The Booker шагналын 2026 оны ялагчаар Тайвань зохиол шалгарлаа
Уран зохиолын мэргэжилтнүүд дунд өндрөөр үнэлэгдэх The Booker шагнал нь 56 дахь жилдээ зохион байгуулагдаж, 20 болон 21 дүгээр зууны уран зохиолын авьяастнуудыг тодорхойлсоор ирсэн билээ. Шагналын үндсэн шалгуур буюу энэ жилийн оролцогчдын хувьд 2025 оны 10 дугаар сарын 1-нээс 2026 оны 9 дүгээр сарын 30-ны хооронд Их Британи эсвэл Ирландад хэвлэгдсэн, англи хэлээр бичигдсэн, аль ч улсын харьяалалтай зохиолчийн урт хэмжээний хүүрнэл зохиолууд дунд шалгаруулсан юм.
Энэ жилийн The Booker шагналын ялагчаар Тайван улсын зохиолч Ян Шуан-зигийн бичиж, Лин Кингийн мандарин хятад хэлнээс англи хэл рүү орчуулсан Тайванийн аяллын тэмдэглэл (Taiwan Travelogue) роман тодорлоо. Уг бүтээл нь мандарин хятад хэлнээс орчуулагдан тус шагналыг хүртэж буй хамгийн анхны ном болсон нь мөн онцлох мөчүүдийн нэг байв. Уг роман 1930-иад оны Японы колоничлолын доорх Тайвань улсад өрнөх ба Тайванийн засаг захиргаанаас зохион байгуулсан аяллын үеэр Япон улсаас ирсэн зохиолч Аояма болон түүний Тайвань хөтөч, орчуулагч Чизүрү нарын дунд өрнөх харилцааг өгүүлнэ.
“Энэхүү романд гадаад хэл дээрх уран зохиолыг англи хэл рүү хөрвүүлэх явцад гардаг хүндрэл бэрхшээлийг огтхон ч нуугаагүй. Харин ч эсрэгээрээ өмнөх үг, зүүлт тайлбар, төгсгөлийн үг зэргийг ухаалгаар ашиглан, гол хайрын түүхийн гадуур уран зохиолын ер бусын далд давхаргыг бүтээж өгчээ. Орчуулагч Лин Кингийн чадварлаг хөрвүүлэг нь тус романы өгүүлэмжийн өнгө аясыг туйлын мэдрэмжтэйгээр уншигчдад хүргэж байна. Тайванийн аяллын тэмдэглэл роман нь хайр сэтгэлийн түүхийг өгүүлэхийн зэрэгцээ колоничлолын дараах үеийн нийгмийг хурцаар шүүмжилсэн нь зохиолчийн чадварыг харуулжээ. Шүүгчдийн хувьд бид энэхүү бүтээлийн олон талт давхарга, гүн гүнзгий утга санааны талаар баялаг хэлэлцүүлэг өрнүүлж, маш их таашаал авлаа. Энэ бол уншигчийг соронз мэт татах, нарийн нямбай бичиглэлээр тун ухаалаг сэдвийг буулгасан роман юм.” хэмээн онцолжээ.
2026 оны шилдэг бүтээлийн жагсаалтад түүх, эрх мэдэл, дүрвэгсдийн амьдрал болон дотоод дуу хоолой зэрэг сэдвүүдийг хөндсөн, эмэгтэй уран бүтээлчид давамгайлсан буюу зургаан зохиолчийн тав нь эмэгтэй зохиолчдоос бүрджээ. Шилдгээр шалгарсан номын зохиолч 50,000 фунт стерлинг шагнал авах ба зохиолч болон орчуулагч хоёр тэнцүү хувааж авдаг байна.
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт