Хаврын улирлын арьс арчилгаанд хүргэх зөвлөмжүүд

Өвлийн өглөө харанхуйд эхэлж, харуй бүрийд гэртээ ирдэг хэмнэл саяхан л мэт байсан бол өнөө өглөөний нар дулаанаар ээж, хэн бүхнийг гэгэлзүүлэх хаврын улирал нэгэнт ирснийг илтгэж буй.

Хаврын нарны туяа хацар үнсэх мэт зөөлөн буух хэр нь хавсарга салхи нээрээ л хавирга нэвт салхилахад арьс, үс хамгийн их хуурайшиж цочирддогийг хэн бүхэн мэднэ. Тэгвэл улирал солигдох үеийн арьс арчилгаанд тань тохирох зөвлөмжүүдийг хүргэж байна.


АРЬСАА ЧИЙГШҮҮЛЭХ АЛХМЫГ ЗӨВ ДЭС ДАРААЛАЛТАЙГААР МӨРДӨХ

Олон бүтээгдэхүүн давхарлан түрхэж арьсыг цочроохоос илүүтэй зөв алхмаар чанартай бүтээгдэхүүн түрхэх нь илүү үр дүнтэй мөн эрүүл сонголт болдог. Таны арьс арчилгаа хэдэн ч шат дараалалтай байсан ч бүтээгдэхүүнээ зөв дарааллаар хэрэглэх нь арьсанд шингэх, чийгшүүлэх зэрэг үндсэн гүйцэтгэлд шууд нөлөөлдөг байна. Арьсны онцлогоос шалтгаалан нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж болох ч хамгийн энгийн алхмуудыг мартуузай.


1. Цэвэрлэгч

Хамгийн эхний алхам бол арьсныхаа онцлогт тохирсон цэвэрлэгчээр бохирдлыг арилгаж, дараагийн бүтээгдэхүүн шингэх явцад бэлдэж өгнө.


2. Тоник

Нүүрээ угаасны дараа үлдсэн илүүдэл бохирдлыг гүйцэд цэвэрлэж, арьсыг дараагийн алхамд бэлтгэнэ.


3. Серум

Арьсанд тэжээл өгч, хөгшрөлт болон нөсөө толбыг эмчлэх шаардлагатай өндөр идэвхт бодисуудыг арьсны гүнд хүргэдэг.


4. Чийгшүүлэгч

Арьсны төрлөөс үл хамааран чийгийг хадгалж, арьсыг хамгаалахын тулд өдөрт хоёр удаа заавал хэрэглэх шаардлагатай.


5. Нарны тос

Өглөөний арьс арчилгааны хамгийн чухал хэсэг бол нарны тос юм. Нарны тосыг өглөө бүр түрхэх бөгөөд наранд удаан байх тохиолдолд хоёр цаг тутамд давхарлан түрхэж өгнө.


ХУГАЦАА НЬ ДУУССАН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙГ ХАЯХ

Шүүгээгээ цэвэрлэх үедээ хаях уу байх уу гээд боддог бүтээгдэхүүнээ та хэзээ авснаа санаж байна уу? Эргэлзэж байвал нэгэнт хаях цаг болжээ! Бүтээгдэхүүний савлагаа дээр задарснаас хойш хэрэглэх хугацааны тэмдэглэгээ нь тухайн бүтээгдэхүүн задалснаас хойш хэдэн сарын хугацаанд ашиглах ёстойг илтгэнэ. Хэрэв үнэр нь өөрчлөгдсөн, бүтэц нь шингэрсэн эсвэл хугацаа нь дууссан бүтээгдэхүүн байвал тохойндоо, өвдгөндөө түрхэнэ гэж хадгалалгүй шууд хаях хэрэгтэй.


МЭРГЭЖЛИЙН ЭМЧИД ХАНДАХ

Улирал солигдох үед арьс огцом хуурайших, батга гарах, будаг шингэхгүй байх зэрэг төрөл бүрийн асуудлууд нэмэгдэх нь түгээмэл. Энэ үед таны арьс яг ямар төлөвт байгааг мэргэжлийн арьсны эмчээс асууж, зөвлөгөө авах нь хамгийн зөв алхам юм. Уг суурь нь ямар шалтгаанаас болж арьс эмзэгшиж, өөрчлөгдөж байгааг мэдэхгүйгээр янз бүрийн бүтээгдэхүүн дур мэдэн турших нь арьсыг улам эмзэгшүүлж сорви тогтоох эрсдэлтэй. Мэргэжлийн эмч тохирох шинжилгээнүүдийн үр дүнд суурилан танд бүтээгдэхүүн санал болгох тул илүү үр дүнтэй буюу асуудлыг уг сууриас нь эхлэн эмчлэх нь урт хугацаандаа санхүүгийн хэмнэлт мөн болдог байна.


АРЬСАА ГУУЖУУЛАХ

Өвлийн хүйтэнд хуурайшиж, өнгөө алдсан арьсыг сэргээхэд гуужуулалт хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ гуужуулж байна гээд хүчтэйгээр үрэх, хэтэрхий халуун уураар утаж болохгүй. Найрлагандаа жижиг ширхэг агуулсан гуужуулагч бүтээгдэхүүнүүд нүүр гэлтгүй биеийн арьсыг ч урж гэмтээх эрсдэлтэй. Альфа гидрокси хүчил (AHA) эсвэл бета гидрокси хүчил (BHA) гэх мэт химийн найрлага агуулсан гуужуулагч бүтээгдэхүүнүүд харин арьсыг чийгшүүлэнгээ зөөлнөөр гуужуулдаг тул долоо хоногт ихдээ хоёр удаа хэрэглэхэд хангалттай.


НАРНЫ ТОС

Хүн бүр л нарны тос, нарны тос гэсээр сүүлдээ бараг залхах шиг, зүгээр л маркетингийн сурталчилгаа шиг санагдаж байна уу? Яалт ч үгүй арьс арчилгааны хамгийн чухал, улирал харгалзахгүй сонгох сонголт бол маргаангүй нарны тос хэвээр юм.

Өвлийн улиралд нарны хэт ягаан туяаны (UV) индекс бага байдаг бол гуравдугаар сараас эхлэн энэ үзүүлэлт огцом өсдөг. Гадаа хэдийгээр хүйтэн байсан ч нарны туяа арьсны гүнд нөлөөлөх чадвар нь зуныхтай ижил түвшинд хүрч эхэлдэг тул арьс түлэгдэх, нөсөө толбо үүсэх эрсдэл ихэсдэг байна. Сонголт хийхдээ нарны тосны хамгаалалтын түвшин нь SPF 30-аас дээш тосыг өглөөний арьс арчилгааныхаа хамгийн сүүлийн шатанд заавал түрхээрэй. Ялангуяа арьсаа гуужуулж байгаа үед нарны тос түрхэхгүй бол арьс амархан түлэгдэж, гэмтэх аюултай.


СТРЕССЭЭ ЗӨВӨӨР ТАЙЛЖ, АМЬДРАЛЫНХАА ХЭВШИЛ БОЛГОХ

Сэтгэл санаа хүчтэй хямарсан, сандарсан эсвэл ядарсан үед чонон хөрвөс, экзем, батга зэрэг арьсны өвчнүүд туурч эхлэх шалтгаануудын нэг байдаг. Арьс холцруутаж хуурайших нь нэг удаадаа эмчлээд өнгөрөх “шарх” адил энгийн тууралт биш юм. Амьдралын хэвшилдээ зөв дадлыг суулгах, чанартай нойр авч тохирсон дасгал хөдөлгөөн хийж стрессээ зөв тайлж сурах нь эрүүл гэрэлтсэн арьсны хамгийн чухал алхмуудын нэг билээ.


ДЕТОКС ХИЙХ

Арьс бол хүний биеийн хамгийн том эрхтэн буюу дотор эрхтний эрүүл мэндийг шууд харуулах "толь" билээ.

Детокс хийх үйл явцыг энгийнээр тайлбарлавал биед хуримтлагдсан хэрэггүй зүйлсийг гадагшлуулж, хэрэгтэй шим тэжээлээ авах орон зайг гаргаж байна гэж ойлгож болно. Биеийн бүх эсэд хүрч, тэнд хуримтлагдсан хог хаягдал, нян, үхсэн эсүүдийг шүүж, цэвэрлэдэг үүрэгтэй.

Хэрэв лимфийн тогтолцоо удаашран бөглөрвөл биеийн үрэвсэл гадагшилж чадахгүй, эсүүд дээрээ хуримтлагдсаар байдаг. Энэ нь батга, арьсны тууралт болон үрэвсэлт асуудлуудыг өдөөдөг. Лимфийн тогтолцоог цэвэр байлгаснаар арьсан доорх бохирдол, үрэвслийг илүү хурдан дарж, батга гарах эрсдэлийг бууруулдаг байна. 

М. Анухатан

2026-03-13, 09:58