Хайх

Хүзүү болон цээж хэсгийн арьсыг хэрхэн зөв арчлах вэ?

Хүзүү болон цээж хэсгийн арьсыг хэрхэн зөв арчлах вэ?

Өдөр тутамдаа мөрдөх хэрэгтэй зөвлөмжүүд

Text: Buro.Mongolia


Бидний хүзүү болон цээжний арьс биеийн бусад хэсгийн арьснаас хамаагүй хурдан хөгширч, торгомсог байдлаа алддаг. Хүзүү, цээж хэсгийн арьс илүү нимгэн, эмзэг төдийгүй тосны булчирхай бараг агуулдаггүй  учир хамгийн түрүүнд үрчлээтэж, унжиж эхэлдэг билээ. Зөвхөн эмэгтэйчүүдийн гэлтгүй эрчүүдийн ч санааг зовоодог энэхүү асуудлаас хэрхэн урьдчилан сэргийлж, арьсаа зөв арчлах талаар мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөмжүүдийг хүргэж байна.


Хүзүү болон цээжний арьсанд сөргөөр нөлөөлдөг бусад хүчин зүйлс


  • Хэт их ачаалал авах

Хүзүү маш хөдөлгөөнтэй хэсэг бөгөөд бид байнга л толгойгоо ийш тийш нь эргүүлж, дохиж, олон төрлийн хөдөлгөөн үйлддэг. Хүзүүний булчингууд бараг амардаггүй тул хүзүү, цээж хэсгийн арьс сунаж, хурдан үрчлээтдэг юм. 

  • Буруу байрлалтай суух

Хүмүүс гар утсаа ширтэхдээ, компьютерын өмнө удаан хугацаагаар сууж ажиллах үедээ нуруугаа бөгтийлгөж, мөрний буруу байрлалтай сууснаар нурууны доод болон дунд хэсгээр өвдөх үндсэн шалтгаан болдог байна. Түүнчлэн ийм байрлалтай удаан хугацаагаар суух нь мөрний дээд хэсэг болон хүзүү орчимд тав тухгүй байдлыг үүсгэж, үрчлээс үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.

  • Хүнд жинтэй гоёл чимэглэл зүүх

Жишээ нь том хэмжээний, хүнд хүзүүний зүүлт зүүх нь арьсыг сунгаж, үрчлээс үүсэхэд нөлөөлдөг. 


Тэгвэл хүзүү, цээж хэсгийн арьсыг хэрхэн зөв арчлах вэ?


  • Асуудал үүсэхээс нь өмнө арчилж хэвших

Арьс, гоо сайхны мэргэжилтнүүд ямар нэгэн хөгшрөлтийн шинж тэмдэг илрээгүй байсан ч хүзүү, цээжний арьсыг байнга арчилж байхыг зөвлөдөг билээ. Учир нь хэрэв арьсанд гүн үрчлээс болон бусад таагүй зүйлс нэгэнтээ үүссэн л бол дараа нь асуудлыг зөвхөн косметик бүтээгдэхүүний тусламжтай шийднэ гэдэг бараг л боломжгүй зүйл юм. Мөн арьсны уян хатан чанарыг хангадаг уургийн нэг төрөл болох коллагены үйлдвэрлэл нь хүнийг 20 нас хүрэхэд удааширч эхэлдэг бөгөөд энэ нь хөгшрөлтийн процесс явагдаж эхэлснийг илтгэж байгаа юм. Тиймдээ ч та 20 нас хүрсэн бол өдөр тутамдаа заавал хүзүү, цээж хэсгийн арьсаа арчилж байх хэрэгтэй юм шүү. Хуурайшиж, эрт хөгширч, тэжээлээ алдсан арьс эрүүл харагддаггүй гэдгийг сайтар санаарай.

  • Нарны хэт ягаан туяанаас хамгаалах SPF-тэй бүтээгдэхүүн заавал хэрэглэх

Та бүгдийн сайн мэдэж байгаачлан, мөн бидний зүгээс тогтмол зөвлөдгийн дагуу нарны тосыг хэзээд, ямар ч улиралд, гэртээ ч тогтмол түрхэх хэрэгтэй. Тэр тусмаа хүзүү, цээжний арьс маш эмзэг тул тус хэсгүүдээр нарны туяанаас үүдэлтэй нөсөө толбо болон бусад арьсны эмгэг үүсэх нь элбэг байдаг.

  • Тусгай орц найрлагатай бүтээгдэхүүнүүд хэрэглэх

Дийлэнх бүсгүйчүүд хүзүү, цээжний арьсан дээрээ нүүрний тосоо түрхчихдэг. Энэ нь тийм ч зөв арга биш гэдгийг мэргэжилтнүүд анхааруулдаг билээ. Учир нь өөр өөр биеийн хэсгүүдийн арьс харилцан адилгүй арчилгаа шаарддаг юм. Тийм учраас тухайн биеийн хэсэгт тохирсон бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй. Жишээ нь өдөр тутмын хүзүү, цээжний арьс арчилгаандаа витамин А болон витамин С агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхийг зориорой. Витамин А нь арьсны эд эсийг хурдан хугацаанд төлжүүлж, арьсны гадарга дээр шинэ эд эсийг гаргаж ирдэг бол витамин С нь хөгшрөлтийг удаашруулан арьсыг цайруулах үйлчилгээтэй юм. Мөн арьсыг гүн чийгшүүлж, арьсны үндсэн хэсэг болох эластин дахь ус болон уургийг нөхөн сэргээж, залуужуулах зорилгоор гиалуроны хүчил, түүнчлэн арьсан дээрх үхсэн эсүүдийг гуужуулж, арьсны гадаргууг гөлгөр болгох үүднээс жимсний хүчилтэй бүтээгдэхүүн сонгоорой. Хүзүү, цээжний арьсан дээр бүтээгдэхүүнүүдээ доороос нь дээш, иллэг хийх байдлаар зөөлөн түрхэж өгснөөр эмзэг арьсыг гэмтээхээс сэргийлэх юм.

  • Гуужуулагч хэрэглэх

Та долоо хоногт нэг удаа нүүрний арьсандаа хэрэглэдэг гуужуулах үйлчилгээтэй пилингийг хүзүү, цээжний арьсандаа мөн хэрэглэж заншаарай. Ингэснээр хуурайшиж, үхэжсэн эд эсүүдийг гуужуулан, арьсыг улам толигор сайхан харагдуулахад тустай билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх