Хайх

Төвийн халаалт ирсэн үед арьсаа хэрхэн арчлах вэ?

Төвийн халаалт ирсэн үед арьсаа хэрхэн арчлах вэ?

Мөрдөх хэрэгтэй 5 чухал дүрэм

Text: Buro.Mongolia


Хүйтний улиралд бид арьсандаа онцгой анхаарах шаардлагатай байдаг. Энэ нь зөвхөн өвлийн хүйтэн, хуурай салхи, цас, шороо зэргээс төдийгүй халаалтаас мөн үүдэлтэй юм. Төвийн халаалт байшин доторх агаарыг хуурайшуулж, агаар дахь чийгшлийн хэмжээ бүр 20% хүртэл буурдаг нь яг л онгоц доторх агаартай ижил байдаг. Ийм нөхцөлд арьс бүр ч их хуурайшиж, гадаргуу дээр нь бичил хагарлууд үүсэж, дотор нь бохирдол цуглардаг. Энэ үед тослог арьс илүү эрчимтэй себум ялгаруулж, үр дүнд нь хар батга үүсдэг. Харин эмзэг арьс ихэвчлэн улайж, бүр илүү мэдрэг болдог билээ. Тиймээс эдгээр асуудлаас сэргийлэхийн тулд дараах таван дүрмийг мөрдөж, халаалтын сөрөг нөлөөг буруулах боломжтой.


Хэт халуун ус хэрэглэхээс татгалзах

Төвийн халаалт ирсэн үед арьсаа хэрхэн арчлах вэ? (фото 1)

Хүйтэн өдрүүдэд ажлаа тарсны дараа гэртээ ирээд маш халуун устай ваннд хэвтэх нь мэдээж хурдан дулаацуулж, таатай мэдрэмж төрүүлнэ. Гэвч арьсны мэргэжлийн эмч нар маш өндөр даралттай халуун усны улмаас арьс хурдан чийгшлээ алдаж, улмаар хуурай, таталдсан мэдрэмжтэй болдгийг анхааруулдаг билээ. Тиймээс арьсны чийгшлийн тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд аль болох тасалгааны хэмтэй, бүлээн ус ашиглахыг зөвлөж байна.

Заавал тонер ашиглаж хэвших

Төвийн халаалт ирсэн үед арьсаа хэрхэн арчлах вэ? (фото 2)

Гоо сайхны салбар цаг тутамд өөрчлөгдөж байна гэхэд хилсдэхгүй. Гоо сайхны дэлгүүрээр зочилбол өөр төрлийн үйлчилгээтэй, өөр өөрийн онцлогтой олон зуун бүтээгдэхүүн худалдаалах болсон. Тэдгээрээс өөрийн арьсны онцлогт тохирсон, яг хэрэгтэй гэсэн бүтээгдэхүүн сонгох нь тун амаргүй болоод байна. Гэвч тонер нь хүн бүрд байх хэрэгтэй бүтээгдэхүүн гэдэгтэй та санал нийлэх биз ээ. Ялангуяа төвийн халаалт ирсэн үед тонер нь арьсны хүчил шүлтийн тэнцвэрийг сэргээдэг. Хүчил шүлт тэнцвэртэй байх нь хүрээлэн буй орчны хорт нөлөөнөөс хамгаалж, себумыг хэвийн явагдах үндэс суурь болдог юм. Мөн тонер нь хүчил шүлтийн тэнцвэрийг хэвийн болгохоос гадна арчилгааны дараагийн үе шат болох серум, тосны үр нөлөөг илүү сайжруулдаг.

Заавал өтгөн бүтэцтэй тос хэрэглэх шаардлагагүй

Төвийн халаалт ирсэн үед арьсаа хэрхэн арчлах вэ? (фото 3)

Ихэнх хүмүүс хүйтний улиралд аль болох тосон, өтгөн бүтэцтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй гэсэн ташаа ойлголттой байдаг. Гэхдээ арчилгаа хийхдээ зөвхөн тосон бүтээгдэхүүнүүд хэрэглэвэл эдгээр нь арьсны нүх сүвийг бөглөж, үрэвсэл үүсгэнэ. Тиймээс намар болон өвлийн улиралд найрлагадаа церамид, триглицерид агуулсан бүтээгдэхүүн сонгоорой. Энэ хоёр найрлага нь арьсны хамгаалалтын бүрхүүлийг бэхжүүлж, чийгшлээр хангана. 

Биеийн арьсаа ч мөн арчлах

Төвийн халаалт ирсэн үед арьсаа хэрхэн арчлах вэ? (фото 4)

Бидний биеийн арьс нүүрний арьстай л адил чийгшлээ алдаж, эмзэгшдэг. Тиймээс найрлагадаа хүчтэй химийн бодис агуулаагүй, байгалийн гаралтай, зөөлөн саван болон тос сонгох нь зүйтэй. Тос нь гиалуроны хүчил, сквалан ургамал болон церамид агуулсан бол сайн.

Чийгшүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн сонгох

Төвийн халаалт ирсэн үед арьсаа хэрхэн арчлах вэ? (фото 5)

Зуны халуун өдрүүдэд бид минимал хэрэглээ рүү шилжиж, бидний арчилгаа ердөө тонер, тосноос бүрддэг. Тэгвэл хүйтний улиралд энэ жагсаалтад серум, ампул зэргийг нэмэх хэрэгтэй билээ. Мөн долоо хоногт 1-2 удаа чийгшүүлэх үйлчилгээтэй нүүрний маск тавих шаардлагатай юм. Эдгээрийг тогтмол хэрэглэвэл төвийн халаалттай үед арьс тань ямар ч асуудалтай тулгарахгүй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх