Хайх

Парисын загварын долоо хоногийн үеэрх анхаарал татсан тайз заслууд

Text: М. Анухатан


“Уран бүтээлч хүнд Парисаас өөр гэр энэ Европт үгүй” гэж тунхагласан Фридрих Ницшегийн үг одоог хэр нь бүтээлч салбарт амьдаар оршсоор байна. Тийм ээ, загварт хайртай хэн бүхний догдлон хүлээдэг Парисын загварын долоо хоног энэ сарын 2-ны өдөр эхэлж ид дундаа үргэлжилсээр.

Ердөө төсөөлөлд л багтах үлгэрийн ертөнцийн үргэлжлэл шиг найман талт цамхагтай үзэсгэлэнт цөөрөм, дизайнерын өөрийнх нь урланд орж ирээд арьсан буйдан дээр тухлан шар гэрлийн доор нандин яриа өрнүүлэх киноны хэсэг шиг… Амьдралын хамгийн нандин, бардам, хүчтэй дурсамжуудыг тодотгон үргэлжлүүлж байгаа загварын орднуудын 2026 оны намар-өвлийн загварын шоуг амилуулж байгаа тайз заслуудыг сонирхон харцгаая.


CHRISTIAN DIOR

Загварт хайртай хэн бүхний зүрхэнд “цэцэг” дэлбээлүүлж чадсан Жонатан Андерсон эмэгтэйчүүдэд зориулсан хоёр дахь цуглуулгаараа ахин нэг удаа амжилтаа бататгаад амжлаа.

Шоу нь Тюильри цэцэрлэгийн алдарт цөөрөм дээр тусгайлан барьсан аварга том найман өнцөгт шилэн байгууламж дотор өдрийн цагаар зочдыг хүлээн авсан нь Клауд Монегийн уран зураг адил хаврын зүүд шиг тансаг харагдаж байлаа. Усны сараана цэцэгсийг хувцас болон өндөр өсгийт дээрээ чимэг болгон оруулахаас гадна тайзны архитектурт шингээсэн нь дизайнерын санааг утга төгс илэрхийлж чаджээ. Өвс ногоо дэлбээлэн өнгө бүр тодрох догдлолыг төрүүлсэн уг шоу одоогоор үзэгчдийн дунд хамгийн ихээр яригдаж буй сэдэв болоод байна.


TOM FORD

Цэцгэн чимэглэл зөвхөн Christian Dior дээр дэлбээлээд зогссонгүй, Хайдер Акерманн мөн хир буртаггүй цав цагаан тайзан дээр амьд цэцгийн чимэглэлүүдийг аксесуар болгон “шигтгээ” мэт онцолжээ.

American Psycho киноны Патрик Бэйтмений хувцасны шүүгээг та санаж байна уу? Яг тийм уур амьсгалыг тус шоу цогцлоож, хурц, бардам хэр нь тэр хэрээр сэтгэл татам, төгс төгөлдөр дүр төрхийг санагдуулах загварууд танилцуулагдлаа.  Энэ удаагийн шоу дээр хар бэхээр чимэглэсэн амьд цахирмаа цэцэг, гүн бор өнгийн годонхой болон хүрэн ягаан өнгийн яргуй цэцгийг энгэрийн халаас болон арьсан цүнхний амсарт хавчуулсан нь хамгийн жижиг хэр нь сэтгэл татам чимэглэл байв. Нарийн эсгүүр, хурц өнцөгтэй цүнх, хүрж боломгүй өөгүй цагаан ханан дунд эл цэцгүүд “амьд” байснаараа шоуг ч мөн амьд байлгасан гэхэд хилсдэхгүй.


SAINT LAURENT

Saint Laurent намар-өвөл 2026 оны шоу Трокадерогийн талбайд Эйфелийн цамхгийн урд тусгайлан босгосон байршилд зохион байгуулагдлаа. Шалнаасаа тааз хүртэл үргэлжлэх аварга том шилэн цонх, хул шаргал өнгийн  модон хана болон арьсан буйдан, хээгүй цайвар хивс зэрэг деталиудыг бүрдүүлж өгсөн нь үзэгчдэд танил дотно мэдрэмж төрүүлэхээр зорьжээ. Улаан туяатай шар гэрэл таазнаас тусаж, дунд нь Ив Сен-Лорений гэрт байдаг цээж баримлын том хувилбарыг байршуулсан нь дизайнерын гэр, урлангийн зочны өрөөнд найзуудаараа цуглан урамтай бас амттай яриа өрнүүлж буй мэт санагдуулахаар бэлдсэн гэлтэй.


BALMAIN

Balmain загварын ордонд бүтээлч захирлаар томилогдоод гуравхан сарыг үдэж буй Антонин Трон өөрийн анхны коллекцоо танилцууллаа. Брэндийн шинэ өнгө төрхийг танилцуулсан тус шоунд тайзнаас шал хүртэл цагаан даавуун хөшиг унжсан нь дараагийн хуудас эхэлж байгааг илтгэнэ. Хөгжим эхэлж гэрэл бүдгэрэн шоу нээгдэхэд уур савсах нь зөвхөн эхлэлийг онцлохоос гадна дизайнерын минимал хандлагыг харуулжээ. Алтан тоног, нүсэр чимэглэлүүдээр үзэгчид дунд алдаршсан уг загварын ордны хувьд энгийн хэр нь хүчтэй сет дизайн байж чадлаа.


ALAÏA

Balmain брэнд шинэ бүтээлч захирлаа хүлээн авч байхад Питер Мюлье харин Alaïa загварын ордонд өөрийн сүүлчийн шоугаа хүргэлээ. Брэндийн түүхэн үнэт зүйлийг орчин үеийн технологитой хослуулан бэлдсэн эл шоунд уригдан ирсэн зочид хамгийн онцлох чимэг болж чаджээ. Энгийн зассан тайзны хажуугаар Питер Мюльегийн бүтээлүүдийг анхааралтай гэгч нь ажиглан харах эл зочид онцлохгүй байхын аргагүй байв.

LED гэрэлтэй тайзан дээр элдэв чимэглэл нэмэлгүй зөвхөн бүдэг гэрлээр тайван уур амьсгалыг зааланд бүрдүүлсэн нь дизайнер өнгөрснөө эргэн нэг санаж, дараагийн дизайнерт үүрэг даалгавраа хүлээлгэн өгч байгааг илтгэх даруухан хэр нь сэтгэл хөдлөм мөч байв.


Загварын долоо хоног гэдэг дизайнерын бүтээлүүдтэй танилцахаас гадна тэдний хүргэх санаа, дүрслэх гоо үзэсгэлэнг цогц хэлбэрээр харж болох “баяр” билээ. Нүүр будаг, үс засал, тайз болон хөгжим, ирсэн зочид, дизайнерын хүргэх санааг цогц байдлаар мэдэрч төдий хэрээр шинэлэг мөн бүтээлч шийдлүүдийг харж болох завшаан юм.

Үргэлжлэл бий…

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх