Хайх

Үзэл бодол, итгэл үнэмшлээ бүтээлүүдээрээ илэрхийлж буй Өмнөд Азийн гэрэл зурагчидтай танилцъя

Үзэл бодол, итгэл үнэмшлээ бүтээлүүдээрээ илэрхийлж буй Өмнөд Азийн гэрэл зурагчидтай танилцъя

Text: Buro.Mongolia


Ву Мин Хён

Өмнөд Солонгосын зурагчин Ву Мин Хён нь гэрэл зургийн салбарт 20-иод насандаа хөл тавьсан билээ. Тэрээр Gucci загварын ордон болон Vogue сэтгүүлийн төслүүд дээр ажиллаж байсан чадварлаг мэргэжлийн зурагчин юм. Мин Хёны сүүлд хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг бол 2020 онд Солонгосын Vogue-д зориулан “найдвар” гэсэн сэдэв дор улсынхаа хот, хөдөөгөөр аялан үндэсний хувцсаараа гоёсон ахмадуудыг дурандаа буулгасан нь юм. “Найдвар гэдэг үг ихэвчлэн ирээдүйтэй холбогдож ирээдүйд шинэ хуудас нээгдэхийг илэрхийлдэг. Харин энэ удаагийн ажилдаа бид бол дээд үеийнхээ найдвар гэх утга санааг шингээхийг зорьсон бөгөөд тэдэндээ баярлаж явдгаа илэрхийлж, хүндэтгэл үзүүлэхийг хичээсэн” хэмээн төслийнхөө талаар онцолсон юм.

Алекс Лиз

Алекс Лиз хүний бие махбод, тогтолцоог ихэд сонирхдог. Түүний бүтээлүүд загварын салбарынхнаас гадна антропологийн судлаачдын анхаарлыг татдагаараа онцлог билээ. “Урлаг бол хүмүүсийн ойлголт, нийгэмд тогтсон үзэл санааг өөрчилж чаддаг хамгийн хүчтэй зэвсэг юм. Яг л энэхүү бодлоор цэнэглэгдэн, бүтээлүүдээ гаргадаг” гэж Алекс Лиз Vogue-д өгсөн ярилцлагынхаа үеэр дурдсан юм. Уран бүтээлч хамгийн сүүлд эрэгтэйлэг байдлын талаарх хэвшмэл ойлголтуудыг эвдэх зорилготой “Boys of Hong Kong” төсөл дээр ажилласан билээ.

Жон Лин

Жон Лин нь олон төрлийн соёл, заншил төвлөрсөн Малайз улсад төрж, өссөн нэгэн. Одоогоор Тайванд ажиллаж, амьдардаг тэрээр юмс бүрийг олон талаас нь харж, гүн ойлгохыг хичээдэг билээ. “Зарим хүмүүс миний зурган дээр гарсан эмэгтэйчүүдийг хөдөлгөөнгүй, хүлцэнгүй, яг л хөлдсөн мэт харагдаж байна гэж шүүмжилдэг. Миний бодлоор хүмүүс юу хүссэн түүнийгээ л хардаг байх. Харин би бүтээлүүдээрээ үзэсгэлэн төгөлдөр байдлыг өөр талаас нь харуулахыг зорьдог бөгөөд хүмүүс зургуудаас минь эерэг сэтгэл хөдлөлийг мэдрээсэй гэж хүсдэг” гэж Алекс үзэл бодлынхоо талаар сонирхуулсан юм. Мөн тэрээр хүний нүүр, царайг томруулсан портрет зураг авах их дуртай. Учир нь түүнд хүний нүднээс янз бүрийн сэтгэл хөдлөл мэдрэгддэг нь гайхалтай санагддаг гэнэ.

Ван Вей

Хятад гаралтай, Бээжин хотын уугуул Ванг Вейн бүтээлүүд өнгөлөг, эрч хүчтэй бөгөөд эрх чөлөө, эрх тэгш байдлыг өөртөө шингээсэн билээ. Ван Вей өөрийн “Young Wild & Free” цуврал бүтээлийнхээ талаар “Миний бодлоор юунаас ч айлгүй өөрийнхөөрөө байж, зүрхээ даган урагш алхах нь залуу хүнийг тодорхойлдог гол шинж чанарууд юм. Эдгээр чанаруудаа л илэрхийлэхийг хүссэн” хэмээн тайлбарласан юм. Мөн тэрээр хөл, хөдөлгөөн ихтэй Хятадын гудамжнуудыг харуулсан баримтат зургуудаараа алдартай.

Жи Ёо

Нью Йорк хотод оршин суудаг Солонгос гаралтай мэргэжлийн зурагчин Жи Ёо нь 2013 онд гоо сайхны хатуу стандартад нийцэх гэсэн хүсэлтэй Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн гоо сайхны хагалгаанд орсны дараах үйл явцыг харуулсан портрет зургуудыг гаргаж байсан. “Эмэгтэй хүмүүсийг гаднах төрхөөр нь шүүмжлэх нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байгаа нь миний унтууцлыг төрүүлдэг. Хийж байгаа ажлуудаараа дамжуулан би эмэгтэйчүүдэд мэдээлэл түгээхийг хүсдэг” хэмээн онцолсон юм. Одоо 36 настай уран бүтээлч нь төгс гоо сайхан гэж юу болох талаар өгүүлдэг “Draw On Me”, бүх төрлийн бие үзэсгэлэнтэй гэснийг нотолсон “Somewhere On the Path, I See You” ажлуудаараа эерэг энергийг нийгэмд түгээсээр байгаа билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх