
Өдөр бүрийн зөв дадлаас эхтэй эрүүл үсний арчилгаа
Бидний хувьд гоо сайхан гэхээр л ихэнхдээ гадуур салон орж, мэргэжлийн үйлчилгээ авах тухай бодогддог. Гэвч заримдаа хамгийн оновчтой арга, хамгийн амттай тайвшрал өөрийн тань угаалгын өрөөнд нуугдаж байдаг гэдгийг тэр бүр анзаардаггүй. Салонд орсон мэт намирсан, гялалзсан, зөөлөн үсийг гэрийн нөхцөлд ч бий болгож яагаад болохгүй гэж? Үнэтэй бүтээгдэхүүн, олон шат дамжлага шаардалгүйгээр үсээ эрүүлжүүлэх, тордох ухаалаг бөгөөд үр дүнтэй аргууд бий. Торгомсог, гялалзсан, бат бөх үс нь өдөр тутмын энгийн дадал зуршлын үр дүн билээ.

Үсээ зөв самнахын ач холбогдол
Үсээ үргэлж үзүүрээс нь эхэлж самнах ба зөөлөн хөдөлгөөнөөр эхлээд үсний доод хэсгийг, дараа нь дээд хэсгийг самнах хэрэгтэй. Үзүүр хэсгээ эхэлж самнах нь ширэлдээг гэмтээхгүйгээр гаргахад тус болдог. Ингэснээр үсний уналт багасаж, гэмтэл үүсэхээс сэргийлэх анхны алхам болох юм.
Эрүүл үсний нууц - Эрүүл хуйх
Хуйх бол эрүүл үсний үндэс. Үхэжсэн арьсны эсүүдийг арилгах, бохирдлыг цэвэрлэх, цусны эргэлтийг сайжруулах зорилгоор сард 1–2 удаа хуйхаа зөөлөн гуужуулах хэрэгтэй. Мөн хуйхандаа давхар массаж хийж өгөх нь тархины үйл ажиллагаанд ч эерэг нөлөө үзүүлдэг.
Үсийг зөөлөн угаах дүрэм
Ихэнх хүмүүс үсээ угаахдаа шампуниа түрхэж, шууд л огцом хөдөлгөөнөөр үрж эхлэх нь элбэг байдаг. Тэгвэл хамгийн зөв угаалт бол гарын алаг дээр бага зэрэг шампунийг аван хөөсрүүлсний дараа хуйхандаа зөөлөн массаж хийн түрхэх юм. Бий болсон хөөсийг үсний уртад жигд тараах нь үсийг хуурайшуулахгүй ба гэмтэхээс сэргийлнэ. Түүнчлэн, нэг төрлийн шампунь тогтмол хэрэглэхийн оронд үснийхээ төлөв, улирал, шаардлагаас хамааран сэлгэж хэрэглэх нь илүү тохиромжтой байдгийг анхаараарай.
Алгасаж болохгүй алхам - Ангижруулагч
Ангижруулагч бол тэжээл хадгалах түлхүүр ба үс арчилгааны хамгийн чухал алхмуудын нэг. Ангижруулагч нь үсний гадаргууд хамгаалалтын бүрхүүл үүсгэж, шим тэжээлийг “түгжих” үүрэгтэй. Түрхэхдээ үсний уг хэсэгт хүргэхгүйгээр зөвхөн урт хэсэгт нь тарааж, угаалт бүрийн араас хэрэглэнэ.
Үсийг сэргээх түлхүүр
Тэжээлийн маск бол үс арчилгааны чухал шатуудын нэг. Маск нь гэмтсэн үсийг тэжээж, зөөллөж, байгалийн гялалзсан төрхийг сэргээж өгдөг. Үсээ угааж, хатаасны дараа маскаа түрхээд 20–30 минут орчим байлгасны дараа халуун бүлээн усаар зайлна.
Гялалзах хүч
Үс арчилгааны сүүлийн алхам бол серум. Серум нь үсний ширхэг бүрийг бүрхэж, гялалзуулах, зөөлрүүлэх, хөвсийлгөх, гэмтлээс хамгаалах зэрэг олон үүрэгтэй. Үсний онцлогтоо тохируулан серумын төрлөө сонгоорой.
Үсэнд амьдрал бэлэглэх хүйтэн хатаалт
Үсээ угаасны дараа байгалийн аргаар хатаах нь эрүүл мэт боловч сөрөг нөөлөөтэй. Удаан чийгтэй байснаар үсний бүтэц өөрчлөлтөд ороход хүрдэг. Харин халуун сэнсээр хатаах нь үсийг бүхэлд нь гэмтээх эрсдэл үүсгэдэг. Тиймээс үс хамгаалах бүтээгдэхүүн цацаж, сэнсээ хүйтэн горимд тохируулан хатаах нь хамгийн зөв шийдэл болно.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт