Метрополитен музейн “Тэнгэрлэг биес: Загвар ба Католик шашны төсөөлөл” үзэсгэлэн

Met Gala 2018

Жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гарагт Нью-Йорк хотын Метрополитен урлагийн музейн Хувцасны институт Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтуртай хамтран сэдэвчилсэн үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн үзэсгэлэн "Тэнгэрлэг биес: Загвар ба Католик шашны төсөөлөл" гэх сэдвийн дор явагдаж байгаа бөгөөд зохион байгуулагчид энэхүү сэдвээр дамжуулан загварын ертөнц дахь католик шашны он удаан жилийн нөлөөг харуулах гэсэн зорилго агуулжээ.

"Тэнгэрлэг биес: Загвар ба Католик шашны төсөөлөл" үзэсгэлэнд ихэвчлэн католик шашинтай янз бүрийн дизайнеруудын 150 гаруй бүтээлүүдийг дэлгэж байгаа гэдгийг үзэсгэлэнгийн эрхлэгч Эндрю Болтон мэдэгдсэн байна. Мөн үзэсгэлэнгийн хүрээнд Коко Шанель, Жанни Версаче, Раф Симонс, Рикардо Тиши, Валентино, Жан-Поль Готье, Александр Маккуин, Живонши, Кристобаль Баленсиага,Том Браун, Ив Сен Лоран, Рик Оуэнс зэрэг кутюр загварын домгуудын бүтээлүүд ч олон нийтэд танилцуулагдах болно. Үүнээс гадна Ватикан улс тус үзэсгэлэнд зориулж Ромын 15 пап ламын өмсгөл болон бусад 50 гаруй католик шашны аксесуаруудыг "түр зээлдүүлсэн" байгаа юм.

Метролитен урлагийн музейн энэхүү үзэсгэлэн 2018 оны тавдугаар сарын 10-наас эхлэн олон нийтэд нээлттэй болно. Харин өнөөдөр "Тэнгэрлэг биес: Загвар ба Католик шашны төсөөлөл" үзэсгэлэнгийн нээлтэд зориулсан Met Gala 2018 үдэшлэг зохион байгуулагдаж байгаа ба арга хэмжээнд дэлхийн хамгийн алдартай одууд шашны сэдэвтэй гоёлуудыг өмсөн хүрэлцэн ирсэн байгаа.

Buro.Mongolia

2018-05-08, 10:00

  • Зураг: