Хайх

Парисын загварын долоо хоногийн үеэрх анхаарал татсан тайз заслууд

Хоёрдугаар хэсэг

Text: М. Анухатан


2026 оны намар-өвлийн улирлын Парисын загварын долоо хоног гуравдугаар сарын 10-ны мягмар гарагт албан ёсоор өндөрлөлөө. Байгалиас л мэдэрч чадах амар амгалан, Францын бүтээн байгуулалтын үеийг дурсах кран машинууд зэрэг энэ удаагийн шоунууд өнгөрснөө эргэн дурсаж, тухай бүрд бүтээлч захирлуудын шинэлэг шийдлүүдээр гангарчээ. Эл загварын долоо хоногоос онцлох дараагийн таван тайз заслыг та бүхэнд хүргэж байна.


ISABEL MARANT

Рок-н-рол эргэн ирлээ! Илгэн арьсаар бүрсэн үргэлж өсгийтэй пүүз буцаад анхаарлын төвд орж ирснийг уншигч та анзаарсан уу? Уг загвараар танигдсан Isabel Marant брэндийн энэ оны намар-өвлийн бүтээлч захирлаар Ким Беккер ажилласан байна. Энэхүү цуглуулга нь "The Bekker Reset" нэрээр танилцуулагдсан бөгөөд брэндийн шинэчлэгдсэн төрхийг харуулсан юм. Хөгжмийн фестиваль дээр хамгийн хайртай хамтлагаа оройжин хүлээсний эцэст нэр нь зарлагдахад шүтэн бишрэгчдийн орилохтой зэрэгцэн гэрэл эргэлдэж, хүн бүхэн чин сэтгэлээсээ догдлохтой адил мэдрэмжийг өгөх шиг энэ удаагийн шоу явагдлаа. Тайзны урд талын хана олон жижиг гэрлүүдийг байршуулж, шахалдан суусан үзэгчид тус бүр утсаараа бичлэг хийж хөгжмийн тайзыг галзуу загварын шоу болгосноор жинхэнэ “рок” уур амьсгал бүрджээ. 


CHANEL

Нью-Йорк хотын тасралтгүй үргэлжлэх бужигнаан, үл дундрах урам зоригийг өөрийн цуглуулгаараа төгс харуулж чадсан Матье Блази Chanel-ийн бүтээлч захирлаар томилогдсоноос хойших танилцуулсан гурав дахь шоу дахин үнэмлэхүй амжилт боллоо.

Усан будгийн бийрээ хормогчиндоо арччихсан мэт гялтгар шал, тодоос тод улаан, шар бас ногоон өнгийн кранууд босгосон нь өнгөрснөө эргэн дурссан алхам байлаа. 1920-оод оны үед Парис хот Дэлхийн нэгдүгээр дайны дараа хөл дээрээ босож "Art Deco" загварын барилгууд Парис хотын өнгө төрхийг тодорхойлж эхэлсэн түүхийг дурссан нь энэ юм санж. Мөн уг загварын ордны эд, эс болсон твид сүлжмэл, сувд, хар өнгийг ашиглан дараагийн Chanel хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулсан хувцасны чимэглэлүүд эл санааг улам бататгаж байлаа.


BALENCIAGA

Balenciaga загварын ордныг үндэслэгч Кристобаль Баленсиагагийн таних тэмдэг болсон архитектурын бүтээл мэт эсгүүрээр ялгарах загварууд илүү өнгөлөг мөн сүрлэгээр дахин танилцуулагдлаа.

Пьерпаоло Пиччоли бүтээлч захирал энэ удаагийн шоуг Euphoriа цуврал киноны найруулагч Сэм Левинсонтай хамтран толилуулсан нь киноны сет шиг сүрлэг хийгээд илүү орон зайтай, гэрэл сүүдрийн хоршлыг онцолсон тайз засал байгуулжээ.

Парис хотын Champs-Élysées-д байрлах танхимд босгосон баганууд дөрвөн талдаа дэлгэцтэй ба дэлгэцээр гарах бичлэгүүдээс өөр тод тусгасан гэрэлгүй байгаа нь зааланд гэрэл сүүдрийн хоршил сэргэн мандалтын үеийн зураг шиг харагдаж байв. Загварын ордны өмнөх бүтээлч захирал Демнагийн үеийн гудамжны хэв маягийг Пиччолигийн коллекцууд илүү дэгжин кутюр хэв маягаар амьсгалуулан бага багаар өөрчилж байгаа нь үзэгчдээс эерэг сэтгэгдэл аваад буй.


SCHIAPARELLI

Галлианогийн Dior-ыг үгүйлэх загвар сонирхогчид түүний театрын үзүүлбэр адил тод өнгө төрх бүхий хүчтэй илэрхийлэмжийг Schiaperelli брэндийн бүтээлч захирал Даниэль Роузберрийн бүтээлүүдээс харж хүлээдэг гэхэд хилсдэхгүй биз. Үүрээр сэрэхийн өмнө зүүдэлдэг сонин хачин зүүдийг хамгийн тансаг загварын тайзан дээр хувиргасан мэт нарийн чамин загвараараа ялгарах уг загварын ордон 2026 оны намар-өвлийн цуглуулгаа танилцуулахдаа энэ удаад даруухан тайз засжээ.

Гил хар хөшигнүүд унжуулж, өндрөөс тусах гэрэл, циркийн тайзнаа үзүүлбэр эхлэхээс өмнө ганцхан шар өнгийн гэрэл туссан нь тайзыг улам сонирхолтой болгож шоуны ая мөн гол үүрэг гүйцэтгэжээ.


HERMES

Бороо орж буй мэт дуу чимээгээр үзэгчдээ угтан, чийглэг хөрсний үнэртэй зааланд шоугаа эхлүүлсэн Hermès брэндийн энэ удаагийн үзүүлбэр галзуу мэт үргэлжлэх загварын долоо хоногийн шоунуудын магад хамгийн “энгийн” тайзыг танилцуулжээ.

"The Tactile Earth" нэр бүхий уг цуглуулгын тайз засал зочлон ирсэн хэн бүхнийг байгалийн сайханд л мэдэрч чадах агаар, амар амгалан, бахдам сэтгэлээр угтаж авахаар зорьсон нь онцлог байв. Хурц өнцөггүй, бөөрөнхий ирмэгүүд, нүд амраах бүдэг зөөлөн цэнхэр туяа, хад чулууны элементүүдийг зүлэг хөвдийн хажуугаар оруулсан нь хөгжимт бясалгал адил орчныг цогцлоожээ.

Hermès брэндийн хувьд загвар гэдэг нь түр зуурын тренд биш, харин насан туршдаа өмсөх үнэ цэн гэдгийг тайз засалдаа онцгойлон тусгасан ба түүнийгээ загваруудаараа ч мөн баталж чадлаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх