Өмд, даашинз ба пиджак - Энэ намар савхин хувцаснуудыг хэрхэн загварчлах вэ?

Намрын гол трендүүдийн нэг

Цас орон эрс хүйтэрч урт куртка дотор нуугдахаасаа өмнө намрын гоёмсог трендүүдийг амжиж туршаарай. Тэдгээр трендүүдийн нэг бол савхин хувцас юм. Өмднөөс эхлээд цамц, даашинз, хүрэм гээд бүх төрлийн савхин материалтай хувцаснууд энэ улиралд анхаарлын төвд байх болно. Харин уг трендийг хэрхэн өдөр тутамдаа хэрэгжүүлэхийг бид доорх гурван жишээгээр харуулж байна.


I

Савхин материалтай мини даашинз нь өөрөө хангалттай загварлаг хувцас тул элдэв зүйлсээр баяжуулах шаардлагагүй. Харин сэрүүн өдрүүдэд ийм төрлийн даашинзыг өвдөг давсан түрийтэй гуталтай хослуулбал дулаан бөгөөд гоёмсог харагдана.


II

Эрэгтэй эсгүүртэй савхин пиджакийг 1990-ээд оны моданы дагуу өндөр суудалтай жийнсэн өмд ба энгийн свитертэй хослуулахыг зөвлөж байна. Мөн хар савхин загварыг заавал ижил өнгийн аксесуаруудтай хослуулна гэлтгүй бор савхин гутал, цүнх зэргээр илүү өнгөлөг, баялаг болгох боломжтой.


III

Савхин өмдийг харин урт тренч цув болон хөлд эвтэйхэн кеттэй хослуулбал өдөр тутамд тохиромжтой энгийн атлаа загварлаг төрх бүрдэнэ.

Buro.Mongolia

2019-09-23, 12:00