Нойрыг тань хүргэх аялал жуулчлалын тэсрэлт
Өнөө цагт чанартай нойр нь тансаг хэрэглээ болжээ.
Их хотын түргэн амьдралын хэмнэл, цахим орчин дахь зах замбараагүй их мэдээллийн урсгал, дэлгэцийн цэнхэр туяа, стресс зэрэг нь бидний нойрыг чимх чимхээр хумсалсаар бид нэг л мэдэхэд шар шувуу мэт шөнийн талыг дэлгэц ширтэн өнгөрөөх болжээ. Америкийн олон нийтийн санал асуулга, судалгааны Gallup байгууллагын мэдээлснээр 1942 онд америкчуудын 59 хувь наймаас дээш цаг унтдаг байсан бол 2023 онд энэ тоо ердөө 26 хувийг л эзлэх болсон байна. Түүгээр ч зогсохгүй 17 улсын 36 мянган хүмүүсийг хамруулсан ResMed компанийн 2024 оны нойрны судалгааны үр дүнгээс үзэхэд нийт оролцогчдын ердөө 13 хувь нь л өдөр бүр хангалттай нойроо авч чаддаг гэж хариулсан байна.
Гэвч энэхүү даян дэлхийн нойргүйдэл нь өнөө цагт цоо шинэ, содон зах зээлийг бий болгож байна. Нойрыг хянадаг утасны апп, нойрны чанарыг сайжруулдаг дэр, гудас, хөнжил, хувцас эдлэл, нойрны клиник зэрэг нойргүйдэлтэй холбоотой бизнесийн зах зээлийн хэмжээ 585 тэрбум ам.долларт хүржээ. Тэр дундаа нойрны аялал жуулчлалын зах зээлийн хэмжээ 2025 онд 74.54 тэрбум ам.доллар байгаа бол энэхүү тоо 2030 онд 148.98 тэрбум ам.долларт буюу бараг хоёр дахин өндөр өсөлтөд хүрэхийг эдийн засгийн шинжээчид онцолж байна. Тэгвэл энэхүү жилээс жилд эрэлт нь өсөн нэмэгдэж буй нойрны аялал жуулчлалаар дагнан үйлчилгээ явуулдаг гурван онцлог ресортыг бидний зүгээс танилцуулж байна.
SANTANI WELLNESS KANDY - SRI LANKA
Santani Wellness Kandy - Sri Lanka
Шри Ланк улсын Канди хотоос 32 километрийн зайд, өтгөн шигүү ойгоор хүрээлэгдэн орших тус ресорт нь эртний Энэтхэгийн аюурведийн анагаах ухааны аргаар таны бие дэх дөрвөн махбодын харьцааг оношилж, үйлчлүүлэгч бүрт тусгайлан бэлтгэсэн эмчилгээний хөтөлбөр зохиодог байна. Уг эмчилгээнд “Panchakarma” хоргүйжүүлэх эмчилгээ, “Abhyanga” тосон иллэгээс гадна иог, бясалгал, дууны эмчилгээ хосолсон хөтөлбөр мөн гаргадаг байна. Тэр дундаа “Shirodhara” хэмээх эмчилгээ нь маш онцлог бөгөөд духны төв хэсэгт бүлээн ургамлын тосыг алгуурхан урсгаснаар тархи үйл ажиллагаа тогтмолжиж, стресс мэдэгдэхүйц буурдаг байна. Энэ бүх эмчилгээний үр дүнд таны биеийн гал, ус, шороо, агаар махбодууд зохистой тэнцвэрт орж, эрхтнүүдийн үйл ажиллагааны зохицол сэргэснээр нойрны чанар илтэд сайжирдаг байна.
REVĪVŌ WELLNESS RESORT - ИНДОНЕЗ


REVĪVŌ Wellness Resort - Индонез
Бали аралд байрлах энэхүү ресорт нь эмчилгээний хэд хэдэн хөтөлбөр үйлчлүүлэгчдэдээ санал болгодог бөгөөд “Sleep Well and Reset” нэртэй нойргүйдлийн эсрэг эмчилгээний хөтөлбөр ч мөн байдаг байна. Тус хөтөлбөрийн дагуу тантай тусгай мэргэжилтэн уулзаж тодорхой тест, шинжилгээнүүдийг авснаар уламжлалт болон орчин үеийн анагаах хосолсон эмчилгээний хөтөлбөр боловсруулдаг байна. Уг эмчилгээнд улаан туяагаар шарах, дархлааг дэмжих иллэг, мэдрэл амраах дуу болон гэрлийн эмчилгээ зэрэг эмчилгээний олон арга барил байхаас гадна таны хоол, хөдөлгөөнд ч анхаарал хандуулан сэргээгч үйлчилгээтэй кофейн, халуун ногоогүй хоолны дэглэм, иогийн дасгалуудыг ч хөтөлбөртөө багтаадаг байна.
LANSERHOF SYLT - ГЕРМАН



Германы хойгийн Силт аралд байрлах энэхүү ресорт нь нойрны эмгэгийг мэдрэлийн шинжлэх ухааны дэвшилтэт арга барилаараа эмчилдгээрээ тун онцлог билээ. Үүний тулд тархинаас үүсэх долгион, зүрхний хэм, мөн асуумжийн аргаар таны нойрны эмгэгийг оношлох бөгөөд нойрсуулах үйл ажиллагаанд чухал нөлөөтэй тета долгионыг идэвхжүүлэх сургалт өгдөг байна. Уг сургалтын үед та толгойндоо тусгай мэдрэгч аппарат зүүснээр эмчилгээний арга барил хэр үр нөлөөтэй байгааг тета долгионы ихсэлт, багасалтаар хянах боломжтой. Эмчилгээнд амьсгалын дасгал, эрдэс бодис дуслаар тарих, иллэг бариа багтах бөгөөд энэ бүх аргууд хэр үр дүнтэй байгааг нүдээрээ харах тул ирээдүйн нойрны хэвшилд ч чухал нөлөө үзүүлэх юм.