Хайх

Таны амьдралыг эрс өөрчлөх таван төхөөрөмж

Таны амьдралыг эрс өөрчлөх таван төхөөрөмж

Технологийн гайхамшиг

Text: Г.Тэмүүлэн


Технологийн тусламжтайгаар амьдралаа өөрчилмөөр байна уу? Бюро 24/7 таны өдөр тутмын амьдралд хэрэг болох дэвшилтэт төхөөрөмжүүдийг санал болгож байна

Playstation VR

Видео тоглоомчдод сайхан мэдээ дуулгаж байна. Дөнгөж өчигдөр нээлтээ хийгээд байгаа Sony компанийн бүтээсэн Playstation VR виртуал нүдний шил нь таны видео тоглоомын ертөнцийг эрс өөрчлөх болно. Playstation 4 консол дээр суурилж ажилладаг энэхүү виртуал шил нь 1080p OLED дэлгэцтэй, ойролцоогоор 100° харах өнцөгтэй бөгөөд Playstation Camera, DualShock 4 стандарт гар эсвэл Playstation Move-тэй холбогдож ажиллана.

Таны амьдралыг эрс өөрчлөх таван төхөөрөмж (фото 1)

Playstation VR виртуал шил нь Oculus Rift ба HTC Vive зэрэг бусад виртуал төхөөрөмжүүдтэй харьцуулбал видео тоглоомын тусгай компьютер шаардахгүй ба PS 4 байхад л хангалттай юм. Тиймээс Playstation VR нь ямар ч тоглоом тоглосон маш бодит, хурц мэдрэмжийг төрүүлэх болно.

Amazon Echo

Таны амьдралыг эрс өөрчлөх таван төхөөрөмж (фото 2)

Amazon Echo-г энгийнээр тайлбарлавал илүү дэвшилтэт Siri гэж хэлж болох юм. Хүн дуу хоолойгоороо удирддаг хувийн туслахтай болоход Amazon Echo төхөөрөмж жинтэй хувь нэмэр оруулж байна. Жишээ нь энэхүү төхөөрөмж нь Amazon-ы хөгжмийн сан, Spotify тавцантай холбогдож ажиллах ба The Rolling Stones, Игги Поп, Алла Пугачева гээд таны хүссэн хөгжмийг тоглуулна. Бас үүгээр пицца захиалж, такси дуудаж болох авч Улаанбаатар хотод одоогоор тийм үйлчилгээ нэвтрээгүй байгаа. Тэгэхдээ Echo нь таны хүссэн асуултанд хариулж чадна. Тухайлбал та "Эверест уул хэр өндөр вэ", эсвэл "Өнөөдөр дэлхийд ямар чухал үйл явдал болсон бэ" гэж асууж болно. Ер нь танд хэрэгтэй бүх мэдээллийг бичиж авч, яг л тэмдэглэлийн дэвтэрийн үүргийг гүйцэтгэх чадвартай. Мөн сэрүүлэг тавьж, ойр зуурын орчуулга хийж, аудио ном унших гээд олон янзын хэрэгтэй үйлдлийг өөртөө багтаажээ.

Parrot Disco FPV

Энэхүү дроныг шувуутай андуурав аа! Parrot Disco FPV дрон нь хоёр км зайд 70 км/цагийн дээд хурдтайгаар 45 минут нисч чадна. Тус дроны хамгийн гол онцлог нь 1080p, 720p чанартай видеог шууд дамжуулж чадах ба та энэхүү төхөөрөмжийн тусгай нүдний шилийг зүүж яг л өөрөө тэнгэрт нисч байгаа мэт мэдрэмжийг авах болно. Дотроо GPS төхөөрөмж суулгасан байгаа тул илүү тогтвортой, нарийвчлалтай нислэг үйлдэх боломжтой.

Dyson Pure Cool Link

Таны амьдралыг эрс өөрчлөх таван төхөөрөмж (фото 3)

Энэхүү жагсаалтанд байгаа зүйлсээс уг төхөөрөмж нь Улаанбаатарчуудын хувьд зайлшгүй шаардлагатай эд юм. Ойрын хэдэн жилд нийслэл хотыг бүрхсэн утаа хаашаа ч алга болохгүй нь тодорхой болсон. Тиймээс ядаж л гэр доторх агаараа цэвэрхэн байлгах хэрэгтэй. Dyson Pure Cool Link нь 0.1 микро метр хэмжээтэй бичил зүйлсийг автоматаар устгадаг. Тухайлбал, утаа, тоос, тоосонцор болон бусад агаарын бохирдлыг 99,95% устгана. Мөн агаарт байгаа химийн элемент, харшил үүсгэгч болон үнэрийг ч цэвэршүүлнэ. Хэрэв таны гэр хэт халуун байвал Dyson Pure Cool Link агаар цэвэршүүлэгчийг сэнс шиг ашиглаж болно. Цэвэр, сэрүүхэн орчинд байхын тулд танд заавал хоёр төхөөрөмж шаардлагагүй. Мэдээж хэрэг энэхүү агаар цэвэршүүлэгч нь ухаалаг утастай холбогдож ажиллана. Android эсвэл iOS үйлдлийн систем дээр ажилладаг Dyson Link хэмээх аппыг суулгаад агаарын чанар, агаар шүүгчийн ажиллах хугацааг хянаж, хуваарийг нь өдөр тутам солигддог, эсвэл бүр долоо хоног тасралтгүй ажиллахаар тохируулах боломжтой.

B&O Beoplay A1

Таны амьдралыг эрс өөрчлөх таван төхөөрөмж (фото 4)

Данийн Bang & Olufsen компанийн бүтээсэн Beoplay A1 зөөврийн дуу өсгөгч нь 600 гр жинтэй, алганд багтах хэмжээтэй ч (2 x 140 ватт) маш өндөр хүчин чадалтай. Энэхүү цэвэр дуугаралттай Bluetooth дуу өсгөгчийн бас нэг давуу тал нь халаасанд багтах хэмжээтэй тул аялал, зугаалга гээд хаашаа ч авч явахад эвтэйхэн юм. Авсаархан хэрнээ хүчирхэг дуу өсгөгч нь 24 цаг цэнэгээ барьж тасралтгүй ажиллах чадвартай. B&O Beoplay A1-ын цэмцгэр, загварлаг дизайныг Данийн дизайнер Сесиль Манз бүтээжээ.

цааш үзэх