Нисдэг таваг мэт Prairie Ark галерей Өвөр Монголд нээгдлээ
Хэрэв та бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой топ 10 киноны жагсаалтыг харвал тэргүүн эгнээнд шинжлэх ухааны зөгнөлт, супер баатрууд, сансар огторгуйн сэдэвтэй бүтээлүүд зонхилно. Тэгвэл энэ оны таван сард нээлтээ хийсэн Prairie Ark галерей яг л тэр ертөнцөөс ирсэн нисдэг таваг адил архитектурын шийдлээрээ багагүй шуугиан тариад байна.
Өвөр Монголын Улаанцав хотын хээр тал, Лаоли нуурын эрэгт байрлах уг галерей нь Büro Ziyu Zhuang студийн гүйцэтгэсэн төсөл бөгөөд орчиндоо ууссан, жирийн барилгаас өөр мэдрэмж өгөхөөр ажилласан тухайгаа онцолж байв.
“Барилга барихад эхлээд орчноо сайтар мэдрэх хэрэгтэй. Орон зайн онцлогоо ойлгож, яг тэр мэдрэмжид өгүүлэмж нь таарсан барилга барих нь чухал байдаг. Энэ төслийн хувьд Лаоли нуурын эргийн хээр талд улиг болсон сонголтуудаас татгалзахыг хичээсэн буюу гэр, нүүдэлчин ахуй, эсвэл Чингис хаан гэх мэт тал нутгийг илэрхийлдэг элементүүдийг өнгөцхөн, зүгээр нэг давтахыг хүсээгүй. Харин байгалийн нэг хэсэг юм шиг хэр нь онцгой, содон байх зураг гаргахыг зорьсон” хэмээн Büro Ziyu Zhuang студийн үүсгэн байгуулагч, ерөнхий архитектор Ziyu Zhuang дэлгэрүүлжээ.
Галерейн хувьд интерактив дээвэртэй ба зочид зүлэгнээс барилгын шаталсан дээвэр рүү шууд алхан гарч, дээд хэсгийн задгай амсраар дотогш нэвтрэн орно. Энэ шийдлээр жирийн барилга руу орж байгаа гэдэг сэтгэгдэл төрүүлэлгүйгээр, Prometheus киног санагдуулам барилга, байгаль хамтдаа нэг цогц болсон мэт мэдрэмжийг мэдрээсэй гэж хүссэн тухай эх сурвалжууд онцолж байв.
Дотоод орон зайн хувьд 1,360 ам метр талбай бүхий олон үйлдэлт танхимтай бөгөөд сараалжин тааз болон дээрээс тусах байгалийн гэрэл нь орон зайг улам уудам харагдуулж байв. Доторх талбайг задгайгаар шийдэж, урлагийн үзэсгэлэн, брэндийн арга хэмжээ болон олон нийтийн цугларалт тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
2016 онд үүсгэн байгуулсан тус студи нь архитектурын шинэлэг шийдлийг тогтмол эрэлхийлдэг бөгөөд футуристик хэлбэр дүрсийг тухайн орчны мэдрэмжтэй тэнцвэржүүлж чаддагаараа онцлог билээ. Тэдний өмнөх төслүүд болох Chamber Church болон Manor Mirage зэрэг нь асар энгийн, минимал шийдэлтэй харагдах ч уран зөгнөлт киноны орчин адил сонирхолтой бүтээлүүд танилцуулсаар байна.
Үндсэн галерейгаас гадна нуурын нөгөө эрэгт Nomadic Beacon Tower сүндэрлэжээ. Эртний харуулын цамхгуудаас санаа авсан уг байгууламж руу мушгиралдсан замаар дамжин жижиг задгай театрт хүрч, улмаар дээшлэн тал нутгийг бүхэлд нь тольдох боломжтой ажиглалтын талбар юм. Дулааны улиралд усны түвшин нэмэгдэх үед уг цамхаг нь усаар хүрээлэгдэж хэсэгчлэн тусгаарлагддаг бөгөөд энэ үедээ цамхгаас гадна хөшөө мэт харагддаг байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт