Хайх

Рут Бейдер Гинзбург ямар гавьяатай вэ?

Рут Бейдер Гинзбург ямар гавьяатай вэ?

Text: Buro.Mongolia


Зураг: Buro.Russia

Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Дээд шүүхийн шүүгч, тэгш эрх, шударга ёсны төлөө тэмцэгч Рут Бейдер Гинзбург насан эцэслэсэн билээ. Тэгвэл энэхүү харамсалтай үйл явдлын дараа зөвхөн Америк төдийгүй дэлхийн олон улс орнууд агуу эмэгтэйтэй салах ёс гүйцэтгэсээр байна. Шударга ёсны тэмцэгч Рут Бейдер Гинзбург таалал төгссөн ч түүний гавьяа хэзээ ч ул мөргүй алга болохгүй. Ингээд хүмүүсийн амьдралыг өөрчилсөн түүний хийж бүтээсэн сайн үйлсээс доор дурдаж байна.

"Тэр гайхалтай эмэгтэй байсан. Та үүнтэй санал нийлэх ч бай, үгүй ч бай тэр гайхалтай эмэгтэй байсан, гайхалтай амьдралыг ч туулсан" гэсэн үгсийг Дональд Трампын амнаас сонсоно гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ.

Түүний ч зөв. Тэрээр 87 наслахдаа АНУ-ын дээд шүүхэд либерал үнэт зүйлийг хамгаалдаг байсан хэдий ч түүний араас янз бүрийн улс төрийн үзэл баримтлалтай, дэлхийн нөлөө бүхий хүмүүс ч хүртэл эмгэнэл илэрхийлж, орчин үеийн түүхэнд хийсэн гавьяаг нь үнэлсэн юм. Тэрээр Notorious R.B.G гэсэн өөрийн зурагтай футболканаас (Notorious B.I.G-гийн хөргийн оронд дүрсэлсэн) хавьгүй илүү зүйлсийг хойч үедээ өвлүүлж үлдээж байгаа (магадгүй та тэрхүү мим зургийг харсан байх). Мэдээж хэрэг шүүгч Рут Бейдер Гинзбург "yas queen" гэсэн жиргээнүүдийг хүртэх эрхтэй ч, түүнийг тэдгээр жиргээнүүдийг яагаад, ямар үйлсээрээ хүртэх эрхтэй болсныг олж мэдэхэд илүүдэхгүй биз ээ. Тэр тусмаа Трамп түүнийг гайхалтай эмэгтэй хэмээн нэрлэж байгаа энэ үед.

Рут нэртэй ухаалаг Еврей охин 1933 онд Бруклинд мэндэлжээ. Рутын ээж охиныхоо боловсролд маш их анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлдэг байв. Учир нь ээжийг нь залуу байхад гэр бүл нь зөвхөн нэг хүүхдээ л сургуульд сургах боломжтой байсан бөгөөд эцэг эх нь ахыг нь сонгожээ. Тухайн үед эрэгтэй хүний боловсролыг чухалчилдаг байсан учраас ингэх нь ч ойлгомжтой биз. Ингээд Орос, Австри гаралтай цагаач Еврей гэр бүлийн охин Америкийн шилдэг их дээд сургуулиудын нийгэмлэг буюу Ivy League-д багтдаг Корнеллийн их сургуульд засгийн газрын удирдлагаар суралцахаар элсэн орж, удалгүй ангийнхаа шилдэг оюутан болов.

Рут Бейдер Гинзбург ямар гавьяатай вэ? (фото 1)

Тэрээр их сургуульд суралцаж байхдаа ирээдүйн нөхөр Мартин Гинзбургтэй танилцаж, улмаар тэд их сургуулиа дүүргээд нэг сарын дараа гэрлэж байжээ. Нөхөр нь 2010 онд насан эцэслэх хүртлээ Рутын карьерыг бүхий л талаар дэмжиж ирсэн юм. 1955 онд анхны хүүхдээ төрүүлснийхээ дараа Рут Бейдер Гинзбург Харвардын хуулийн сургуульд элсэн орсон ба тэрбээр 500 хүнтэй ангийн есөн эмэгтэй оюутны нэг болжээ. Түүнийг дөнгөж сургуульдаа ортол декан нь олон хүний өмнө "Чи боловсролтой эрэгтэй хүний суудлыг булааснаа яаж зөвтгөх гэж байна" хэмээн түүнээс асуусан гэдэг. 2015 онд The New York Times сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр тэрээр тухайн үед энэ асуулт түүнийг маш их ичээсэн гэдгийг хэлж байжээ. Гэхдээ тэр дараа нь 1959 онд Колумбын их сургуулийг (бас нэгэн Ivy League-н сургууль) хууль зүйн ухааны докторын зэрэгтэй төгсөж ангийнхаа ямар ч эрэгтэй оюутнаас илүү гэдгээ баталж чадсан юм.

Рут Бейдер Гинзбург тэгш эрхийн төлөө тэргүүн шугамд тэмцэж ирсэн билээ. Эмэгтэйчүүдийн эрхийн төслийн (Women's Rights Project) үүсгэн байгуулагч тэрээр хүйсээр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг зоригтой дуугарч, тууштай тэмцэж ирсэн гавьяатай. Өмгөөлөгчийн карьерынхаа эхэн үедээ тэрээр хүйсээр ялгаварлах нь зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдэд ч хор хөнөөлтэй болохыг батлахад тусалсан бөгөөд ийм төрлийн хэргүүдийг түлхүү сонгон ажиллаж иржээ. Энэ арга барил нь эрчүүдийг ч өөрийг нь сонсоход хүргэсэн юм. Жишээ нь "Вайнбергер Визенфельдийн эсрэг" хэрэг дээр нийгмийн халамжийн хөтөлбөрийн хүрээнд тэжээгчээ алдсаны тэтгэврээ авч чадалгүй хоцорсон бэлэвсэн эрэгтэйг Гинзбург өмгөөлж байсан юм. Тухайн үеийн хууль зөвхөн бэлэвсэн эмэгтэйчүүдэд тэтгэмж олгож, бэлэвсэн эрчүүдэд тэтгэвэр олгохоос татгалзсанаар эрчүүдийг ч ялгаварлан гадуурхаж байгааг Рут олон нийтийн анхааралд өртүүлж чадсан байдаг.

Рут Бейдер Гинзбург ямар гавьяатай вэ? (фото 2)

АНУ-ын Дээд шүүхээр хэлэлцүүлэгдэж буй хүйсээр ялгаварлан гадуурхсан зургаан хэргийн тавд нь Рут ялалт байгуулж, цаашлаад эмэгтэйчүүдийн эрхийг амьдралын олон салбарт хамгаалж чаджээ. Тухайлбал цэргийн алба хашиж буй эмэгтэйчүүдэд тэрбээр эрчүүдтэй ижил түвшний санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг баталгаажуулж чадсан гавьяатай. Мөн Оклахома мужид эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хувьд согтууруулах ундаа хэрэглэх насны хязгаар ялгаатай байсныг бүр мөсөн дуусгавар болгосон юм. Түүнчлэн иргэдийн шүүх бүрэлдэхүүнд орох хуулиар тогтоосон үүрэг эмэгтэйчүүдийн хувьд "сайн дурын" байсан бол тэрээр уг хуулийг өөрчлөхөд тусалж, эмэгтэйчүүдэд иргэний үүргээ биелүүлэх нь эрчүүдийн адил чухал гэдгийг баталж байв.

Ахлах шүүгчийн албан тушаалыг 13 жил хашсаны эцэст Билл Клинтон түүнийг Дээд шүүхийн гишүүнээр томилсон юм. Ингэснээр Рут Бейдер Гинзбург Америкийн хамгийн нөлөө бүхий шүүхийн системд алба хашсан анхны Еврей эмэгтэй, түүхэн дэх хоёр дах эмэгтэй болсон билээ. АНУ-ын Дээд шүүхэд бусад газрууд эцэслэн шийдвэрлэж чадаагүй хэргүүд болон хуулиудыг шийдвэрлэдэг. Жишээ нь ижил хүйсийн гэрлэлт, үр хөндөлтөөс эхлээд эрүүл мэндийн салбар дахь асуудлууд, сонгогчдын эрх хүртэлх бүхий л салбарын асуудлуудыг хамрах боломжтой. АНУ дэлхийн хамгийн нөлөө бүхий улс учраас тус орны хүний эрхийн систем нь бусад улс орнуудад үлгэр жишээ болдог онцлогтой.

Рут Бейдер Гинзбург эмэгтэйчүүдийн үр хөндүүлэх эрхийг ахин дахин хамгаалсаар иржээ. Тэрбээр Дээд шүүхэд ирмэгцээ өөрийн үзэл баримтлалыг маш тодорхой байлгаж ирсэн. "Эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй байхын тулд эмэгтэй хүн өөрөө үр хөндүүлэх эсэхээ шийддэг байх ёстой. Хэрвээ та эмэгтэй хүний үр хөндүүлэх эрхийг хязгаарлаж байвал та түүнийг хүйсээр ялгаварлаж байна гэсэн үг" гэж тэрээр хэлж байжээ. Рут Бейдер Гинзбургийг Трампын нэр дэвшүүлсэн консерватив үзэлтэй шинэ шүүгч орлох өндөр магадлалтай. Трамп Гинзбургийн бүтээсэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах системийг устгах магадлалтай бөгөөд хэрэв ингэсэн тохиолдолд АНУ-д Охайо шиг мужууд олшрох болно. Энэхүү муж нь газар нутгийнхаа хэмжээгээр Иордан улстай ойролцоо ба 11,6 сая оршин суугчтай. Гэсэн ч тэнд үр хөндөлт хийдэг ердөө найман эмнэлэг л бий.

Рут Бейдер Гинзбург ямар гавьяатай вэ? (фото 3)

Трампын засгийн газар хор хөнөөл учруулах магадлалтай гэдгийг Рут Бейдер Гинзбург мэддэг байсан. "Шинэ ерөнхийлөгч томилогдтол намайг солихгүй байх нь миний чин хүсэл" гэсэн нь Рут Бейдер Гинзбургийн таалал төгсөхөөсөө өмнө хэлсэн хамгийн сүүлчийн үгсийн нэг байсан юм. Тэрбээр Трампын засгийн газар Дээд шүүхэд өөрсдийн нэр дэвшигчийг томилж, тэнцвэрийг алдагдуулж, Бүгд найрамдах намд илүү давуу байдал үүсгэхийн тулд боломжтой бүхнийг хийнэ гэдгийг мэдэж байсан.

Рут Бейдер Гинзбургийн эмээж байсанчлан Трамп өөрийн нэр дэвшигчээ сонгууль эхлэхээс 42 хоногийн өмнө "шахаж" эхэлсэн билээ. Цагтаа Барак Обамад ч 11 сарын өмнө нэр дэвшигчээ сонгох эрхийг олгож байгаагүй юм. Дээд шүүхийн шүүгч Гинзбург шиг албан тушаалдаа насан туршдаа томилогдох боломжтой бөгөөд энэ хугацаандаа өөрийгөө эмэгтэйчүүд болон нийгмийн цөөнхийн эрхийг хамгаалахад зориулж, аль эсвэл эсрэгээрээ Гинзбургийн нөр их хөдөлмөрөөр бий болгосон иргэний эрхийг үгүй хийж чадах учраас түүнийг орлох шүүгчийн сонголт маш чухал юм.

Энэхүү нийтлэл нь хамгийн анх есдүгээр саарын 22-нд BURO. London вебсайт дээр нийтлэгдсэн болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх