Энэ өвлийн маникюрын тренд: Супер богино хумс
Өвлийн улиралд богино хумс дахин хүчтэй тренд болж байна. Минималист загвар, өдөр тутмын практик хэрэглээнд тохиромжтой байдлаараа олон хүн урт, шовх хэлбэртэй хумсаас татгалзаж эхэлжээ. Жишээлбэл, Emily in Paris цувралын тавдугаар бүлгийн шинэ зургууд дээр жүжигчин Лили Коллинз богино, цэвэрхэн маникюраар гоёсон нь олон нийтийн анхаарлыг багагүй татаад амжсан байна.
Ингээд энэ улирлын тренд болж буй маникюрын чиг хандлагатай танилцацгаая.
Богино хэлбэрийн гоо зүй
Маш богино хумс гэдэг зүгээр нэг тайрсан хумс биш, харин цэвэр шугамтай, цэгцтэй минималист төрхийн илэрхийлэл билээ. Жишээлбэл компьютер дээр тасралтгүй ажилладаг, хумсны өнгөө ойр ойрхон солих дуртай, эсвэл бяцхан хүүхдүүдтэй ээжүүдэд яг тохирно. Мөн short square хэлбэр нь богино хумсан дээр хамгийн шик, гоёмсог төрхийг үүсгэж өгдөг. Харин та илүү зөөлөн, эмэгтэйлэг харагдахыг хүсвэл бүйлсэн эсвэл дугуй хэлбэрийг сонгоорой.


Шоколадан бор өнгө
Харин энэ өвлийн маникюрын гол өнгөөр гүн шоколадан бор өнгө тодроод байна. Жүжигчин Лили Коллинз зураг авалтын үеэр яг энэ өнгийг богино маникюртай хослуулсан харагдсан. Гүн бор өнгө нь богино хэлбэртэй хумсанд цэвэрхэн, тансаг мэдрэмж өгөхөөс гадна өвлийн улиралд халуун шоколад шиг зөөлөн, тайван, дулаахан хэв маяг үүсгэдэг гэдгээрээ онцлог юм.

Хэрэв гүн шоколадан бор өнгө танд арай хүчтэй санагдаж байвал илүү зөөлөн, ягаавтар бор, латте шиг бор эсвэл завсрын дулаан бор өнгийг туршаад үзээрэй. Мөн илүү чамин харагдуулахыг хүсвэл glaze эсвэл cateye эффект давхарлаж болно.





