Хайх

#BuroCrush: Хамгийн дур булаам супер баатар Крис Хемсворт

#BuroCrush: Хамгийн дур булаам супер баатар Крис Хемсворт

“Скандинавын бурхан Тор”

Text: Г.Тэмүүлэн


Өнөөдөр бид Скандинавын бурхан Торын дүр төрхийг Крис Хемсвортоор л төсөөлдөг болсон гэхэд хилсдэхгүй. Холливүүдийн од, авьяаслаг жүжигчин, серфингийн хорхойтон, сайхан залуу, халамжтай эцэг гээд түүнийг маш олон янзаар тодорхойлж болно. Австралийн Мельбурн хотоос гаралтай залуу жүжигчин хамгийн анх 2007 онд төрөлх хотоо орхин Холливүүдэд нүүн ирж байжээ. Крис эхэндээ бусад залуу жүжигчдийн адил сонгон шалгаруулалтуудаар "хэсч", өөртөө тохирох дүрийг олтол нэлээд урт замыг туулсан байдаг. Хамгийн сонирхолтой нь тэр Marvel-ын алдарт супер баатрын дүрийг өөр жүжигчинд бараг л алдах шахсан гэдэг. Учир нь сонгон шалгаруулалтын үеэр Крис сандарч тэвдэн, дүрийнхээ текстийг өөрийн хүссэн шигээ уншиж чадаагүй гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ярьж байсан удаатай. Азаар түүний төгс гэж хэлж болох гаднах төрх, мөн киноны уран бүтээлчдэд их цалин шаардахааргүй залуу жүжигчин хэрэгтэй байсан нь Крис Хемсвортыг домогт гардаг шуурганы бурхан гэгдэх Торын дүрийг өөрийн болгоход нь тусалжээ.

#BuroCrush: Хамгийн дур булаам супер баатар Крис Хемсворт (фото 1)

Мэдээж хэрэг дэлхий даяар олон шүтэн бишрэгчтэй супер баатрын дүрээс гадна, Крис Хемсворт "Formula 1"-ийн домогт нисгэгч Жеймс Хантын дүрийг Рон Ховардын найруулсан "Rush" нэртэй намтарчилсан кинонд бүтээгээд амжсан юм. Түүний энэхүү бүтээлийг кино шүүмжлэгчид өндрөөр үнэлж, карьерынх нь түүхэнд тохиосон хамгийн сайн бүтээлүүдийн нэг хэмээн онцолдог. Крис мөн өөрийн тэсвэр тэвчээр, жүжигчний ур чадвараа Рон Ховардын бас нэгэн кинонд дахин харуулж чадсан юм. "In the Heart of the Sea" кинонд тоглохын тулд булчинлаг, биерхүү Крис өдөрт ердөө л 500 калори агуулсан хоол идэж, бараг л 10 кг жин хассан гэдэг. Гэхдээ түүний шүтэн бишрэгчдийн сэтгэлийг амраах мэдээ дуулгахад тэр асар хурдан эргэн хэвийн жиндээ орсон билээ.

#BuroCrush: Хамгийн дур булаам супер баатар Крис Хемсворт (фото 2)

Крис Хемсворт дэлхий даяар маш олон шүтэн бишрэгчтэй болсон нь түүний хөгжилтэй, нээлттэй зан чанартай салшгүй холбоотой. Үүний баталгаа болгож хамгийн сүүлд түүний оролцсон Жимми Фэллоны шоуг (тэд бие биенээ инээлгэхийн тулд iPad дээр янз бүрийн дуу авиа гаргаж байгаа нь үнэхээр хөгжилтэй шүү) үзэхэд л хангалттай. Үүнээс гадна, бусад Холливүүдийн жүжигчдээс ялгаатай нь Крис чөлөөт цагаа үргэлж гэр бүлдээ (тэр эхнэр бас гурван хүүхэдтэй!) зориулж байгаа харагддаг нь түүнийг хайрлах бас нэгэн чухал шалтгаан болдог гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр тэрээр супер од болсон ч олон тооны шүтэн бишрэгчидтэйгээ яг л найзтайгаа уулзсан мэт нөхөрсөг харьцаж чаддаг гэдгээрээ алдартай. Харин энэ бол Холливүүдэд маш ховор үзэгдэх зан чанар билээ.

Карьерынхаа оргил үед байгаа тэрээр энэ жил 31,5 сая ам.долларын орлого олж, Forbes сэтгүүлийн энэ жилийн хамгийн өндөр цалинтай жүжигчдийн жагсаалтанд багтаж байна. Түүний амжилт дараа онд ч гэсэн эрчээ алдахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Учир нь бид Крисийг ирэх онд "Avengers" киноны хоёр анги болон "12 Strong" нэртэй дайны сэдэвтэй киноноос олж харах юм.

#BuroCrush: Хамгийн дур булаам супер баатар Крис Хемсворт (фото 3)

цааш үзэх