Хайх

2026 Оскар: Улаан хивсний шилдэг төрхүүд

2026 Оскар: Улаан хивсний шилдэг төрхүүд

Text: М. Анухатан


98 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол буюу Оскарын наадам амжилттай зохион байгуулагдаж, үүгээр кино урлагийн шагнал гардуулах ёслолын улирал өндөрлөлөө.

Кино баг хамт олон бүтээлээрээ өрсөлдөн шилдгийн шилдгүүдээ тодруулах Оскарын шагналд нэр дэвшинэ гэдэг нь өөрөө үнэмлэхүй амжилт билээ. Үүнтэй адил тухайн үдэш хүрэлцэн ирэх зочдыг загварын орднууд ч мөн тусгайлан урласан гоёлуудаараа чимж буй нь түүхэнд үлдэх чухал мөчүүдийн нэг билээ.

The Devil Wears Prada киноны 20 жилийн ойг тохиолдуулан домогт Анна Винтур болон жүжигчин Энн Хэтэуэй хамтран шагнал гардуулж, найруулагч Райан Куглерийн Sinners кино нийт 16 төрөлд нэр дэвшиж өмнөх амжилтыг эвдсэн зэрэг онцлох мөчүүдээр дүүрэн байлаа. Үүгээр Оскарын улаан хивснээ ирсэн зочдын онцлох гоёлуудыг харцгаая!


2026 Оскар: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 1)

Hamnet киногоороо шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал авсан Жесси Бакли энэ үдэш тусгайлан урласан Chanel-ийн даашинзаар гоёлоо. Грейс Келлигийн 1956 оны Оскарын төрхөөс сэдэвлэсэн ягаан болон улаан өнгө хосолсон даашинз түүний ихэмсэг төрхийг тодотгож байв.


2026 Оскар: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 2)

Хоёр Оскар, хоёр Алтан Бөмбөрцгийн эзэн Эмма Стоуны даашинз Bridgerton цувралын даашинз адил дөрвөлжин захтай, өндөр бэлхүүстэй Louis Vuitton-ы гоёл байлаа. Биеийнх нь хэсэг болгоныг дөвийлгөх эл даашинзны гялалзсан төрхийг бүрдүүлэхэд 600 цагийн гар ажиллагаа орсон байна.


2026 Оскар: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 3)

Эллэ Фаннинг үлгэрийн ертөнцийн дагина адил энхрий ялдам төрхөөрөө танигдсан бөгөөд энэ удаагийн сонголт мөн эл ертөнцийн хувцас адил чамин байлаа. Бүтээлч захирал Сара Бертоны загварчилсан “гүнж мэт” харагдах цагаан өнгийн олон давхар тюль материалтай, бөмбөгөр хормойтой даашинз нь Givenchy загварын ордны тусгайлан урласан гоёл байлаа.


2026 Оскар: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 4)

“Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд анх удаа нэр дэвшсэн Роуз Бирн цэцгэн хатгамал бүхий Dior брэндийн загасан хэлбэрийн даашинз сонгожээ. Сонгодог дүр төрхийг улам тодотгосон хүзүүний зүүлт, бадмаараг чулуун ээмэг нь James De Givenchy брэндийн гоёл байв.


2026 Оскар: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 5)

Загварын өндөр мэдрэмжээр үзэгчид дунд танигдсан Теяна Тайлор Матье Блазигийн Chanel брэндийн даашинзаар гоёжээ. Нямбайлан шигтгэсэн өд, цацаг тус бүр алхах тоолонд нь намирахын сацуу Tiffany & Co брэндийн 60 каратын очир эрдэнийн ээмэг, бөгжөөр гоёсон нь мөн үдшийн онцлох төрхүүдийн нэг байв.


2026 Оскар: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 6)

Миланы загварын долоо хоногт Gucci загварын ордны шоунд богино үсний засалтаар шуугиулсан жүжигчин Деми Мур энэ удаа урт шулуун үсээрээ “гангарлаа”. Тус загварын ордны зориулан урласан хар, ногоон өнгө түүн дээр уусах өдөн чимэглэлээр гоёсон уг даашинз эл үдшийн хамгийн чамин буюу урлагийн бүтээл адил сонголт болсныг онцолжээ.


2026 Оскар: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 7)

Энэ удаагийн Оскарын наадамд шагнал гардуулах хөтлөгчөөр ажилласан Энн Хэтэуэйн үдшийн гоёл Valentino брэндийн цэцгэн хээ бүхий даашинз болон Bvlgari брэндийн үнэт эдлэлээс бүрдэнэ. 20 жилийн ойгоор хоёрдугаар ангийн тийзэр бичлэгээ цацсан домогт Devil wear Prada киноны Андрэа дүрээр танигдсан түүний алхам тутам бүрээс дараагийн ангийн талаарх таамаг хүлээх хэн бүхэнд Анна Винтурын хамт тайзан дээр гарч ирсэн нь загварын салбарын хэн бүхний ярианы сэдэв болоод амжжээ.


2026 Оскар: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 8)

11 жилийн дараа Оскарын улаан хивсэн дээр эргэн ирж буй Гвинет Палтроу өөрийн өнгө төрх болсон минимал хэр нь эмэгтэйлэг төрхөө дахин нэг удаа дөвийлгөлөө. Тэрээр энэ жилийн эл наадмын онцлох өнгө болсон цөцгийн цагаан өнгийн Giorgio Armani брэндийн шулуун даашинз болон Tiffany & Co брэндийн үнэт эдлэлээр гоёжээ.


2026 Оскар: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 9)

Song Sung Blue кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд нэр дэвшсэн Кейт Хадсон мөн Giorgio Armani брэндийн даашинзаар гангарлаа. Бүхэлдээ гялалзах эл даашинзны зүрхэн хэлбэр бүхий энгэрт төгс тохирох Garatti үнэт эдлэлийн зүүлт нь түүний долгионтой үсний засалтын хамт сонгодог дүр төрхийг бүрдүүлж байв.


2026 Оскар: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 10)

Эл үдшийн чимэг болсон зочдын дунд магад хамгийн энгийн атал хамгийн тод өнгөөр ялгарч чадсан Ренате Реинсве Louis Vuitton брэндийн бүтээлч захирал Николас Жескьерийн тусгайлан урласан даашинзыг сонгожээ. Энгийн шулуун загвар бүхий даашинз атлаа хажуу талын зоримог өндөр оноо, нарийн бүчтэй өнгө ижил өндөр өсгийтийг сонгосон нь жүжигчин бүсгүйн даруу төрхийг улам тодотгож байлаа.


2026 Оскар: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 11)

Эл үдшийн шагналын эздийг зарлах дараагийн зочноор Никол Кидман ирсэн ба Матье Блазигийн урласан бүдэг ягаан өнгийн даашинзаар гоёжээ. Энгэр хэсэгтээ гялалзсан шигтгээгээр гоёсон бол хормойндоо өнгө дагуу өд, сөд намирах нь онцгой чамин байлаа.


2026 Оскар: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 12)

Шилдэг эрэгтэй жүжигчинд Marty Supreme киногоор нэр дэвшсэн Тимоти Шаламе бүтээлч захирал Сара Бертоны загварчилсан Givenchy брэндийн пантон цагаан өнгөтэй кутюр хослолоор гоёжээ. Энэ жилийн Оскарын наадмын эрэгтэй зочдын дунд чамин энгэрийн гоёлууд давамгай ажиглагдсан бөгөөд түүний хувьд жижиг хар өнгийн загалмай энгэрийн чимэг сонгожээ.


2026 Оскар: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 13)

Найз бүсгүй Виттория Череттигийн хамт улаан хивсэн дээр анх удаагаа хосоороо алхсан жүжигчин Леонардо Ди Каприо хэвлэлүүдийн онцлох үйл явдал болоод амжжээ. Энэ үдэш Dior брэндийн хослолоор гоёсон түүний хувьд хувцаснаас илүүтэйгээр олны анхаарлыг татсан зүйл бол түүний сахал байв. Тэрээр найруулагч Мартин Скорсезегийн What Happens at Night хэмээх шинэ киноны дүрийн шаардлагаар сахлаа ургуулсан гэх мэдээлэл цацагдаад амжжээ.


2026 Оскар: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 14)

Эршүүд төрхөөрөө үзэгчид дунд хэдийн танигдсан жүжигчин Майкл Б.Жордан энэ үдэш Louis Vuitton брэндийн түүнд урласан хослолоор гоёлоо. Зоригт ихэр эрчүүдийн тухай өгүүлэх Sinners киноны хамт тэрээр босоо зах, чамин товч, нямбай эсгүүрээр ялгарах бөгөөд давхар гинжтэй чимэглэлээр бүсэлхий хэсгээрээ гоёсон нь дэнди урсгалыг орчин цагийн загварын хэлнээ буулгасан мэт.


2026 Оскар: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 15)

Хар хослолоор гоёсон зочдын дунд Педро Паскалийн сонголт Матье Блазигийн Chanel брэндийн “цагаан цэцэг”-ээр гоёсон нь гайхалтай тохирчээ! Шинэ өнгө төрх туршихаас айдаггүй түүний хувьд загварын олон сонирхолтой сонголтууд шүтэн бишрэгчдэд нь хэдийн танил болсон бөгөөд энэ удаа ч мөн загварлаг нэгэн гэдгээ бататгалаа.


2026 Оскар: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 16)

Магад үзэгчид дунд энэ жил хамгийн их яригдаж, төдий хүрээнд сайнаар үнэлэгдсэн жүжигчин Жэйкоб Элордигийн загварын мэдрэмж жүжиглэх чадвартай нь дутахааргүй өндрөөр үнэлэгддэг. Энэ үдэш Bottega Veneta-гийн хослолоор гоёсон тэрбээр Cartier брэндийн цаг, ээмгээр гангарлаа. Нэрийн хуудас болсон shaggy mullet буюу ар хэсэгтээ ялимгүй урт долгионтой үсний засалт сонгодог дүр төрхтэй сонирхолтой зохицож байгааг онцлохын аргагүй байв.


2026 Оскар: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 17)

Heated Rivalry олон ангит цуврал киногоор энэ жилийн эхлэлийг байлдан дагуулж чадсан Хадсон Виллиамс загварын ертөнцөд танигдаад удаагүй ч эрчтэйгээр урагшилж буй залуу од билээ. Balenciaga брэндийн тас хар хослолыг Bvlgari брэндийн гоёлтой хослуулсан нь энгийн хэр нь чухал үдэш төгс тохирох дүр төрх болжээ.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх