
Met Gala 2025: Улаан хивсний шилдэг төрхүүд
Хувцас загварын хамгийн том арга хэмжээнүүдийн нэгт тооцогддог Met Gala үдэшлэг уламжлал ёсоор жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гарагт зохион байгуулагддаг билээ. Энэ жилийн хувьд ч мөн адил тус арга хэмжээ тавны өдөр ёслол төгөлдөр эхлээд байна. 2025 оны Met Gala "Tailored For You" гэх дресс кодын дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ нь үзэсгэлэнгийн гол сэдэв болох “Superfine: Tailoring Black Style”-д хүндэтгэл үзүүлж буй хэрэг юм.
Улаан хивсний ёслол дээр хүрэлцэн ирсэн ихэнх зочид сонгодог хослолыг үдшийн даашинзтай хослуулсан, эсвэл хар, цагаан өнгийн даавууг голлон ашиглаж, уран нарийн зохиомжтой, өвөрмөц төрхийг бүрдүүлсэн байлаа. Тухайлбал, Жени, Деми Мур, Приянка Чопра, Хантер Шаффер, Лиза, Энн Хэтэуэй, Жоди Тёрнер зэрэг алдартнууд онцгой хэв маяг, өвөрмөц төрхөөр олны анхаарлыг татлаа.
Энэ жилийн Met Gala-г Анна Винтурын хамтаар Колман Домингго, Льюис Хамилтон, A$AP Rocky болон Фаррелл Уильямс нар хамтран зохион байгуулж буй юм.
Дашрамд дурдахад, энэхүү үзэсгэлэн нь XVIII-р зуунаас өнөөг хүртэлх үеийг хамарсан хувцас хэрэглэл, гоёл чимэглэл, уран зураг, гэрэл зураг, чимэглэлийн урлаг зэрэг олон төрлийн бүтээлээр дамжуулан Африк-Америк гаралтай эрчүүдийн хэв маяг, гоёлын соёлын түүхийг дэнди соёлыг төв болгож харуулж байна. Үзэсгэлэн нь судлаач Моника Л. Миллерийн 2009 онд бичсэн Slaves to Fashion: Black Dandyism and the Styling of Black Diasporic Identity номоос санаа авчээ.
Ингээд Met Gala 2025 үдэшлэгийн улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүдтэй танилцана уу.























































































































