Хайх

“Парис-2024” олимпын тасалбарыг хэрхэн урьдчилж захиалах вэ?

“Парис-2024” олимпын тасалбарыг хэрхэн урьдчилж захиалах вэ?

Text: Buro.Mongolia


Ирэх зун хайр дурлалын хот Парисыг зорьж, 23 дахь зуны олимпийн наадмыг үзэхээр төлөвлөж байгаа уншигч та анхаарлаа хандуулна уу. Нийт 10500 гаруй тамирчид 32 төрөлд өрсөлдөх хүн төрөлхтний спортын их наадамд зориулж нийт 10 сая тасалбарыг борлуулах юм. “Нэг жилийн хугацаа байна шүү дээ...” хэмээн алгуурлаж суух зуурт олимпын наадмын багц тасалбарууд аль хэдийн зарагдаж дуусжээ. Тиймээс тавдугаар сарын 11-ний өдрөөс борлуулагдаж эхлэх дан тасалбарыг амжиж авахыг хүсвэл яарах хэрэгтэй болох нь. Гэвч хүссэн хүн бүр тасалбар авч чадахгүй. Учир нь хүн төрөлхтний эв нэгдлийн их баяр наадмыг үзэх хүсэлтэй бүх хүний тэгш эрхийг хангах үүднээс сугалааны зарчмаар тасалбар борлуулагдах юм. BURO.-гийн уншигч та дараах зааврын дагуу олимпийн тасалбараа урьдчилан захиалаарай.

Алхам 1

Энэ холбоос руу орж өөрийн бүртгэлийг үүсгэнэ. Гуравдугаар сарын 15-аас дөрөвдүгээр сарын 20-ний өдөр хүртэл бүртгэл явагдах бөгөөд үүнээс цааш бүртгүүлж амжаагүй бол тасалбар авах боломжгүй болох юм.

Алхам 2

Хэрвээ бүртгэлээ үүсгэсэн бол аздаа итгээд, алгаа хавсраад суух нь ээ. Учир нь санамсаргүй түүврийн арга дээр суурилсан сугалааны зарчмаар таны тасалбар авах, эс авах эрх үүснэ. Хэрвээ таны од гийсэн бол бүртгүүлсэн цахим хаягаар тань албан ёсны и-мэйл ирнэ.

Алхам 3

Тан руу илгээсэн цахим шууданд бүх тэмцээний цагийн хуваарь, байршил болон төлбөр төлөх заавар гэх мэт нарийн мэдээлэл очно. Та и-мэйл хүлээн авснаас 48 цагийн дотор худалдан авалт хийх эрхтэйг санаарай.

ТАСАЛБАРЫН ҮНЭ

Таван ангилал бүхий суудлын хуваарилалт, тэмцээнүүдийн үе шатаас хамаарч тасалбарын үнэ 20-600 евро хүртэл харилцан адилгүй байна. Бүх тэмцээний нарийн хуваарь болон үнийг энэ холбоосоор орж шалгаад, сайтар нягталсны дараа тасалбараа захиална уу.

ТЭМЦЭЭНҮҮДИЙН БАЙРШИЛ

Олимпын олон төрөлт тэмцээнүүд нийт 37 байршилд болох тул та аль спортын тэмцээн хаана зохиогдохыг нарийн тооцоолж, буудал, тээврийн хэрэгсэл зэрэг бусад чухал зүйлсээ төлөвлөөрэй. Байршлаа энэ хаягаар шалгана уу. 

САЙН ДУРЫН АЖИЛ ХИЙХ БОЛОМЖ

Олимпын наадмын үеэр хамгийн багадаа 10 хоног сайн дурын ажил хийх хүсэлтэй хүмүүсийн бүртгэл гуравдугаар сарын 25-ны өдрөөс нээгдсэн бөгөөд англи юм уу франц хэлээр ярьдаг, 18-аас дээш настай бүх хүмүүст нээлттэй. Уг бүртгэл тавдугаар сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлээд, наймдугаар сард шалгаруулалтын эцсийн хариу гарна. Та түүхийн гэрч болж, “Парис-2024”-т сайн дурын ажил хийхийг хүсвэл энэхүү холбоосоор бүртгүүлээрэй.

“Парис-2024” олимпын тасалбарыг хэрхэн урьдчилж захиалах вэ? (фото 1)

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Алдарт Сейн мөрний хөвөөнд нээлтээ хийх олимпийн наадмын эргэн тойрон дахь албан ёсны мэдээллийг энэ сайтаас авах боломжтой бөгөөд үүнээс өөр платформ дээр олимпийн тасалбар худалдаалагдахгүйг анхаарна уу. Тасалбараа буцаах заавар, нэг хүний авч болох тасалбарын хэмжээ, тэмцээний байршил хоорондын зай болон цаг хугацаа гэх мэт илүү нарийн мэдээлэл ч авах боломжтой. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх