Хайх

\"Z\" үеийнхний шинэ инфлюэнсер Грета Тунберг

"Z" үеийнхний шинэ инфлюэнсер Грета Тунберг

Хүүхдүүд ирээдүйдээ санаа зовж байна

Text: Buro.Mongolia


Өнгөрсөн оны наймдугаар сард Стокхольм дахь парламентын ордны гадаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг эрх баригчдаас шаардан, гартаа самбар барин ганцаараа зогсох өсвөр насны охин дэлхийн нийтийн анхаарлыг татаж эхэлсэн билээ. Тэр хүүхдийг Грета Тунберг гэдэг бөгөөд тухайн үед 15 настай байсан ахлах ангийн сурагч охин дэлхийн уур амьсгалын тухай Парисын гэрээнд заасан шаардлагуудыг биелүүлэхээс нааш баасан гараг бүр хичээлдээ суухгүй гэдгээ мэдэгдэн "хичээл хаялт" зарласан юм. Харин өнөөдөр түүний тэмцэлд дэлхийн өнцөг бүрээс сая, сая хүмүүс нэгдэж, Леонардо Ди Каприогоос эхлээд Сассексын гүнгийн авхай Меган Маркл хүртэл түүнийг дэмжиж байна. Үүгээр ч барахгүй энгийн нэг сурагч охин Нобелийн шагналд нэр дэвшиж, НҮБ-ын чуулганд оролцон, дэлхийн удирдагчдад хандан хатуухан үг хэлж байна. Бид Грета Тунберг гэж хэн болох, яагаад өсвөр насныхан төдийгүй насанд хүрэгчид ч гэсэн түүний хэлэх гэсэн зүйлийг заавал сонсох хэрэгтэй гэдгийг дэлгэж байна.

Грета Тунберг гэж хэн бэ?

Грета 2003 онд Стокхольм хотод арт менежер, жүжигчин, продюсер Сванте Тунберг болон дуурийн дуучин Малена Эрнман нарын гэр бүлд төрж өсжээ. Тэрээр анх экологи болон цаг уурын асуудлын талаар найман настайдаа олж мэдэж байсан гэдгээ i-D сэтгүүлд ярьсан байна. "Багш нар хүлэмжийн хийн нөлөө болон мөсөн уулс хайлж байгаа талаар бидэнд ярьж байсан. Тэд бидэнд хуванцраар дүүрсэн далай, өлсгөлөнд нэрвэгдсэн цагаан баавгай, сүйтгэгдсэн ой модны зургийг харуулсан. Үүний дараа би энэ талаар бодохоо зогсоож чадахгүй байсан. Хэн ч энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй байгаа юм шиг надад санагдсан. Цаг уурын өөрчлөлтийг чухал гэж ярьдаг атлаа хэн ч ямар ч арга хэмжээ авахгүй, юу ч хийхгүй байгааг би ойлгохгүй байна" хэмээн хэлжээ.

Ингээд Грета Тунберг 11 нас хүрэхдээ сэтгэлийн хямралд орж, хоол идэж, хүнтэй харьцахаа больсон байна. "Эмч нар Аспергерын синдром, улигт бодол, албадмал үйлдлийн эмгэг (OCD), тодорхой нөхцөл байдал ярих чадвараа алдах эмгэгтэй (selective mutism) гэж намайг оношилсон" гэж тэрээр амьдралынхаа энэ цаг мөчийн талаар TEDx чуулганы үеэр хуваалцсан юм.

Харин түүний эцэг эх охиноо дэмжин, бүхий л чөлөөт цагаа хүүхдэдээ зориулахыг хичээдэг бөгөөд тэд цагаан хоолтон болж, байгальд хор уршигтай тээврийн хэрэгсэл ашиглахаас татгалзжээ. Нэгэн удаа түүний ээж Малена Эрнман аялан тоглолтоор Япон руу нисжээ. Харин түүнийг эргэн ирэхэд Грета түүнд энэ нислэгийг үйлдэхэд хэдэн тонн нүүрстөрөгчийн хий зарцуулагдсаныг хэлсэн бөгөөд үүний дараа Гретагийн эцэг эх амьдралын хэв маягаа эрс өөрчлөхөөр шийдсэн гэдэг.

"Z" үеийнхний шинэ инфлюэнсер Грета Тунберг (фото 1)

Тэр юунд хүрсэн бэ?

Грета Тунбергийн хэлснээр "хичээл хаялт" хийх санаа АНУ-д болсон Паркленд дахь халдлагын дараа төржээ. Тухайн үед олон зуун сурагчид галт зэвсэг эзэмших хуулийг чангатгахыг АНУ-ын засгийн газраас шаардан "March for Our Lives" нэртэй жагсаал зохион байгуулсан юм. Тэрээр энэ үйл явдлаас санаа аван тэмцлээ эхлүүлсэн бөгөөд улмаар түүний "Fridays for Future" санаачилгыг дэлхийн 105 улсын сая, сая хүн дэмжин, байгаль орчны төлөөх хөдөлгөөнд нэгдсэн байна. Мөн сүүлийн хэдэн сард Грета Тунберг Давос дахь Эдийн засгийн форумд оролцож, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон Европын парламентын төлөөлөгчидтэй уулзаж дэлхийн цаг уурын асуудлаар илтгэл танилцуулаад амжжээ. Ингээд ч зогсохгүй тэр Time сэтгүүлийн 2019 оны хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад багтаж, Их Британийн i-D сэтгүүл түүнийг "шинэ үеийн дуу хоолойгоор" нэрлэж, Vogue сэтгүүлийн есдүгээр сарын дугаарт оролцсон 15 гол баатрын нэгээр шалгарчээ. Энэ бүх хичээл зүтгэлийнхээ ачаар Грета хүний эрхийн төлөө тэмцдэг Amnesty International олон улсын байгууллагын дээд шагналыг хүртэж, Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшиж байна.

Өнгөрсөн наймдугаар сард Грета Тунберг НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохын тулд нүүрс төрөгч огт ялгаруулдаггүй дарвуулт завиар Атлантын далайг гатлан Нью-Йорк хотод хүрэлцэн ирсэн юм. Харин өчигдөр тэрээр энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн удирдагчдад хандан хүчирхэг илтгэл танилцуулж дэлхий нийтийг "сэрээлээ". Грета Тунберг "Би энд байх ёсгүй. Уг нь би далайн нөгөө талд сургуульдаа суралцаж байх ёстой. Гэтэл та нар хий хоосон үгээрээ миний хүүхэд нас, хүсэл мөрөөдлийг маань булаасан. Та нар яаж чадаж байна аа! Харин ч би азтай. Хүмүүс зовж шаналан, үхэж, бүхэл бүтэн экосистем нуран унаж байна. Дэлхий нийт мөхлийн ирмэг дээр байхад та нар зөвхөн хөрөнгө мөнгө, эдийн засгийн өсөлтийн талаар л ярьж байна. Та нар яаж чадаж байна аа?!" хэмээн уурсжээ.

"Z" үеийнхний шинэ инфлюэнсер Грета Тунберг (фото 2)

Бид яагаад Грета Тунбергийг сонсох хэрэгтэй вэ?

Ном ёсоор бол насанд хүрэгчид хүүхдүүдийг сурган хүмүүжүүлж, үйлдлээрээ үлгэрлэдэг байх ёстой. Гэтэл өчигдөр НҮБ-ын дээд хэмжээний уулзалт дээр энэ байдал эсрэгээрээ эргэж болохыг Грета Тунберг өөрийн биеэр харууллаа. Түүний илтгэл хүмүүст ямар ч сэтгэгдэл төрүүлсэн байсан тэр зорьсондоо хүрч дэлхий нийтийн анхаарлыг байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийн асуудалд хандуулж чадсан. Хэрэв бид яг одоо л цаг уурын асуудлыг нухацтайгаар авч хэлэлцэн, дорвитой арга хэмжээ авахгүй бол бидний хойч үед ирээдүй байхгүй болно. Дэлхийн экосистемийг хадгалж үлдэх нь бидний хамгийн чухал зорилго байх ёстой. Учир нь экосистемгүйгээр дэлхий, хүн төрөлхтөн оршин тогтнох боломжгүй. Хэрэв бид байгаль орчноо хайрлаж, хамгаалж, хадгалж үлдэж чадахгүй бол хүүхэд төрүүлж, хийсэн алдааныхаа уршгийг тэдэнд үүрүүлж үлдээн өөрсдөө энэ дэлхийг орхин одох нь хувиа хичээсэн, аминчхан үйлдэл болох бус уу?

"Z" үеийнхний шинэ инфлюэнсер Грета Тунберг (фото 3)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх