Хайх

Velin сэтгүүл: Амьдралын тухай Баабарын бодол

Velin сэтгүүл: Амьдралын тухай Баабарын бодол

Text: Ц. Усанболор


Зураг: Гэрэл зураг: Г. Мишигбат

Velin сэтгүүлийн долоо дахь дугаарын амьдрал буланд нийтлэгдсэн NEPKO компанийн үүсгэн байгуулагч, зохиолч, нийтлэлч Баабарын ярилцлагыг тус сэтгүүлийн зөвшөөрөлтэйгөөр хүргэж байна.


Та амьдралын ямар сургамжийг залуу насандаа мэдэж байсан ч болоосой гэж боддог вэ?

Хамгийн сургамжтай зүйл бол залуу насны алдаа. Эргээд харахад тэдгээр алдаа нь миний амьдралын хамгийн том сургамж болсон байна.

Таны хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл юу вэ?

Амьдрал өөрөө хамгийн үнэ цэнтэй. Гэхдээ мэдээж үүнийг өргөн утгаар нь ойлгохыг хичээгээрэй.

Та ямар улиралд дуртай вэ?

Миний хамгийн дуртай улирал бол намар. Байгаль тэр чигтээ шар, улбар, хүрэн өнгөөр хувцсаа сольж, улирлын өнгө аяс хэний ч сэтгэлийг хөдөлгөдөг.

Та ямар хийцлэлтэй барилгад дуртай вэ?

Орчин үеийн модерн барилгуудыг илүүтэй таашаадаг.

Таны хувьд хамгийн шилдэг зохиолч гэвэл хэнийг нэрлэх вэ?

Нэг хүнийг нэрлэнэ гэдэг их хэцүү, олон зохиолчийг нэрлэх боломжтой. Нэг зохиолчийн бүх бичсэн зохиол мундаг байх боломжгүй. Харин мундаг зохиолчдод нэг л сор бүтээл байдаг.

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Завгүй хүнд цагийг хэмнээд байх шаардлага үгүй болов уу. Тодорхой цаг нартай онгоц, машин, болзоо зэрэгт л гэнэт цагт хавчигдан “хэмнэх” гэж сандардаг тохиолдол надад олон тохиолддог.

Velin сэтгүүл: Амьдралын тухай Баабарын бодол (фото 1)

Найздаа ямар бэлэг бэлэглэх вэ?

Мэдээж өөрийн бичсэн номоо бэлэг болгон өгнө.

Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар төрлийн хөгжимд дуртай вэ?

Би нам гүм орчинд ажилладаг. Шөнө л гэсэн үг. Тиймээс ажиллаж байхдаа хөгжим огт сонсдоггүй. Чайковский, Бетховенд дуртай. Харин Бах хүнддээд байдаг талтай. The Beatles хамтлагийг шүтдэг. Ер нь алдартай дуучин, хөгжмийн зохиолчид ганц хоёр л гайхамшигтай бүтээлтэй байдаг, тэр болгонд нь дуртай даа. Стиви Вондэрийн I Just Called to Say I Love You, Bee Gees-ийн Massachusetts, Пинк Флойдын The Wall, Шаравын Гэгээн алсад одох юмсан, Сэйжи Озавагийн удирдаж буй симфони гэх мэтэд дуртай.

Та нээлттэй хүн үү, эсвэл дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?

Би хаа очиж маш нээлттэй хүн. Энэ нь заримдаа хэтэрчих гээд байдаг юм. Гэхдээ нээлттэй, илэн далангүй байх нь бас нэг төрлийн өөрийгөө бодсон хамгаалалт мөн.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

Шинэ санаа л хамгийн гоё. Тэр нь хүний түүхэн дэх шинэ санаа биш л дээ, зүгээр наддаа л шинэ байвал бөөн кайф. Чөлөөт нийгмийн чөлөөт сэтгэлгээтэй шинэ үеийн залуусаас урам зориг авдаг. Миний мэдэхээр урьд нь монгол хүн ийм цоглог байгаагүй юм аа. Ерөнхийдөө л бүгдээрээ унжгар, аймхай, хувиа бодсон, “цэвэр ичимхий”. Хөөрхийдөө нийгэм нь тийм байхыг албаддаг байж дээ.

Таны амьдралдаа авч байсан хамгийн хэрэгтэй зөвлөгөө?

Намайг хойно сурч байхад нэг хичээлийн шалгалт дээр уначихсан чинь профессор маань “Чи заавал биохимич болох хэрэг байгаа юм уу? Энэ дэлхий дээр 17 мянган мэргэжил байна шүү дээ” гэж билээ. Би хожим нь “сумандаа” муугүй биохимич болсон л доо. Гэхдээ хүн өөрийгөө, авьяасаа зөв сонгох хэрэгтэй гэдгийг ясандаа тултал ойлгосон.

Залуу мэргэжилтнүүдэд нэг чухал зөвлөгөө өгөөч?

Дээрх профессорынхоо хэлснийг л би залууст хэлдэг. Энэ хорвоод юунд ч авьяасгүй хүн гэж нэг ч үгүй. Ядахдаа л тэвэг тоглох, чавхаар харвахдаа авьяастай байж болно шүү дээ. Түүнийгээ л зөв тодорхойлж цааш хөгжүүлэн энэ хорвоо дээр өөрийн гэх орон зайгаа олж хөл дээрээ бат зогс. Өөрөө байраа олоогүй байж эх орон, ард түмэн, озоны цоорхой, галактикийн сүйрэлд санаа зовон архи ууж, шүлэг бичих нь арай эртэднэ шүү. Өөрөө байраа олоогүй хүн эх орон, озоны цоорхойд гай болно уу гэхээс тус болж чадахгүй. Гэртээ дэнгүй байж айлд чийдэн тусгах гэж гүйгээд хэрэггүй ээ. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх