Хайх

Эгэлгүй загварыг энгүүнээр бүтээгч, AtoZ брэндийн дизайнер Л.Амаржаргал

Эгэлгүй загварыг энгүүнээр бүтээгч, AtoZ брэндийн дизайнер Л.Амаржаргал

Text: З. Зоригт


Зуны эхэн сарын нэгэн нарлаг өдөр улиасны улингарыг гараараа сэвэн алхах миний бие Нацагдоржийн номын сангийн урд орших, загвараар өлсөж ундаассан хэн бүхний цангааг нь тайлагч баян бүрд гэмээр нэгэн нууцхан газрыг чиглэн ирлээ. Энэхүү баян бүрд болваас долоон жилийн турш өөрийн тогтвортой үйл ажиллагаагаа явуулж буй үндэсний брэнд AtoZ билээ. Тус брэндийн бутик дэлгүүрийн үүдээр яван ороход үүсгэн байгуулагчдын нэг дизайнер Л.Амаржаргал “Цагаа ямар мундаг барьдаг юм бэ?” хэмээн магтсаар бидний араас орж ирсэн юм. Ажилдаа чамбай, няхуур ханддагийг илтгэх төлөв төвшин харцаа муурын нүдийг санагдуулам жартгар хүрээтэй шилээр тодотгож, царайндаа инээмсэглэл тодруулан “Яанаа би ярилцлага өгч чадах болов уу? Ярихдаа аягүй муу шүү” хэмээн даруухнаар өгүүлэх Л. Амаржаргал нь AtoZ брэндийн шинэхэн загваруудыг бидэнд сорчлон танилцуулав. Ханцуй хэсэгт бантик болгон зангидах зориулалттай оруулга бүхий сул загварын сорочка, эмэгтэй биеийн анатомид төгс суух блазер, тод өнгөний шийдэлтэй монгол энгэртэй цамц, хөвөн даавуун материалтай футболка, гар хатгамал бүхий торгомсог ноолууран шааль гээд AtoZ брэндийн загварууд нь чимхлүүр гар ажиллагаа ихтэй, цэвэрхэн эсгүүртэй, нүсэр бус энгийн боловч эгэлгүй харагдах нь брэндийнхээ үндсэн философитой гүн нийцэх ажээ. Цаашлаад бид бутикнээс гарч, хэдхэн алхмын зайд орших үйлдвэрлэлийн хэсэгтэй танилцсан бөгөөд хүрмийн энгэрт цэцэг тэргүүтнийг бэхлэн хатгах хатгамалчин, оёдлын машин тачигнуулан оёх оёдолчид, даавуу дээр шохойгоор зуран тэмдэглэх эсгүүрчдийг хараад мэргэжил бүхэн л ажлын байр дээрээ бишрэм онцгой харагдах юм даа гэх бодол надад эрхгүй төрж байлаа. Бид бутик дэлгүүртээ эргэн ирж, ажилчдын албан тасалгааны хэсэгт тухлан сууж ярилцлагаа эхлүүлсэн юм.

Эгэлгүй загварыг энгүүнээр бүтээгч, AtoZ брэндийн дизайнер Л.Амаржаргал (фото 1)

“Би хэзээ ч Монголд загварын дизайнер болсондоо харамсаж байгаагүй. Харин ч өөрийн эх орондоо хувцас дизайны мэргэжил эзэмшсэндээ азтай гэж боддог. Гадаадад мэргэжлээрээ ажиллавал илүү гоё байхдаа гэж хэзээ ч бодож үзээгүй. Өмнө нь Ирландад олон жил амьдарч үзсэн. Тэгэхэд Ирландын загвар зохион бүтээгчид яг л над шиг өөрсдийн жижигхэн бутик дэлгүүрээ ажиллуулж амьдардаг. Тэнд Монголоос илүү нөхцөл байдал ерөөсөө байдаггүй”

Монголын хувцас, загварын салбарт ажиллахад хэцүү бэрхшээлтэй зүйл байдаг уу гэх асуултад тэр бээр ийн итгэлтэйгээр хариулсан юм. Магад ингэж хариулах ч бардам карьерын замнал түүнд байсан юм. Хувь тавилан түүнд анхнаас нь хувцас урлан бүтээх их замналыг хайрласан мэт. Бага байхад нь түүнд Герман улсад аж төрөн суудаг ах эгч нар нь хувцас, зүүсгэл явуулдаг байсан нь загварт дурлах анхны сэдлийг нь төрүүлжээ. Монгол улс дөнгөж л чөлөөт эдийн засагтай капиталист улсуудын замналаар ардчилсан тогтолцоотой болсон 90-ээд онд монголчууд анх удаагаа коммунист засаглалтай улсуудын бус, орчин цагийн хөрөнгөтөн орнуудад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж эхэлж байсан үе байлаа. Өрсөлдөөн ихтэй, чөлөөт зах зээлтэй хөрөнгөтөн орнуудын бүтээгдэхүүний чанарыг, өрсөлдөөний хуульгүй, улсаас төсөвлөн бодлоготойгоор үйлдвэрлэгдэж, ард түмэнд шахан борлуулдаг байсан бүтээгдэхүүний чанартай харьцуулж боломгүй нь мэдээж. Тэр л чанар чансаатай герман хувцасны материал, эсгүүр, пропорц, силуэт нь бяцхан Л.Амаржаргалд загварын салбарт хөл тавих эхний алхмыг нь сэдэлжүүлж өгчээ. Тэр бээр зөвхөн өмсөж хэрэглээд зогсохгүй, ханцуйг нь богиносгон тайрч, нэмж материал оёх, энгэрийн оруулга хийх зэргээр дахин загварчилдаг байжээ. Улмаар хүүхдийн ордны дугуйлан секцэд явж өөрийн бүтээлч чадвараа тасралтгүй ахин хөгжүүлсээр ирсэн бөгөөд тооны гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурдаг байсан сурагч Л.Амаржаргалд “тоон дотор үсэг цохиж яваа мэт” өөрийгөө огт өөрөөр мэдэрдэг байжээ.

Эгэлгүй загварыг энгүүнээр бүтээгч, AtoZ брэндийн дизайнер Л.Амаржаргал (фото 2)
Эгэлгүй загварыг энгүүнээр бүтээгч, AtoZ брэндийн дизайнер Л.Амаржаргал (фото 3)

“Хэрвээ би загвар зохион бүтээгч болоогүй байсан бол үеийн нөхөд шигээ санхүү эдийн засагч л болох байсан байхдаа”

Л.Амаржаргал ингэж хэлэхдээ урьд өмнө нь амьдралын олон сонголтууд дунд төөрч эргэлзэж байгаагүй мэт гүдэсхэн хариулсан юм. Бид бүгдээрээ л дунд сургуулиа дүүргэхийн цагт хожмын ирээдүйгээ гэрэлтэйгээр цогцлоохын тулд ямар ажил карьерын замналаа сонгохоо мэдэхгүй тархиа гашилган, будилах он цагийг нэгэнтээ туулдаг. Дизайнер Л.Амаржаргалын тухайд анхнаасаа төөрөг тавилан нь тодорхой зурагдсан байжээ. Өсвөр насандаа толгой нь цаг ямагт янгинан өвдөж, П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн тасагт олонтоо хэвтэн эмчлүүлдэг байсан түүний эцэг эхэд эмч нар нь “Хэт их ачаалал авч болохгүй шүү” хэмээн анхааруулжээ. Тиймдээ ч арван жилээ төгссөнийхөө дараа биеэ сувилан эмчлүүлэхээр Л.Амаржаргал одоогийн хэллэгээр “gap year”, тухайн үеийн хэллэгээр бол нэг жилийн чөлөө авчээ. Хэвтэн эмчлүүлж байхад нь үеэл эгч нь эргэлтээр хүрч ирэн Соёл Урлагийн Их Сургуулийн хувцас, дизайны ангид орохыг ятгалаа. Л.Амаржаргал ч “Яагаад болохгүй гэж” хэмээн эрс шулуудав. Германд амьдардаг ах, эгч дээрээ очихоор төлөвлөн, герман хэл сурахаар Хүүхдийн Ордонд явж очиход бүртгэл нь аль хэдийн хаагдчихсан байсныг ч санав. Хэрэвзээ энэхүү бүртгэл нээлттэй, аль эсвэл Л.Амаржаргалын толгой нь огт өвддөггүй, мөн үеэл эгч нь түүнд загвар зохион бүтээгч болохыг зөвлөөгүй байсан бол магад бид өнөөдөр санхүү эдийн засагч Л.Амаржаргалыг олж харах байсан биз.

Эгэлгүй загварыг энгүүнээр бүтээгч, AtoZ брэндийн дизайнер Л.Амаржаргал (фото 4)

“Загварын шинэ коллекц бүтээх санаа тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч янз бүр байдаг. Өмнө нь бүтээж байсан загварын цуглуулгуудын үлдэгдэл материал агуулахыг дүүргэчихдэг. Энэ үлдэгдлүүдээрээ шинэ коллекц бүтээе гэж санаа төрөх үе ч байна. Аль эсвэл анхнаасаа сайтар хуралдан, цуглуулгынхаа концептоо ярилцан боловсруулаад, төлөвлөгөөт дэс дарааллын дагуу бүтээх үе ч байна. Цэцэг, навч энэ тэрээс анхны сэдэл санаагаа авдаг гэж худлаа яриад ч яах вэ”

Элдэв хоосон хийсвэрлэлд авталгүй, нөхцөл байдлаа бодитойгоор үнэлж чаддаг цэвэр прагматик хүн л “Та AtoZ брэндийн шинэ цуглуулгын санаагаа юунаас авдаг вэ?” гэх миний энэ гэнэхэн асуултад Л.Амаржаргал шиг ингэж тодорхой хариулах биз. 2001 онд СУИС-ийг хувцас дизайнер, зураач мэргэжлээр төгссөн Л.Амаржаргал Монголын ууган загварын агентлаг болох “Шилмэл загвар”-т ажилд оржээ. Ажиллаж байх хугацаандаа салбартаа олон жил чанагдсан Монголдоо топ зэрэглэлд тооцогдох загвар урлаач ах, эгч нарын ажлын арга барилаар өөрийн туршлагаа зузаатгаад авав. Улмаар үндэсний үйлдвэрлэгч Goyo брэндэд загвар зохион бүтээгчээр ажилд орсноор ноолууран материалаар хувцас загвар хэрхэн бүтдэгийг олж харах завшаан ч бүрджээ. Мөн түүнийг Goyo брэндэд ажиллаж байх үед нь Италийн загвар зохион бүтээгчтэй хамтарсан цуглуулга гаргах үе таарч зөвхөн дотоодын төдийгүй гаднын загварын салбарын эрхмийн ажиллах арга зүйгээс суралцах боломж ч гарав. Эцэс сүүлд нь AtoZ брэндийн хамтран үүсгэн байгуулагч А.Энхцацрал Goyo брэндэд ажилд орсноор насны хамтрагчаа олж авчээ.

“Загвар бүтээхэд санаа боловсруулалт, материал сонголт, эсгүүр гээд олон чадваруудыг бүтээгчээсээ шаарддаг. Энэ тал дээр Цацаа бид хоёр нэгнийхээ дутууг маш сайн нөхөж чаддаг. Би эсгүүр гаргах тал дээр илүү сайн бол Цацаа загварын санаа гаргах тал дээр илүү сайн. Мөн бид хоёрын насны зөрүүнээс ч болоод тэр үү юмыг харах өнцгүүд нь өөр тул бид хоёрын аль алиных нь санаа нэгэн зэрэг туссан загварын хувцаснууд яагаад ч юм илүү сайн борлуулагддаг. Тиймээс бид хоёрын аль нэгэнд нь загварын санаа таалагдахгүй бол хэзээ ч гаргадаггүй”

Goyo брэндэд хамтран ажиллаж байх хугацаандаа Л.Амаржаргал, А.Энхцацрал нар нь зөвхөн ноолуураар бус, өөр бусад материалаар хувцас урлан бүтээх хүсэлдээ автан дундын байр хөлсөлж, ажлын бус цагаар өөрсдийн хүссэн материалаараа хүссэн загваруудаа туршин бүтээж эхэллээ. Улмаар бэлэн болсон загварын хувцаснуудаа ажлынхандаа сонирхуулахад тэр дороо зарагдчихав. Урмаар хөглөгдсөн алтан хамтрагчид өөрсдийн брэндээ нээхээр сэтгэл шулуудсанаар AtoZ брэндийн үүд хаалга нээгдсэн түүхтэй. AtoZ гэдэг үгийн эхний болон сүүлийн үсгийг салгавал A to Z буюу англи хэлний цагаан толгойн A үсгээс Z үсэг хүртэл гэх утгыг агуулах бөгөөд A нь Амараа Z нь Zazaa-г илэрхийлэх ажээ. Өөрөөр хэлбэл Амараагаас Цацаа, А-аас Я хүртэлх бүхий л загварын санааг төрүүлэн бүтээнэ гэх зоримог санааг илтгэж буй юм.

Эгэлгүй загварыг энгүүнээр бүтээгч, AtoZ брэндийн дизайнер Л.Амаржаргал (фото 5)

“Бидэнд гэнэтийн нөхцөл байдлын улмаас хувцсаа сольж амжилгүй, ажлаа тарангуутаа шууд үдэшлэг, арга хэмжээнд очих шаардлагатай үеүд тулгардаг шүү дээ. Яг л ийм үед хэрэг болохоор ажил дээрээ ч, арга хэмжээнд ч тэр битгий хэл чөлөөт цагаараа ч өмсөж болохуйц хувирах чадвартай, олон талт үүрэгтэй хувцаснуудыг AtoZ брэнд бий болгохыг зорьдог”

AtoZ брэнд нээгдээд удаагүй байхад COVID 19 вирусийн цар тахал Монголд гарав. Хөл хорионд нийтээрээ орсон бизнесийн хүндрэлтэй цаг үеийг Л.Амаржаргал, А.Энхцацрал нар нь өөрсдөд ашигтайгаар эргүүлж, зөв хоолны дэглэм баримтлан, дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэнддээ голлон анхаарчээ. Тэр ч утгаараа энэ хугацаанд бүтээсэн загварууд илүү биеийн хэлбэрийг тодотгосон бариу загвартай болж иржээ. Хэдий аль аль нь өргөн сул загварт дуртай байсан ч, яг энэ цаг мөчүүдэд өөрсдийнхөө хүсэл зоригоос ангид бариу загваруудыг бүтээж байсан нь загварын мэдрэмж нөхцөл байдлаас хамаарч өөрчлөгдөж болдгийг анзаарсан юм. Тэр ч утгаараа үйлчлүүлэгчдийн хүсэл болоод өөрсдийн брэндийн мөн чанарын алтан тэнцвэрийг барин ажиллахыг зорьдог аж. Хэрвээ үйлчлүүлэгчийн хүсэл брэндийн мөн чанартай огт нийцэхгүй байвал эелдгээр татгалздагаа ч дизайнер Л.Амаржаргал дурдлаа.

“Намайг анх Шилмэл Загварт ажиллаж байхад монголчууд өөртөө тааруулж оёулан бүтээлгэсэн хувцсаа мэдэгдүүлэхгүйг хичээдэг байсан. Аль болох л томоохон үйлдвэрийн хувцас өмссөнөө л харуулахыг хичээдэг байлаа. Харин одоо бол AtoZ брэндийн логог аль болох энгэртээ хадуулж, харуулахыг хичээх болсон нь үнэхээр том эерэг өөрчлөлт”

Хэдийнээ долоон жилийн ойтойгоо золгож буй AtoZ брэнд салбартаа өөрийн байр суурийг эзлэн үнэнч байнгын үйлчлүүлэгчидтэй болж, бэлэн хувцасны зах зээлд тогтвортой үйл ажиллагаагаа явуулж буй загварын хувцасны цөөхөн брэндүүдийн нэг болжээ. Өөрсдийн үйл ажиллагаагаа тэлэх зорилгоор Улаанбаатар их дэлгүүрт салбар дэлгүүрээ нээсэн нь өдөр бүр шинэ хэрэглэгчдийг өөртөө татах болжээ. Өмнө нь гаднын хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээг тандан судлах зорилгоор Англи болон Японы бутик дэлгүүрт өөрсдийн бүтээгдэхүүнээ тавихад, гадаад худалдан авагчид монгол хувцасны брэндээс ноолууран бүтээгдэхүүнийг л илүүтэй сонирхож байгааг анзаарчээ. Тиймээс ноолууран материалаар загварлаг хувцас туршин бүтээхээр бодож буйгаа дизайнер Л.Амаржаргал бидэнтэй хуваалцлаа.

Эгэлгүй загварыг энгүүнээр бүтээгч, AtoZ брэндийн дизайнер Л.Амаржаргал (фото 6)

“Оюутан байхад хайртай байсан Жон Гальяно шиг агуу дизайнер ойрд харагдахгүй л байна. Сүүлийн үеийн дизайнеруудаас гэвэл Оливер Рустены материалын оновчтой шийдлээр загвараа амжилттай босгож буй нь их таалагддаг. Өөрөөр загвар болгоныг нь шүтэн биширмээр дизайнер харагдахгүй л байна”

Дизайнер Л.Амаржаргалын энэхүү хариултын асуултыг нь магад та гадарласан болов уу. “Тэгвэл танд хэрвээ дэлхийн аль ч улсын ямар ч алдартныг өөрсдийн брэндийн нүүр царайгаар сонгох боломж олдвол хэнийг сонгох вэ?” хэмээх бас л залуусын мөс хагалах тоглоом мэт цайлган ч гэмээр асуултыг асуухад дизайнер Л.Амаржаргал “Яанаа ёстой тэгж бодож байгаагүй юм байна. Хэн юм бол доо” гэсээр тодорхой нэр заалгүй бид хоёрын ярилцлага өндөрлөсөн юм. Хувцас загвар нь таашаагч олныхоо амьдралд өнгө, гэрэл, хүсэл, мөрөөдөл, хийсвэрлэл өгдөг ч, бүтээгч олны хувьд амьдралаа залгуулах бодит ажил хэрэг байдаг билээ. Загварт хайртай бид бүхэн шүтдэг дизайнерынхаа бүтээлүүдийг харан бишрэхдээ энэ бүх гайхамшгийн ард жирийн махан биетэй хүмүүн бус, урлагийн Янжинлхам бурхан л байдаг мэт бодьгүйгээр төсөөлдөг. AtoZ брэндийн загваруудыг ажиглан суухад яг л “Алиса Гайхамшигт Загварын Оронд” үлгэрийг үзэж буй мэт энгийн хэр нь содон загварууд нүдний өмнө тодордог бол энэ бүхний ард миний сүүлчийн асуулт шиг элдэв хийсвэр төсөөллөөр тархиа дүүргэлгүй, цэх шулуун бодолтой, даруу төлөвөөр загварын салбарт амжилтаа тогтоохыг хүсдэг энгийн нэгэн хүмүүн Л.Амаржаргал орших ажээ. Зөвхөн загварын салбарт ч бус шүтдэг аль ч алдартны түүхийг судлан үзэхэд та бидний л адил жаргал, зовлон нь ээлжилдэг амьдралын олон нугачааг өөрсдийнхөөрөө туулан өнгөрүүлж буй хүмүүний түүх байдаг билээ. AtoZ брэндийн үүсгэн байгуулагчид Л.Амаржаргал, А.Энхцацрал нар нь эгэл жирийн хүмүүс байж болох ч, тэдний бүтээсэн загварууд бидний таашаалд эгэлгүй гоёмсог мэдрэмж төрүүлсээр байх нь лавтай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх