Хайх

WWDC 2023: Apple компанийн танилцуулсан шинэ бүтээгдэхүүнүүд

WWDC 2023: Apple компанийн танилцуулсан шинэ бүтээгдэхүүнүүд

Text: Г.Тэмүүлэн


Өнгөрсөн шөнө Apple компани уламжлал ёсоор программ хөгжүүлэгчдэд зориулсан Worldwide Developers Conference чуулганаа зохион байгуулж шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Ингээд Apple-ын CEO Тим Кук мэргэжилтнүүдийнхээ хамтаар ямар, ямар шинэ зүйлс танилцуулсныг илүү дэлгэрэнгүй харцгаая.


Бодит болон хийсвэр орчныг нэгтгэх Vision Pro

Чуулганы үеэр хамгийн их сенсац тарьсан бүтээл бол мэдээж хэрэг Vision Pro хэмээх AR төхөөрөмж байлаа. Яг л цанаар гулгахад зүүдэг нүдний шил мэт харагдах уг төхөөрөмж нь зураг, апп, кино, ном, видео тоглоом гээд хүссэн контентыг виртуал болон бодит ертөнцийг хослуулан харуулах бөгөөд нүд, гар болон дуу хоолойгоор удирдах тохируулгатай. Ижил төрлийн төхөөрөмжүүдтэй харьцуулахад бодит орчноос бүрэн тусгаарладаггүй гэдгээрээ давуу талтай. Apple-ын хамгийн амбицтай боловч эрсдэлтэй хэмээн өргөмжлөгдөөд байгаа энэхүү төхөөрөмж нь 3,499$-ын үнэтэйгээр 2024 онд худалдаанд гарахаар болжээ.

WWDC 2023: Apple компанийн танилцуулсан шинэ бүтээгдэхүүнүүд (фото 1)
WWDC 2023: Apple компанийн танилцуулсан шинэ бүтээгдэхүүнүүд (фото 2)

15 инчийн MacBook Air

Apple-ын мэргэжилтнүүд энэхүү бүтээлээ дэлхийн хамгийн нарийнхан зөөврийн компьютер гэж онцолсон байна. Ердөө 11,5 мм зузаан, 1,3 кг жинтэй тус компьютерт M2 чип суурилуулж нийт 18 цаг цэнэгээ барих боломжтой болгожээ. Шинэ MacBook Air 2023 оны зургаадугаар сарын 13-нд 1,299$ үнэтэй худалдаанд гарна.

WWDC 2023: Apple компанийн танилцуулсан шинэ бүтээгдэхүүнүүд (фото 3)
WWDC 2023: Apple компанийн танилцуулсан шинэ бүтээгдэхүүнүүд (фото 4)

iOS 17 үйлдлийн систем

Шинэ үйлдлийн систем татаж авснаар хэрэглэгчид Contact Posters, Standby зэрэг хэд хэдэн сонирхолтой шинэчлэлтүүдийг ашиглаж болох нь. Жишээ нь гар утсаа хэвтээ байрлалд цэнэглэж байгаа тохиолдолд Standby горимд шилжүүлэн iPhone-оо дижитал цаг, жаазтай зураг болгон хувиргаж болно. Мөн Сontact Posters үйлдлийн тусламжтай бусад хүмүүс рүү залгах эсвэл дуудлага хүлээн авахдаа өөрийнхөө эсвэл бусдын хүссэн зураг, дизайныг ашиглан тохируулах боломжтой. Түүнчлэн NameDrop үйлдэлтэй болсноор хэрэглэгчид хоёр iPhone-г зэрэгцүүлэн барьж утасны дугаар болон бусад холбоо барих мэдээллээ хоорондоо солилцож болно. Шинэ үйлдлийн систем iPhone 15-тай хамт танилцуулагдана.

WWDC 2023: Apple компанийн танилцуулсан шинэ бүтээгдэхүүнүүд (фото 5)

Apple Watch, iPad, AirPods-ын шинэчлэлтүүд

Apple компани бусад төхөөрөмжүүдийнхээ үйлдлийн системийг ч мөн шинэчилжээ. Тухайлбал iPadOS 17-г татаж авснаар интерактив Widgets ашиглан илүү их мэдээлэл авч, түргэн шуурхай үйлдлүүдээ хийх боломжтой болсон байна. Үүнээс гадна Apple анх удаа Health аппыг iPad-д нэвтрүүлэхээр болжээ. Ухаалаг цагны эзэд watchOS 10 үйлдлийн системтэй болсноор шинэчлэгдсэн дизайнтай апп, илүү ухаалаг, хялбарчилсан үйлдэлтэй Widgets ашиглана. Харин AirPods чихэвчийн хувьд чимээ шуугианыг тусгаарлахын зэрэгцээ хэн нэгэнтэй харилцан яриа өрнүүлэх үед автоматаар дуу хөгжмийг багасгах зэргээр илүү ухаалаг функцүүдийг суулгасан байна.

WWDC 2023: Apple компанийн танилцуулсан шинэ бүтээгдэхүүнүүд (фото 6)
WWDC 2023: Apple компанийн танилцуулсан шинэ бүтээгдэхүүнүүд (фото 7)
WWDC 2023: Apple компанийн танилцуулсан шинэ бүтээгдэхүүнүүд (фото 8)
WWDC 2023: Apple компанийн танилцуулсан шинэ бүтээгдэхүүнүүд (фото 9)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх