Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг хэрхэн өнгөрүүлэх вэ?
Хаврын анхны дулаан салхи мэдрэгдэж, байгаль эх дэлхий аажмаар сэрж эхлэхтэй зэрэгцэн бид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтдаг билээ. Ээж, эмээ, эгч, дүү, найз гээд бидний амьдралыг илүү утга учиртай, илүү дулаан болгодог бүхий л бүсгүйчүүдэд талархал илэрхийлэх энэ өдөр жил бүр илүү утга төгөлдөр өнгөрөх ёстой мэт санагддаг. Гэвч энэ өдөр “ямар бэлэг авах вэ?”, "ямар бэлэг бэлэглэх вэ?" гэдгээс илүүтэй “энэ өдрийг хэрхэн дурсамжтай, аз жаргалтай өнгөрүүлэх вэ?” гэж бодох нь илүү үнэ цэнтэй. Учир нь Мартын 8 бол зүгээр нэг баярын өдөр биш. Энэ бол эмэгтэйчүүдийн эрхийг тунхаглах, эрх чөлөө, нийгэм дэх байр суурь, тэгш боломжийн төлөөх олон жилийн тэмцэл, ололтын өдөр юм.
Тиймээс энэ өдрийг хэрхэн илүү өөртөө анхаарал хандуулж, өөрийгөө сонсож, мартагдашгүй, үнэ цэнтэй өнгөрүүлэх талаар зөвлөгөөг хүргэж байна.
Шүүгээгээ цэгцлэх

Шүүгээгээ цэвэрлэх нь стресстэй тэмцэж, эндорфин буюу аз жаргалын дааврын түвшнийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тайвшрал, тайтгарал, нэг төрлийн бясалгал болж өгдөг. Та зөвхөн өөрийн шүүгээг цэгцэлж байна гэж бодож болох ч энэ нь нөгөөтээгүүр тархиа амрааж, цэгцлэх маш том боломж юм. Мөн шүүгээгээ цэвэрлэх үедээ өмсөхгүй хувцсаа ялгаж, хэрэгцээтэй хүмүүст нь өгч буян хийх боломжтой гэдгийг санаарай.
Адреналинаа ялгаруулах

Адреналин даавар ихээр ялгарах үед эрч хүч ихээр мэдрэгдэж ямар ч бэрхшээлийг даван туулж, шинэ өндөрлөгт хүрэх боломжтой мэт санагддаг. Иймд адреналин хамгийн ихээр ялгаруулдаг экстрим спортоор хичээллэхийг санал болгож байна. Адреналин спортод Paragliding буюу шүхрээр буух, Climbing буюу спорт авиралт, скейтбординг, серфинг зэрэг багтдаг.
Зураг зурах

Зураг зурах нь эмэгтэй хүний дотоод ертөнцийг нээж, сэтгэлийн тавгүй байдлыг арилгаж, дарагдсан мэдрэмжээс ангижруулж, өөрийгөө илүү таньж мэдэхэд тусалдаг. Түүнчлэн бүтээлч үйл ажиллагаа нь хүний сэтгэл санааг тайвшруулж, анхаарал төвлөрүүлэн, өдөр тутмын завгүй хэмнэлээс түр хугацаанд холдох боломжийг олгодог. Тиймээс эл өдөр тусгайлан цаг гаргаж, зураг зурах хэрэгслээ бэлдэн хүссэн зургаа зураарай.
Гэрийн спа хийх

Яагаад гэртээ спа хийж болохгүй гэж? Танд ванны давс, бөмбөлөг, гуужуулагч, маск, чийгшүүлэн тайвшруулах тос, лаа, үнэртэн байхад хангалттай. Спа танд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж, мэдрэл болон зүрх, судасны тогтолцооны үйл ажиллагааг мэдэгдэхүйц сайжруулдаг. Мөн сэтгэл санаа өөдрөг болж, эрч хүч нэмэгддэг давуу талтай.
Дотоод “хүүхдэдээ” цаг гаргах

Хүн бүрийн дотор “жижигхэн хүүхэд” байдаг. Дотоод “хүүхэд” бидний мөрөөдөл, сэтгэл хөдлөл, айдас, бүтээлч зан байдлыг хариуцдаг. “Бүх зүйл сайхан мэт боловч, дотор нэг зүйл хэвийн бус байна” гэж ярих хүн бишгүй олон байдаг. Тэгвэл энэ нь таныг өөрийн дотоод “хүүхдээ” тоолгүй орхисныг илтгэж буй нэгэн илрэл билээ. Тиймээс мэдрэмжээ дагаж, өөртөө цаг гаргаж, дотоод хүүхдээ олж, түүнийг сонсож, ярилцах нь өөрийгөө бүрэн дүүрэн олж мэдэх боломж юм.
Найз охидтойгоо үдэшлэг хийх

Найз охидтойгоо хүссэн сэдвийнхээ дагуу ярьж, өөрийнхөөрөө чөлөөтэй байж, хамгийн нарийн нандин зүйлсээ хуваалцах тэр дотно харилцааг та өөр хэнээр ч орлуулах боломжгүй. Тиймээс энэ өдрийг бүү алдаарай. Хайртай дуучныхаа дууг сонсож, хүссэнээрээ бүжиглэж, дуулж, амттай хоол идэж, дарс шимэн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлээрэй.
Үзвэр үзэх, их хотод маань зохиогдох үзвэрийн хуваариуд
Мэдээж энэ бол ямар ч баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хамгийн энгийн бөгөөд сонгодог арга. Учир нь урлаг хүний нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээдэг увдистай. Ингээд тус өдөр Улаанбаатар хотод эмэгтэйчүүдийн баярт зориулсан ямар ямар арга хэмжээ болох талаар сонордуулъя.
"Ромео Жульетта" эмгэнэлт драмын жүжиг

У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжиг нь Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа театрын нийт уран бүтээлчид болон МУГЖ ТС Ц.Төмөрбаатар, МУГЖ Б.Нармандах, СТА жүжигчин Ж.Даваасамбуу нарын бүрэлдэхүүнтэйгээр гуравдугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд тавигдах гэж байна.
Хэзээ: гуравдугаар сарын 6, 7, 8
Хаана: Улсын хүүхэд залуучуудын театр
Тасалбарыг: https://ticket.mn/event/2580
"Дурлалын ундаа" дуурь

Хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлт, хошин дуурь анх 1832 оны тавдугаар сарын 12-нд Милан хотын Театро делла Каноббиани-д тавигдаж байсан бөгөөд тус бүтээл нь орчин үеийн шийдэлтэйгээр Монголын тайзнаа анх удаа амилах гэж байна.
Хэзээ: гуравдугаар сарын 7
Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр
Тасалбарыг: https://ticket.mn/event/2091/
"Хориотой жүжиг" постдрамын жүжиг

Сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч, зохиолч, СГЗ Ц. Балдоржийн "Хориотой жүжиг'' 21 жилийн дараа дахин тайзнаа тавигдах гэж байна.
Хэзээ: гуравдугаар сарын 7
Хаана: Zaisan Hill Event hall
Тасалбарыг: https://ticket.mn/event/2948/
Women's Day Special With Naagii & Maraljingoo

Эмэгтэйчүүдийн баярын үдшийг дуучин Naagii болон Maraljingoo нар амьд хөгжмийн гайхамшигт тоглолтоороо чимж, үзэгчдэд онцгой үдшийг бэлэглэх гэж байна.
Хэзээ: гуравдугаар сарын 7
Хаана: Revo Garden Restaurant & Bar
Тасалбарыг: https://ticket.mn/event/2954/
Сайхан бүсгүй

Монголын рок поп урлагийн амьд домог болсон Хурд хамтлаг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гуравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд "Сайхан бүсгүй" хэмээх тоглолтоороо үзэгч, шүтэн бишрэгчидтэйгээ уулзах гэж байна.
Хэзээ: гуравдугаар сарын 7, 8
Хаана: UG Palace
Тасалбарыг: https://ticket.mn/event/2929