Хайх

Цайруулсан хөмсөг - супертренд. Гэрийн нөхцөлд хэрхэн ийм үр дүнд хүрэх вэ

Цайруулсан хөмсөг - супертренд. Гэрийн нөхцөлд хэрхэн ийм үр дүнд хүрэх вэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөт, химитэй, өд мэт нарийн ширхгүүдтэй гээд сүүлийн үед хөмсөгний төрөл бүрийн трендүүд дэлгэрээд байгаа. Харин одоо хамгийн сүүлийн үеийн нэгэн шинэ тренд үүсээд байгаа нь цайруулсан хөмсөг юм. Хөмсгийг цайруулсан үед нүүр бүхэлдээ өөр болж харагддаг бөгөөд хүмүүсийн анхаарал шууд л нүд болон уруул руу шилждэг. Цайруулсан хөмсөгтэй үед уруулаа тод өнгөөр будах нь маш этгээд, cool харагддаг төдийгүй ер нь л бүх төрлийн мейкапууд илүү сонирхолтой болж ирдэг. Хөмсгийг үс болон арьсны өнгөнөөс үл хамааран хэн ч цайруулах боломжтой бөгөөд ганц асуудал нь үүнд таны эр зориг хүрэх үү л гэдэгт оршиж байна.

Бид энэ сэдвээр мэргэжлийн нүүр хувиргагч Виктория Шнайдераас зөвлөгөө авч, гэрийн нөхцөлд хэрхэн хөмсгөө цайруулж болохыг асуулаа. Харин тэрээр бидэнд богино болон урт хугацааны үр дүнтэй хоёр аргыг хэлж өгсөн юм.

"Хөмсгийг цайруулах хэд, хэдэн арга байдгаас илүү эрсдэл багатай, нэгхэн өдрийн хугацаатай арга нь нарийн ширхэгтэй, цайвар өнгийн үстэй бүсгүйчүүдэд илүү тохиромжтой. Үүнд танд зөвхөн цэвэрхэн хөмсөгний сам болон өтгөн, матт бүтэцтэй консилер шаардлагатай болно."

  1. Цэвэрхэн самаар хөмсгөө самнана.
  2. Самныхаа үзүүрт багахан хэмжээний консилер түрхэж, хөмсөгний үсний ургалтын эсрэг түрхэнэ. Ингэснээр хөмсөгний үс бүрийг угаас нь үзүүр хүртэл сайтар будах боломжтой байна.
  3. Хөмсөгнийхөө үснүүдийг эргээд ургалтынх нь дагуу самнаж, байранд нь оруулна.

Энэ арга нь ердөө нэг өдрийн турш, нүүрээ угаах хүртэл тогтоцтой байх бөгөөд үүнд жишээ нь M.A.C брэндийн Kevyn Aucoin эсвэл Paint Pots нэртэй консилеруудыг ашиглаж болно.

Харин илүү удаан хугацааны үр дүнтэй хоёр дах арга нь хөмсгийг будагны тусламжтай цайруулах явдал юм.

  1. Юуны өмнө хөмсөгний хэсгийн арьсан дээрээ заавал зориулалтын хамгаалалтын тос түрхэх хэрэгтэй. Зориулалтын тос байхгүй тохиолдолд ямар ч хамаагүй өтгөн бүтэцтэй тос байж болно. Тос түрхсэнээр харшлын реакц үүсэхээс сэргийлнэ.
  2. Цайруулах бүтээгдэхүүнийг оксигенттэй (будагтай урвалд ордог тусгай шингэн) холино. Оксигент нь ихэвчлэн үс цайруулах бүтээгдэхүүний хамт дагалдаж ирдэг.
  3. Хөмсгөө сайтар самнаж, цайруулах бэлдмэлээ хангалттай хэмжээнд түрхэнэ.
  4. Дараа нь ойр ойрхон хөмсгөө самнаж, үс цайрах үйл явцыг ажиглаж, хянах хэрэгтэй.
  5. Цайруулах бүтээгдэхүүнийг хэрэглэх заавар дээр байгаа заагдсан хугацаа дууссаны дараа будгийг арилгаж, хөмсгөө сайтар угаана.

Хэрвээ таны хөмсөг байгалиасаа бараан өнгөтэй бол цайруулсны дараа бага зэрэг шар туяатай болж болзошгүй. Энэ тохиолдолд цайвар өнгөтэй үсний будгаар нэмэлт будалт хийж, өнгийг нь өөрчлөх боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх