Хайх

2018 онд худалдаанд гарсан технологийн шилдэг бүтээгдэхүүнүүд

2018 онд худалдаанд гарсан технологийн шилдэг бүтээгдэхүүнүүд

DJI Osmo Pocket, Google Home Hub болон бусад шилдэг бүтээгдэхүүнүүд

Text: Ц.Намуун


Google Home Hub

2018 онд худалдаанд гарсан технологийн шилдэг бүтээгдэхүүнүүд (фото 1)

Google компани 2018 онд Google Home Hub хэмээх ухаалаг төхөөрөмжийг танилцуулсан нь мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ аваад байна. 7 инчийн мэдрэгчтэй LCD дэлгэц, цэмцгэр дизайн бүхий дуу өсгөгч, гэрэл мэдрэгч зэргийг өөртөө багтаасан Google Home Hub-ийг Google Assistant-ийн сайжруулсан хувилбараар нэрлэж болох юм.

Google Home Hub-ийг дуу хоолойгоор болон дэлгэцийн тусламжтайгаар удирдах боломжтой. Мөн Youtube тавцангаас бичлэг үзэх, Google Photos-той холбон зураг харах зэрэг боломжийг олгосноор бусад төрлийн ухаалаг дуу өсгөгчөөс ялгарч байгаа юм. Google Home Hub-ийг 99 ам.доллараар худалдан авах боломжтой ба цагаан, хар, ягаан болон усан цэнхэр гэх дөрвөн төрлийн өнгөний сонголттой.

Apple Watch Series 4

2018 онд худалдаанд гарсан технологийн шилдэг бүтээгдэхүүнүүд (фото 2)

Өнгөрөгч есдүгээр сард худалдаанд гарсан Apple Watch одоогийн байдлаар хамгийн шилдэг ухаалаг цагаар нэрлэгдээд байна. Apple Watch Series 4 нь зүрхний бичлэг (ECG) хийн зүрхний хэмнэлийг давхар хянадаг болсон ба эрүүл мэндийн бүх мэдээллийг агуулсан PDF тайлан гаргах боломжтой болсноороо онцлогтой. Түүнчлэн илүү өндөр үзүүлэлттэй 64 битийн S4 процессор, 1.78 инчийн OLED дэлгэц болон дээд зэргийн дуугаралттай спикертэй болсон байгаа. Apple Watch Series 4 ухаалаг цагийг 399 ам.доллараар худалдан авах боломжтой.

Oculus Go

2018 онд худалдаанд гарсан технологийн шилдэг бүтээгдэхүүнүүд (фото 3)

Дээд зэргийн нягтаршил, өндөр үзүүлэлттэй чип, өмссөн үед тухтай мэдрэмж төрүүлэх загварын шийдэл, хэрэглэхэд хялбар үйлдлийн систем бүхий Осulus Go VR нь энэ оны хамгийн шилдэг виртуал дуулгаар нэрлэгдээд байна. Нийт 1000 гаруй төрлийн VR тоглоом тоглох, Netflix, Youtube болон бусад ижил төрлийн тавцантай холбогдох, олон нийтийн сүлжээгээр аялах, виртуал орчинд найзуудтайгаа хөгжилдөх гээд дижитал ертөнцөд хийж болох бүхий л үйлдлийг Oculus Go-ийн тусламжтайгаар хийх боломжтой.

Түүнчлэн хэрэглэхэд маш хялбар, цэмцгэр дизайнтай Oculus Go-ийн удирдлага мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм. 32GB болон 64GB-ийн сонголттойгоор худалдаанд гарсан Oculus Go өмсгөлийн үнэ 199 ам.доллараас эхэлж байгаа.

Amazon Kindle Paperwhite

2018 онд худалдаанд гарсан технологийн шилдэг бүтээгдэхүүнүүд (фото 4)

Энэ онд Amazon компани 10-р үеийн Kindle-ийг танилцуулсан юм. Шинэ Kindle Paperwhite дизайны хувьд өмнөх загваруудтай ижил ч илүү хөнгөн, нимгэн болсон байлаа. Түүнчлэн чихэвчний оролтыг хассан ба аудио номыг Bluetooth, утасгүй чихэвчээр сонсох боломжтой ажээ. Мөн өндөр чанартай усны хамгаалалт, нэг бүтэн цэнэглэлтээр долоо хоног ажиллах хүчин чадвартай батарейтай болсноороо давуу талтай.

DJI Osmo Pocket

2018 онд худалдаанд гарсан технологийн шилдэг бүтээгдэхүүнүүд (фото 5)

DJI компани энэ онд адал явдалд дурлагчдад зориулан нэгэн гайхалтай бүтээгдэхүүн танилцуулсан нь DJI Osmo Pocket байлаа. Ердөө халаасанд багтах хэмжээтэй энэхүү төхөөрөмж нь хамгийн жижиг хэмжээтэй 4К видео камер болон хамгийн жижиг хөдөлгөөн тогтворжуулагч тэнхлэгтэй болсноороо давуу талтай.

Түүнчлэн 3:3 хэмжээтэй панаром зураг дарах, 60fps хэмжээтэй 4К бичлэг хийх, RAW хэлбэрийн зураг авах, shutter speed буюу зураг буулгах хурдыг тохируулах зэрэг чанартай бүтээл хийх бүхий л боломжуудыг Osmo Pocket-д суулгаж өгчээ. Үүнээс гадна олон төрлийн оролттой учир гар утас болон бусад нэмэлт төхөөрөмжийг төвөггүй холбох боломжтой. Энэхүү камерыг 349 ам.доллараар худалдан авах боломжтой.

 

 

цааш үзэх