Хайх

Эртний уран зурагт дүрслэгдсэн баатрууд яагаад бараг инээмсэглэдэггүй байсан бэ?

Эртний уран зурагт дүрслэгдсэн баатрууд яагаад бараг инээмсэглэдэггүй байсан бэ?

Амны хөндийн эрүүл ахуй энд ямар ч хамаагүй

Text: Buro.Mongolia


Зураг:

Орчин үед инээмсэглэл нь нөхөрсөг зан, баяр хөөр, найрсаг байдлыг бэлгэддэг бөгөөд өнөөдөр хүн бүр л зургаа даруулахдаа инээмсэглэхийг хичээдэг билээ. Харин дэлхийн хөрөг зургийн түүхэнд энэ төрлийн нүүрний хувирал нь маш ховор үзэгдэл байсан юм. Artsy урлагийн сэтгүүл эртний уран зураг дээрх баатрууд яагаад бараг инээмсэглэдэггүй байсныг тодрууллаа.

"Хүн төрөлхтний түүхийн дийлэнх цаг мөчид нээлттэй инээмсэглэл нь 'загварлаг бус' зүйл байсан" хэмээн зохиолч Николас Живс өөрийн "The Serious and the Smirk: The Smile in Portraiture" номондоо дурджээ. Түүний хэлснээр үүнд амны хөндийн эрүүл ахуй ямар ч хамаагүй гэнэ. Учир нь тухайн үед дийлэнх хүмүүсийн амны хөндийн эрүүл ахуйн үзүүлэлт асар муу байсан бөгөөд энэ нь гоо үзэмжид нь төдийлөн нөлөөлдөггүй байсан аж.

Тэгэхээр юуны учир хүмүүс инээмсэглэдэггүй байсан бэ гэж үү? Хариулт нь маш энгийн. Хэрэв өнөөдөр инээмсэглэн селфи хийхэд бидэнд хэдхэн секунд, ганц товчлуур дарахад л хангалттай бол дээр үед хүмүүс хөрөг зургаа зуруулахад хэдэн цаг шаардлагатай байжээ. Өөрөөр хэлбэл хэдэн цагийн турш инээмсэглэн суух нь тийм ч амар ажил биш бөгөөд хэдхэн минутын дараа гэхэд л сайхан инээмсэглэл нь ярваганал болон хувирдаг байв. Мэдээж хөрөг захиалагчдад ийм үр дүн нь таалагдахгүй нь лавтай.

Гэхдээ мэдээж хэрэг инээмсэглэл агуулсан цөөн тооны урлагийн бүтээлүүд бий. Италийн сэргэн мандалтын үеийн уран зураач Антонелло да Мессина инээмсэглэлийг бүтээлүүддээ тусгаж өгдөг цөөн уран бүтээлчдийн нэг байв.

Эртний уран зурагт дүрслэгдсэн баатрууд яагаад бараг инээмсэглэдэггүй байсан бэ? (фото 1)

Мессина Голландын тосон будгийн техник ашиглан бүтээлээ туурвидаг байсан бөгөөд тэрээр алдарт Мона Лизагаас ч өмнө өөрийн "Залуугийн хөрөг" (1470) уран зурагтаа урлагийн түүхэн дэх хамгийн учир битүүлэг инээмсэглэлийг тусгаж чадсан байдаг. Нууцлаг инээмсэглэлийн тухай дэлгэрүүлэхэд суут уран зураач Леонардо да Винчи Мона Лизаг хэрхэн инээмсэглэхийг ятгаж чадсан нь бас сонирхолтой. Өнөөдрийг хүртэл мэргэжилтнүүд алдарт Жокондагийн нууцлаг инээмсэглэл уриалагхан мишээл үү эсвэл жигшсэн нүүрний хувирал уу гэдэг дээр маргасаар байгаа билээ.

Үүнээс гадна XVII зуунд Европын сэхээтнүүдийн дунд шүдээ ил гаргах нь доод зиндааныхан, тэр дундаа архичин, театрын жүжигчдийн дунд дэлгэрсэн зохисгүй үйлдэл хэмээн тооцогддог байсан юм. Гэсэн хэдий ч Ян Стен, Франс Халс, Юдит Лейстер ба Геррит ван Хонтхорст зэрэг Голландын уран зураачид нийгмийн доод зиндааныхны инээмсэглэсэн төрхийг бүтээлдээ чөлөөтэй дүрсэлж өгдөг байв.

Эртний уран зурагт дүрслэгдсэн баатрууд яагаад бараг инээмсэглэдэггүй байсан бэ? (фото 2)

Эртний уран зурагт дүрслэгдсэн баатрууд яагаад бараг инээмсэглэдэггүй байсан бэ? (фото 3)

Жишээ нь Хонтхорстын 1623 оны "The Merry Fiddler" (Баясгалант хийлч) зурагт хийлч үзэгчдийн өмнө дарс ууж байгаагаар дүрслэгдсэн бол Лейстерийн "Концерт" (1623) бүтээлд дүрслэгдсэн гурван хүн "ménage-à-trois" буюу бараг л дотно харилцаанд ороход бэлэн байгааг харж болно.

Дээрх уран бүтээлчдэд Караважо асар их нөлөө үзүүлсэн нь тодорхой харагддаг. Tухайлбал түүний алдарт "Triumphant Eros" (1602) бүтээлд нум сум барьсан нүцгэн Эрос нэгэн үзэгч рүү завхай инээмсэглэн харж буйгаар дүрслэгдсэн байдаг.

Нөгөөтээгүүр Питер Пауль Рубенсын "Изабелла Брантын хөрөг" (1620-1625), Франциско де Гойягийн "Донна Исабель де Порсель" (1805 оноос өмнө), Жан Огюст Доминик Энгрийн "Мадам Жак-Луи Леблан" (1823) зэрэг дээд зиндааны бүсгүйчүүдийн Мона Лизатай адил шүдээ нуун, нууцлагаар инээмсэглэсэн хөрөг зургууд нь дур татсан, сексийн хувьд нээлттэй гэсэн утга агуулгыг илэрхийлдэг байжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх