Хайх

Нүүр будалтын шинэ тренд: Undereye Blush

Нүүр будалтын шинэ тренд: Undereye Blush

Text: Э.Цовоо


Сүүлийн үед TikTok, Instagram зэрэг сошиал платформууд дээр бьюти блоггерууд, инфлюнсерүүд нэгэн сонирхолтой нүүр будалтын техникийг эрчимтэй хэрэгжүүлэх болжээ. Тэд үүнийг "undereye blush" хэмээн нэрлэж байгаа бөгөөд энэ нь нэг ёсондоо нүдний доорх хэсэгт ягаан туяа нэмж, царайг илүү эгдүүтэй, зөөлөн, залуу харагдуулахад чиглэсэн арга юм. 


 ХАЦАР БИШ, НҮДНИЙ ДООР

Blush буюу хацар өнгөлөгч нь нүүрэнд эрүүл, дулаан туяа нэмдэг үндсэн бүтээгдэхүүн билээ. Харин undereye blush нь энэ ойлголтыг нэг алхам урагшлуулж, хацар өнгөлөгчийг нүдний доор болон дээд хацрын уулзвар хэсэгт зөөлөн уусган байрлуулах техникийг хэлнэ. Ингэснээр нүүрний ерөнхий төрхөд дулаан, сэргэг мэдрэмж нэмж өгдөг аж.

Магадгүй энэхүү арга нь танд шинэ, сонирхолтой мэт санагдавч угтаа 1990-ээд онд Японы мейк-ап артист Шинобу Игаригийн танилцуулсан “Igari makeup” хэв маягтай холбоотой гэнэ. Анимэ дүрүүдийн ичингүйрсэн, байгалийн мэт улаан хацраас сэдэвлэсэн энэ төрх тухайн үедээ этгээд, содон санагдаж байсан бол өнөөдөр сошиал медиа эринд дахин мэндэлж, шинэ үеийн гоо сайхны илэрхийлэл болон хувирчээ.


ЯАГААД ДАХИН АНХААРЛЫН ТӨВД ОРОВ?

Нүдний доод зовхи нь ядаргаа, стресс, нойр дутуу байдлаас шалтгаалан амархан унжиж, улмаар хөх туяа зовхины эргэн тойронд үүсдэг. Харин ягаан, тоорын өнгө нь хөхөвтөр сүүдрийг тэнцвэржүүлж, нүүрийг илүү сэргэг, амьд харагдуулах чадвартай юм.

Түүнчлэн undereye blush нь “clean girl” хэмээх минимал хэв маягаас арай илүү мэдрэмжтэй, романтик харагдуулж өгдөг гэдгээрээ онцлог. Нөгөөтээгүүр Gen Z үеийнхэн нүүр будалтыг төгс өөгүй харагдуулах хэрэгсэл гэхээс илүү өөрийгөө илэрхийлэх хэлбэр гэж үзэх болсон энэ үед энэхүү техник нь тэдний гоо сайхны философитой төгс нийцэж буй хэрэг юм.


ХЭРХЭН ЗӨВ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

  • Өнгөний сонголт: Арьсны өнгөндөө тохируулан зөөлөн ягаан, тоор, улаандуу туяа сонгоно. Хэт бараан эсвэл шаргалдуу өнгө нь нүдийг ядарсан мэт харагдуулж болзошгүй.
  • Бүтэц: Шингэн болон кремэн бүтэцтэй хацар өнгөлөгч илүү тохиромжтой. Хуурай нунтаг бүтээгдэхүүн нь зовхины нарийн арьсан дээр барзайж, будалтыг ширүүн харагдуулж мэднэ.
  • Тэнцвэр: Хацар өнгөлөгч тавихаас өмнө өө дарагчийг хэт зузаан биш, нимгэн давхарлаж хэрэглээрэй. Мөн өөрийн арьсны өнгөндөө тохирсон өө дарагч сонгох нь чухал.  

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх