Наймдугаар сарын зурхай: Шинийг эхлүүлэх сар
Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2026 оны зургаадугаар сарын дэлгэрэнгүй зурхайг хүргэж байна.
Хонь
Наймдугаар сараас хонины ордод Санчир гараг 2028 он хүртэл байршина. Хонины ордныхон энэ сард эрүүл мэнддээ анхаарвал зохилтой. Толгой өвдөх, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг үүсэж болзошгүй учир эрүүл хооллох зөв дадал өөртөө суулгахад тохиромжтой. Мөн та муу зуршлаа хаях гэж байгаа бол ойрх дөрвөн саруудад гараг эрхэс танд дэмжлэг болно. Ажил мэргэжлийн хувьд ахицтай төдийгүй эхлүүлэхээр зэхэж байгаа үйл хэргээ энэ сард эхлүүлэх хэрэгтэй. Бархасбадь гарагийн нөлөө танд аливаад хандах эерэг сэдлийг бэлэглэнэ. Хэрэв зорилго тэмүүлэл тань хараахан төгөлдөржөөгүй байвал энэ өдрүүдэд бүхнийг төлөвлөж, боловсруулахыг сануулж байна. Нар арслангийн ордод байршсанаар таны гал махбод сэргэж хувийн амьдралд тань эерэг өөрчлөлтүүд ирнэ. Хувийн болон гэр бүлийн харилцаа тань илүү таатай болж, бусадтай ойлголцох таны чадамж мөн өснө. Наймдугаар сарын сүүлээр дуусгаагүй ажлаа хийж дуусгахыг зөвлөж байна.
Үхэр
Санчир гарагийн ухрах хөдөлгөөн хийж загасны ордод сар хиртэж буйтай холбоотой аливаад хандах хандлага, төлөвлөж байгаа ажлууд дээрээ та эргэлзээнд орсон байж болох юм. Энэ үеэр та илүү өөрийн дотоод хүн рүүгээ өнгийж, өөрийгөө сонсох шаардлагатай. Нөгөө талаараа энэ сарын төлөв нь багадаа амссан зовлон, эсвэл өөрт тохиолдсон явдлуудаа эргэцүүлж өөрийгөө уучлах ухамсар, эдгэрлийн сар ч гэж тайлбарлаж болох юм. Зургааны өдөр Сугар гараг жинлүүрийн ордод байршсанаар танд үр бүтээлтэй ажиллахад тань тусална. Өөрийн сул талаа ажиглаж түүнийгээ засах өдрүүд айсуй. Олон ажлуудыг зэрэг авч явахыг хичээгээрэй. Гэр орондоо шинэ засвар хийхэд тохиромжтой. Арван нэгнээс авхуулаад ес дүгээр сар хүртэл таныг богино аялал хүлээж байна. Арван хоёрны өдөр Арслангийн ордод нар хиртэлт явагдсанаар гэр бүлийн асуудлаа шийдэх, орон байраа зарах, шинэ үл хөдлөх худалдаж авах эерэг өөрчлөлтүүд хүлээж байна. Үр хүүхдүүдээ илүү сонсож, сургууль соёлд нь зөв чиглүүлэх таны үүрэг нэмэгдэхийг анхаараарай.
Ихэр
Санхүүгийн асуудлаа зөв тооцоол. Нар арслангийн ордод байршиж хиртэлт явагдаж байгаатай холбоотой аливаа санхүүгийн асуудлууд шийдэгдэж, аялж зугаалах таатай өдрүүд ирж байна. Юмыг хурдан сурах, бусадтай зөв харилцахад таны чадвар илүү хөгжиж, бизнесийн талбарт ч таныг эерэг өөрчлөлтүүд хүлээж байна. Бизнесийн шугамаар холын орныг зорих боломж давхар нээгдэж, хувийн карьераа өсгөх таатай сар тохиож буй. Хэрэв ажил хэргийн шинэ хамтрагчтай болж гэрээ хийх үедээ ирвэл нухацтайгаар олон талаас нь эргэцүүлж, зөв гаргалгаа олоход таатай сар байх болно. Ганц бие ихрүүдийн хувьд романтик харилцаа үүсэх боломжтой ба өөртөө итгэлтэй байж, гадаад төрхдөө бяцхан өөрчлөлтийг хийхэд илүүдэхгүй. Хүүхэдтэй ихрүүдийн хувьд тэдэндээ хөрөнгө оруулалт хийж, тэр ч бүү хэл хамтдаа бизнесийн санаа боловсруулж ажиллахад тань гараг эрхсийн байрлал дэмжиж, тусална.
Мэлхий
Өнгөрсөн сар үл ойлголцол их байсан бол энэ сар таны хувьд ухамсрын сар тохиож байна. Шийдэгдээгүй асуудлуудаа шийдэх, ажил карьер, шинэ албан тушаалд томилогдсон бол өөрийгөө хэн бэ гэдгээ бусдад харуулж үйл хөдлөлөө хянамгай байлгахыг од эрхсийн байрлал танд сануулж байна. Ямар ч төрлийн ажил эрхэлдэг байлаа гэсэн бичиг цаасны асуудал дээр хянамгай байж, нарийн төлөвлөгөөтэй ажлаа явуул. Танаас багагүй хүч гарах хэдий ч та эерэг үр дүнд хүрнэ гэдэгт итгээрэй. Хариуцлагатай байж, сурч мэдсэн зүйлээ харуулж ирэх дөрвөн саруудад танаас чамгүй хичээл зүтгэл гарах төлөвтэй байна. Өөрийн амьдарч буй орчиндоо тав тухыг эрхэмлэж, гэртээ хэрэгцээтэй, зөв худалдан авалт хийвэл тохиромжтой. Наймдугаар сарын арван нэгэнд Ангараг гараг мэлхийн ордод шилжилт хөдөлгөөн хийснээр таны бие махбод эрч хүчээр цэнэглэгдэж олон ажлуудыг зэрэг нугалах хүчийг гарагийн нөлөө танд өгнө. Бусадтай өрсөлдөх эрч хүч тань нэмэгдэхийн хэрээр бусадтай маргах эрсдэл үүсэж болзошгүй тул өрөөлтэй ам мурийхаас зайлсхий.
Арслан
Чухал сар. Арслангийн ордод нар хиртэлт болж оюун санааны сэргэлтийн сар танд тохиох болно. Астрологийн ухаанд арслангийн ордыг угтаа нар удирддаг хэмээн үздэг ба энэ таны ордод нар хиртэлт явагдсанаар таны амьдрах ухаан тэлж, аливаа зүйлийг ухаарах, өөрийн дотоод мөн чанараа ойлгож тодорхойлох зөн совин нээгдэнэ. Хуучин ажлуудын үр дүн гарч, хийж дуусгаагүй ажлаа дуусгавал зохилтой. Шинэ зүйл эхлэх гэж бүү яар. Буд гараг арслангийн орд руу сарын эхний арван хоногт шилжин ирэх ба бусадтай харилцах харилцаа эерэг байна. Зорилгоо сайтар төлөвлөж, уулзалтуудаа дэс дараалалд оруул. Гадуур хөөцөлдөх ажил гарч, үр бүтээлтэй өдрүүд айсуй. Гэмтэл бэртэл авахаас зайлсхийж биеэ энхрийл. Хэрэв сэтгэл санаа тань тавгүй байвал бясалгалаар хичээллэх хамгийн тохиромжтой үе. Аль болох юманд тайван ханд. Сарын сүүлээр нар охины орд руу нүүх учир өөртөө итгэх итгэлээ алдах боломжтой ч дотоод мөн чанараа таних таны сэтгэхүйн чадамж өндөр хэвээрээ байна. Банк, барьцаалан зээлдүүлэх газраар санхүүгийн зээл шийдүүлэх гэж байгаа бол сарын сүүлээр уг ажлыг хөөцөлдвөл тохиромжтой.
Охин
Наймдугаар сар санхүүгийн асуудал үүсэж магадгүй. Удам дамжсан өв хөрөнгөдөө хянамгай хандахыг гараг эрхэс анхааруулж байна. Хэрэв та зээл хөөцөлдөж, бүтэл муутай байгаа бол аядуу хандаарай. Танаас шалтгаалахгүй ажил хэргийг яаруулах хэрэггүй. Гэр бүлийн харилцаанд дотоод сэтгэл зүйгээ ухамсарлаж дотнын хүмүүстэйгээ аль болох ярилцахыг чухалчил. Сэтгэл зүйчээс зөвлөгөө авахад таатай сар тохиож байна. Бүхэлдээ энэ сард та амрахад тохиромжтой. Амрах өдрүүдийг та ашигтайгаар төлөвлөж муу зуршлаа хаяхад гараг эрхэс танд тусална. Амрах, ажиллах хэмнэлээ зөв зохицуулснаар сэтгэл санаа тань тогтворжиж давхар эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай. Хэн нэгнээс өөрийнхөө тухай таагүй мэдээ дуулсан ч гэсэн тайван хандаж, бүхнийг зөнгөөр орхиж сурах дотоод ухаанд суралцаарай. Сарын хорин хоёрны өдөр таны ордод нар шилжин байршсанаар таны эрч хүч нэмэгдэж, үүнийгээ дагаад олон амжилтууд таныг хүлээж байна. Сарын сүүлээр таны хувийн харилцаа шийдэгдэж, таны дэргэд хэн байж, хэн явах нь тодорхой болж эхэлнэ.
Жинлүүр
Олон үйл явдлууд таныг хүлээж байна. Сарын зургаанд Сугар гараг жинлүүрийн ордод байрших нь таны хүссэн зүйл сэтгэлчлэн бүтэх өдрүүд тохиож байна. Өөрийн гадаад үзэмжээ өөрчлөхөд тохиромжтой. Шинэ харилцаа үүсгэж, шинэ танилтай болж, аливаа эхлүүлсэн ажил үр дүнгээ өгсөн сар байх болно. Энэ сар бүхэлдээ таныг ивээж байгаа тул нийгэмтэй харилцах таны харилцаа, бусдад үнэлэгдэх таны боломж нэмэгдэж та дотроосоо гэрэлтэнэ. Энэ үед ажил мэргэжлийн хувьд ч ахицтай байна. Нөгөө талаараа таны хувийн орон зай алдагдаж болох хэдий ч сүйдтэй зүйл биш гэдгийг ойлгоорой. Нийгмийн шаардлага, хувь хүний амьдрахуйн ухааныг та ялгаж салгах ухамсар тань нээгдэх учир аливаа зүйлд мэдрэмжтэй хандаж өөртөө таатайгаар хүрд эргүүлэх боломж нээгдэнэ. Өөрийн шинэхэн хоббигоо барьж авахыг хичээгээрэй, нэг талаараа энэ нь өөрийгөө шинээр харах боломж байхыг үгүйсгэхгүй. Сарын сүүлээр өөртөө амралт төлөвлөхийг хүсье, сэтгэл санаагаа сонсож, дотоод ертөнц рүүгээ өнгийснөөр дараагийн хүсэл зорилго тань зурайх болно.
Хилэнц
Ажил амьдралаа дахин төлөвлө. Тэр бүү хэл эдэлж хэрэглэж байгаа зүйлс, идэш уушаа хүртэл тохируулж өөрийгөө эрүүл амьдралын хэв маягт хөтлөөрэй. Удаан хугацаанд үр дүнгээ өгсөөр байдаг зөв дадал өөртөө суулга. Санхүүгийн асуудлаа сайтар нягтал. Өөрийн болоод өрөөл бусдын ажлыг та давхар хариуцаж, дотнын хүмүүсийнхээ асуудлыг ч давхар нуруу нь дээрээ үүрдэг бол энэ сар өөртөө цаг зарцуулж түр амьсгаа авахыг гараг эрхэс сануулж байна. Урт цагаар ажиллахаас зайлсхий, бусдын асуудлыг өөртөө хэт наагаад хэрэггүй. Буд гараг арслангийн орд руу шилжсэнээр бичиг цаасны асуудлууд гарч ирнэ. Гадаадад сургуульд сурахаах зэхэж байгаа бол шаардлагатай бичиг баримтуудын журмын дагуу бүрдүүлж, хөөцөлдөх ёстой ажлуудаа нарийн төлөвлөөрэй. Бусадтай ам мурийхаас зайлсхий. Ингэж чадвал аливаа ажил тань бүтэмжтэй байна. Ажлын орчинд шинэ эргэлтүүд хүлээж байна, тушаал дэвших, магадгүй таны удирдлагууд солигдохыг ч үгүйсгэхгүй.
Нум
Идэвхтэй сар. Ажил үйлсдээ идэвх санаачилгатай байж, бодол санаагаа нэг хэмнэлд тогтоон төгөлдөржүүл. Карьерын хувьд ахицтай сар тохиож буй учир шинэ эргэлт, шинэ албан тушаал таныг хүлээж байна. Аливаа ухаанд суралцах гэж байгаа бол тохиромжтой сар байх болно. Санчир гараг ухрах хөдөлгөөн хийж хонины ордод байршсанаар эхлүүлэх гэж байгаа ажлууд, сурч мэдэх гэсэн таны зорилго биеллээ олно. Мөн таныг сорилтууд хүлээж байна. Хэрэв таны үр хүүхэд сургуулиа солих гэж байгаа бол хүүхэдтэйгээ тулж ажиллахыг зөвлөе. Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэйн сацуу найз нөхөдтэйгөө уулзаж, тэднээсээ урам зориг авч цагийг зөв боловсон өнгөрүүлээрэй. Хэрэв та ямар нэг зүйл хийх гэж байгаа бол найзуудаасаа зөвлөгөө авч, өөрийнхөө хэтийн зорилгыг дахин нэг тодорхойлоорой. Арван хоёрны өдөр нар арслангийн ордод хиртсэнээр холыг зорих гэж буй нумын хувьд эерэг мэдээ сонсоно. Гэр бүлийн амьдралд тань тохиосон асуудал нэг тийш шийдэгдэнэ.
Матар
Ажил мэргэжлийн хувьд томоохон шийдвэр гаргах үе тохиож байна. Санчир гараг таныг шийдэмгий байхыг шаардаж байна. Өөрийн хийж буй ажил, зорилгоо дахин нэг эргэцүүлж энэ замаар би цааш явахдаа итгэлтэй байна уу гэдгээ өөрөөсөө асуу. Та хариултаа мөн өөрөөсөө олох болно. Үүнд гараг эрхэс тусална. Нар арслангийн ордод байршсанаар сэтгэл зүйн дотоод зөрчилдөөн танд төрж болзошгүй. Хэрэв та амьдрах газар, хувийн харилцаан дээр асуудалтай байгаа бол юун түрүүнд өөрийн дотоод дуу хоолойгоо нэн тэргүүнд сонсохыг зөвлөж байна. Гэсэн хэдий ч та ажил карьерын талбарт эрч хүчийг мэдрэх болно. Ажлын шинэ боломж, шинэ түншлэлийг танд дуудаж байгаа учраас ажил хэргийн уулзалтууд таныг хүлээж байна. Бизнес хамтрал ганц энэ сар биш, дараагийн дөрвөн сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ үеэр давхар өөрийн эрүүл мэнддээ анхаарч үр хүүхдэдээ зарцуулах цаг заваа ч мөн зөв тооцоолоорой. Гэр бүлтэйгээ маргаан үүсгэхээс зайлсхийж, дотнын нэгнээ сонсож ойлгохыг хичээгээрэй. Өөртөө итгэх итгэлээ бүү алдаарай. Энэ нь таны санхүүгийн эрх чөлөөнд хүргэх хамгийн том хүч юм шүү.
Бумба
Ойлгож ухаарах сар. Бусдыг таних, бусдыг ойлгох совин нэмэгдэнэ. Хэн нэгний хийж буй үйлдлийг та ажиглаж тунгаах өдрүүд айсуй. Энэ ч утгаараа хэн таны амьдралд байх, хэн таны амьдралаас тусдаа замаар явах вэ гэдгийг та ялгаж салгана. Нэг талаараа энэ сар хувь тавилангийн өөрчлөлтийн сар хэмээн тайлбарлаж болно. Та өөрөө өөртөө эерэг өөрчлөлтүүдийг татаж байна. Таны төрсөн ордод сар битүүрч байгаа учир сэтгэл санаа тавгүйтэх, бие махбодын хувьд бодисын солилцооны өөрчлөлт гарч болзошгүй. Энэ утгаараа та эрүүл мэнддээ анхаарах нь чухал. Үзлэг шинжилгээнд хамрагдаж, зарим нэг эмгэг, хууч өвчнүүдээ эмчлүүлэхэд тохиромжтой. Санчир гараг ухрах хөдөлгөөн хийснээр сураагүй зүйлээ дахин сурч, нийгэмтэй харьцах харилцаа тэр бүү хэл цахим орчинд өөрийгөө яаж авч явах тухайгаа мөн бодож эргэцүүл. Өөрийн дурлаж буй зүйлээ хойш тавилгүй эхлүүл. Аялахад тохиромжтой үе ирж байгаа учир мөнгө зарцуулахаас бүү төвөгшөө. Хэрэв та гадаадад сурахаар зэхэж байгаа бол эерэг мэдээ сонсоно.
Загас
Ажил, албан тушаал өөрчлөгдөх нигууртай байна. Санхүүгийн чадамж сайжирч өр зээлээс гарах төлөвтэй байна. Арван хоёрны өдөр гарах шинэ сарны нөлөө нь таны аливаа асуудлуудыг шийдэхэд тусалж, өөрийн хүч чадлыг бүрэн мэдрэх өдрүүд айсуй. Санаа зовнидог байдлаа зогсоож аливааг илүү эергээр хандаж сурахыг хичээгээрэй. Энэ үеэр та өөрөө өөртэйгөө тулж ажиллахад зохилтой. Үр хүүхдүүддээ анхаарал хандуулж хамтдаа цагийг өнгөрүүлээрэй. Дуусгаагүй ажлаа дуусгаж дараагийн ажилдаа анхаарлаа хандуулахад гараг эрхэс танд тусална. Хэрэв та ажлын талбараа солих эсвэл харь оронд амьдрахаар төлөвлөж байгаа бол энэ сар Бархасбадь гараг таны талд байх болно. Гэр бүлийн дэмжлэг таныг ивээж, танаас үл ялиг зоригтой алхам хийхэд тань тусална. Сарын сүүлээр нар охины ордод байршсанаар шинэ харилцаа үүснэ. Эрүүл мэнддээ анхаарч, өөрийн зан араншинд дүн шинжилгээ хийгээрэй. Үеэ өнгөрүүлсэн итгэл үнэмшлээ таягдан хаяж шинэ арга ухаанд суралцахыг зөвлөж байна.