Оскар 2026: “Шилдэг Хувцас Дизайн” номинацийг хэрхэн шалгаруулдаг вэ?
98 дахь удаагийн Academy Awards Лос Анжелос хотын Долби театрт амжилттай зохион байгуулагдаж, өнгөрсөн оны шилдгүүд ар араасаа тодорсны нэг нь “Шилдэг Хувцас Дизайн” төрөлд Мексикийн найруулагч Гильермо дель Торогийн бүтээл Frankenstein кино шалгарсан билээ. Тэгвэл тус бүтээлийг шалгаруулахын тулд Америкийн Кино Академийн шүүгчид чухам яг ямар шалгуур үзүүлэлтүүдээр шалгаруулдаг юм бол гэж та гайхаж байсан удаа бий юу? Хэрвээ тийм бол та энэхүү нийтлэлээр хариултыг олно гэдэгт итгэлтэй байна.
1. Дүр болон хувцасны нийцэл

Frankenstein кинонд жүжигчин Миа Гот эрдэмтэн Виктор Франкенштейний дурлалт бүсгүй хатагтай Элизабет Харландерын дүрээс гадна, ээж Клэр Франкенштейний дүрийг ч давхар бүтээснийг та бүхэн мэдэх үү? Тэгэхээр уг киноны хувцасны багийн хамт олонд Миа Готын тоглосон эдгээр хоёр дүрийн зааг ялгааг өмсгөлөөр нь илэрхийлэх шаардлага тулгарна. Викторын хүүхэд насны цусан толбо мэт ээж Клэр Франкенштейний улаан даашинз нь дүрийнхээ дотоод шаналанг богино хугацаанд хүчтэйгээр илэрхийлж байсан бол Элизабет Харландерийн дүр үүнтэй эсрэгцэн эх байгалийг санагдуулам гүн ногоон өнгөтэй байгаа нь дүрийнхээ эмзэг, ариун байдлыг илтгэж байна. Харин энэ хоёр дүрийн ялгаа өмсгөл дээр нь тод илэрч чадахгүй байвал хувцасны багийн том алдаа болж хувирах аж.
2. Кинонд өгүүлэх түүхтэй нийцэх байдал

Frankenstein киноны үйл явдал XIX-р зуунд өрнөж буй тул тухайн он цагийн нийгмийн анги давхаргын өмсгөл, зүүсгэлийг илэрхийлэх шаардлага тулгарна. Тэр ч утгаараа Викториагийн эринд хамаарагдах том зах, хөвсгөр хормой, пагода ханцуй зэргийг дүрүүдийнхээ хувцасны сонголтод нэлээдгүй ашигласан байдаг. Хэрвээ дүрүүдийн өмссөн хувцаснаас брэндийн лого цухалзах, Rolex-ын цаг бугуйнаас нь гялалзвал энэ нь маш том алдаанд тооцогдох нь зайлшгүй юм.
3. Хувцасны бүтээлч санаа

Хэдий тухайн түүхийн он цагт харьяалагдах хувцас, зүүсгэлийг сонгох ёстой ч, Frankenstein кино бодит үйл явдлаас сэдэвлээгүй, готик дистопийн ертөнцөд өрнөж буй тул тухайн өнгө аясыг хэрхэн бүтээлчээр илэрхийлэх үү гэдэг сорилттой тулгарна. Дизайнер Кейт Хоолигоор ахлуулсан хувцасны баг хүний биеийн анатомийг илэрхийлэх мэт Элизабет Харландерийн хуримын даашинз нь хавирга мэт цээжний оруулга, мэс заслын боолтоор ороосон мэт загвар, киноны үндсэн сэдэв болох амьд оршихуйг илэрхийлсэн цох хорхойн далавч мэт хээ зэргээр илэрхийлжээ. Энэ нь тухайн цагийн хувцаслалтын бодит байдлыг илэрхийлэх бус, цэвэр бүтээлч сэтгэлгээний үр дүн билээ.
4. Кинон дахь визуал нөлөө

Мөн аливаа дүрүүдийн хувцаслалт тухайн киноны өнгө тавилт, орчин, зураг авалтын төлөвлөгөө, гэрэлтүүлэгтэй төгс нийцэх шаардлагатай юм. Хэдий дээрх шаардлагуудыг хангасан ч хэрэв тухайн өдрийн зураг авалт close up буюу жүжигчний нүүрэнд тулсан мэт ойроос зургийг авах төлөвлөгөөтэй бол өмссөн хувцас нь харагдахгүй тул дэмий зардал гаргасан хэрэг болох юм. Frankenstein киноны дүрүүдийн хувцаслалт зураг авалтын орчин болох орд харш, байгаль, хотын өнгө төрхөд уусаж алга болчихгүй, мөн хэт хөндлөн ялгарчихгүй байгаа нь уг шаардлагыг сайтар биелүүлж байгааг харуулж байна.