Дэлгэцийн хамаарлыг хэрхэн багасгах вэ?

Сэрүүлгээр өглөөг эхлүүлж, сэрүүлгээ тааруулчхаад унтах байрлалаа аван хэвтэхдээ хүртэл бид гар утсаараа илүү үйлдлүүд хийж, дэлгэц ширтэж, мэдээлэл хүлээн авч бас дамжуулсаар байдаг.

Насанд хүрсэн хүний нэг өдрийн дэлгэцийн хэрэглээ өдөрт хоёр цагаас илүүгүй байхыг зөвлөдөг. Гэвч 16–64 насны интернэт хэрэглэгчдийн цахим орчинд зарцуулдаг дундаж хугацаа нь ойролцоогоор таваас долоон цаг хагасын хооронд хэлбэлздэг байна. Товчилбол, дэлхийн дундаж үзүүлэлт нь зургаан цаг 38 минут буюу зохимжит цагаас даруй гурав дахин их гэсэн үг юм.

Хэт их хэрэглээгээ танахыг хэн бүхэн дотроо бодож явдаг ч ажил, амьдрал гээд бүхий л харилцаа зөвхөн “цахим”-аар өрнөх үед зааг хязгаар тавихад төвөгтэй. Нэг нэгээр цувран ирэх ажлын мэйл, мэдэгдэл бүрийг шалгаж байснаа нэг мэдсэн “doom scrolling” буюу ямар ч ухамсаргүйгээр контентууд гүйлгэн нэг хоёр цаг өнгөрч, одоо л яг төвлөрье гээд суусан ч гараас юу ч гарахгүй байна уу? Энэ мэт үзэгдэл өдөр тутам тань давтагдаж, бүтээмж тань буурч байгаа бол digital detox буюу цахим хэрэглээг ухаалгаар ашиглан бүтээмж дээрээ анхаарах цаг нэгэнт болжээ.

Яаж ч явж өгөхгүй байгаа ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхэд тус болох дэлгэцийн хамаарлыг хэрхэн удирдах тухай зөвлөмжүүдийг та бүхэнд хүргэж байна.


ДЭЛГЭЦИЙН ХЭРЭГЛЭЭГ УХААЛАГ БОЛГОН ЦАГ ХЭМНЭХ


Юуны түрүүнд та дэлгэцийн хэрэглээ гэдэг тэр чигтээ “хортой” муухай зүйл гэж ойлгох нь өрөөсгөл ойлголт болохыг ойлгох хэрэгтэй. Дижитал эрин зууны дараагийн үе шат хиймэл оюун ухаанд суурилан, өдөр тутмын хэрэглээнд улам ихээр нэвтэрч байхад дэлгэц л хортой гээд зөрүүдлээд байх нь зохимжгүй. Үүний оронд шинээр танилцуулагдаж буй технологийн шийдлүүдийг судлан хэрэглээг тань яаж энгийн болгон цаг хэмнэх боломжтойг сонирхоод үзээрэй.

Жишээ нь Та Windows 10/11 үйлдлийн систем эсвэл Edge веб хөтөч ашигладаг бол Copilot-ийг үнэгүй ашиглах боломжтой. Энэ нь ChatGPT-тэй төстэй буюу өргөн хүрээнд хайлт хийдэг. Харин Apple Intelligence-ийн гол онцлог нь ихэнх үйлдлийг таны төхөөрөмж дээр Cloud-руу явуулахгүйгээр боловсруулдаг байна.


АЖИЛ АМЬДРАЛЫН ЗААГ ҮҮСГЭХ


Утсаа барьсан л бол дэлгэц хооронд шилжихэд ажил, амьдрал гэж ялгах зааг үгүй болсон талаар та анзаарч байв уу? Ажлын мэйлээ шалгаж явтал "мессенжерээр шинэ зурвас, өө бас нэг мэдэгдэл инстаграм дээр ирлээ" гэсээр нэг мэдсэн бүгдийг нь давхар амжуулсаар гол хийх гэж байсан ажлаа бүүр мартчихдаг түүх хэн бүхэнд л байгаа болов уу. Тархийг шаардлагагүй зүйлд сатааруулан ядрааснаар бүтээмж буурч эхэлдэг тул боломжтой бол ажлын цагийн үед зөвхөн ажилдаа чанартай төвлөрөхийг хичээгээрэй. Минут тутам хувийн хаягуудаа шалгаж мэдэгдлүүдээ хараад суулгүй, ажлын хуваарьтаа төвлөрөх цагтаа чанартай төвлөрөх зуршлыг тогтоогоорой.


20-20-20 ДҮРЭМ


Хэрэв та ажлын шаардлагаар дэлгэц удаан хардаг бол нүд ядрах, аргах нь гарцаагүй. Мэргэжлийн нүдний эмчийн зөвлөж буй 20-20-20 хэмээх дасгалыг санал болгож байна.

20 минут тутамд 20 фут буюу 7 метрийн зайд 20 секундийн турш төвлөрөн харах буюу холын зайд хараа торох зүйлгүй урагш ширтэх нь нүдний булчингуудыг суллан амраадаг байна. Нэг байрлалд, нэг зүйл рүү удаан ширтээд чангарсан биеийг дор бүр нь амрааж байх нь чухал юм.


УТАСНААС ӨӨР АМРАЛТ ӨӨРТӨӨ ОЛГОХ


Бид ажил, хичээлийн дундуур ядарсан үедээ утсаа барьж аваад л цахим хаягуудаа шалгадаг. Гэтэл энэ нь тархины хувьд амралт биш, харин ч илүү их мэдээлэл боловсруулах "ажил" болдог байна. Мэдээж сонин сайхан сонирхож цахим хаяг ашиглах нь хааяа жинхэнэ амралт болдог ч эсрэгээрээ энэнээс өөр амрах дадал зуршил үгүй бол өөртөө чанартай амралт өгч үзээрэй. Байгальд гарах, хөнгөн алхах, халуун цай эсвэл кофе уух зэрэг өдөр тутмын жирийн үйлдлүүд хүртэл дэлгэцийн хамааралгүй байснаар амархан залхах, ядрах мэдрэмж багасаж эхэлнэ.


ДЭЛГЭЦГҮЙ БУЛАН ГАРГАХ


Хоол идэхдээ заавал бичлэг үзэж байж л иддэг найзууд танд байдаг уу? Амьдралын мөч бүхэнд заавал нэг “дэлгэц” хажуудаа байлгаж л ажилладаг бол гэрийнхээ эсвэл ажлынхаа нэг хэсэгт дэлгэцгүй булан тохижуулаад үзээрэй. Унтлагын өрөөндөө утсаа цэнэглэхгүй өөр өрөөнд цэнэглэх, хоолны ширээний ард ажиллахгүй зөвхөн идэж буй хоолоо бүрэн таашаан мэдрэх зэрэг энгийн жижиг юм шиг өөрчлөлтүүд дараагийн том алхмын эхлэл болдог байна.


"ДИЖИТАЛ МАЦАГ" БАРИХ


Зарим аппликейшнүүд дээр хэрэглээний хязгаарлалт тавих, долоо хоногийн нэг өдрийг дэлгэцээс хол өнгөрөөх зэрэг бодит үйлдлийг өдөр тутмын алхмууддаа хэрэгжүүлж үзээрэй. Дижитал хэрэглээгээ хянасан өдрүүдэд зөвхөн яаралтай дуудлагад хариулж, бусад бүх цагийг хоббиндоо зориулах нь тархийг маш сайн цэнэглэж мөн амрааж өгдөг. Нэгхэн өдөр л чанартай амрахад бүтээмж хэр их өсөж бас гүйцэтгэл чанартай болж байгааг анзаараад үзээрэй. Магад төсөөлснөөс тань хавь илүү үр дүн энгийн алхмуудаас урган гарч ирэх болов уу.

М. Анухатан

2026-03-18, 11:15