төлөөх жагсаалд гагцхүү ягаан өнгө бэлгэ тэмдэг нь болж байсан юм.

Харин Z үеийнхний тэргүүнд тавих үнэт зүйлсийн жагсаалт Миллениалуудынхаас өөр болжээ. Зүмерүүдэд юун түрүүнд байгаль дэлхийн тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчны цэвэр, онгон дагшин байдал чухал байна. Тэд бусад үеийнхэнтэйгээ харьцуулахад 10% илүү байгальд ээлтэй брэндээс худалдан авалт хийх хандлагатай бөгөөд "ногоон" гэх тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнүүд Зүмерүүдийн анхаарлыг татдаг нь батлагджээ. Үүнээс шалтгаалан шинэ мянганыхныг ногоон өнгөтэй зүйрлэж, тэдний үзэл бодлыг ногооноор илтгэж байна. Түүнчлэн энэхүү өнгө нь Миллениал ягаантай харьцуулахад "хүйсгүй" бөгөөд ганцхан эмэгтэйчүүд эсвэл эрчүүдийг бус хувь хүнийг илтгэж байгаагаараа онцлог юм. Яаг л энэхүү үзэлд алдарт дуучин Фаррелл Уильямс хөтлөгдөн ногоон өнгийн савалгаатай гоо сайхны бүтээгдэхүүнийг гаргасан билээ. " 'Humanrace' гоо сайхны брэнд ​хэрэглэгчдээ арьс өнгө, хүйсээр нь хуваахыг хүсээгүй. Бид гагцхүү хүмүүст зориулан бүтээгдэхүүнээ гаргадаг" хэмээн Фаррел ногоон өнгөнд шингээсэн утга санаагаа тайлбарласан юм.

Z үеийнхний үнэт зүйлсийг ямар өнгөөр илтгэдэг вэ? (фото 1)
Z үеийнхний үнэт зүйлсийг ямар өнгөөр илтгэдэг вэ? (фото 2)
Z үеийнхний үнэт зүйлсийг ямар өнгөөр илтгэдэг вэ? (фото 3)
Z үеийнхний үнэт зүйлсийг ямар өнгөөр илтгэдэг вэ? (фото 4)
Z үеийнхний үнэт зүйлсийг ямар өнгөөр илтгэдэг вэ? (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх