Maison Margiela брэнд үзэсгэлэнгийн товоо зарлалаа
"Анти-фэшн" үзэл буюу хувцас бол гоё сайхан өмсгөлөөс гадна дизайнерын дуу хоолойг хүргэх бүтээлч үйлдэл болохыг нотолж чадсан Бельги дизайнер Мартин Маржела одоог хэр нь загварын ертөнцөд хамгийн “төгс” маркетингийн жишээ хэвээр байгаатай хэн бүхэн санал нийлэх болов уу.
Тэгвэл уг загварын ордны үнэт зүйл, бүтээлч санаануудыг танилцуулах зорилготойгоор инсталляци болон дижитал архивуудаас бүтсэн үзэсгэлэн дэлгэгдэх тов зарлагдаад байна.



Тус үзэсгэлэн зөвхөн нэг удаа гараад зогсохгүй, БНХАУ-д дөрвөн өөр хотуудад үргэлжлэх буюу Шанхай хотод болох 2026 оны намар-өвлийн загварын шоуны үеэр зэрэгцэн эхлүүлэх тов зарлагджээ.
БНХАУ-д дэлгэгдэх үзэсгэлэнгийн хуваарийг толилуулбал:

Шанхай хот (дөрөвдүгээр сарын 2–6):
“Artisanal: Creative Laboratory” үзэсгэлэн. Брэндийн өндөр зэрэглэлийн кутюр загварууд болон гар ажиллагааны нарийн хийцүүдийг онцолно.

Бээжин хот (дөрөвдүгээр сарын 7–12): “Anonymity: Our History of Masks” үзэсгэлэн. Брэндийн нэрийн хуудас болсон “нууцлаг байдал” буюу хэн бүтээсэн нь чухал бус ямар бүтээл гаргасан байгааг онцлохыг зорьсон бүтээлч ажлуудын тэмдэглэл багтана.

Чэнду хот (дөрөвдүгээр сарын 9–13): “Tabi: Collectors” үзэсгэлэн. Maison Margiela брэндийн нэрийн хуудас болсон "Tabi" гутлын түүхийг өгүүлнэ.

Шэньжэнь хот (дөрөвдүгээр сарын 11–12): “Bianchetto: Atelier Experience” үзэсгэлэн. Брэндийн нэрийн хуудас болсон цагаан өнгөний утга учир, уг өнгийг загварууд дээрээ хэрхэн ашигладаг талаарх тайлбар дэлгэгдэнэ.

Үзэсгэлэнтэй холбоотойгоор тус загварын ордон түүхэндээ анх удаа өөрсдийн дотоод Dropbox буюу архивын хавтаснуудаа дэлгэн харуулна. Төсөл хэрэгжих явцад шинэ бүтээлч санаа, гар зураг, тэмдэглэл, анхны санаанаас эхлээд үзэсгэлэн болох хүртэлх бүх шат дамжлагыг бодит цаг хугацааны хэлхээтэй баримтжуулан харуулж байгаа нь үзэгч, сонирхогч хэн бүхэнд онцлог байх болой.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт