Хайх

Урлагт улам ойртуулах 4 Instagram хуудас

Урлагт улам ойртуулах 4 Instagram хуудас

Урлаг огт ойлгодоггүй хүмүүст ч таалагдах болно

Text: Buro.Mongolia


Ихэвчлэн хүмүүс Instagram-ийг зөвхөн бусдын амьдралд тохиосон үйл явдал, аялал, селфи зургууд зэрэг чухал бус зүйлсээр дүүрэн байдаг олон нийтийн сүлжээ гэж эндүүрдэг билээ. Гэвч тус платформоос маш олон үнэ цэнэтэй, олон хүнд хэрэгцээтэй мэдээллийг олж авах боломжтой. Тухайлбал, Instagram дээр орон орны хүмүүсийн урлагийн талаарх мэдлэгийг дээшлүүлж, бүтээлч сэтгэлгээг нь тэлэх үүднээс дэлхий даяар тохиож буй урлагийн үзэсгэлэнгийн талаар тоймлон бичиж, алмайруулам зургуудаас хуваалцдаг хуудаснууд цөөнгүй бий. Тийм ч учраас BURO.-гийн уншигчдадаа зориулан хамгийн сонирхол татахуйц, шинэ өнцгөөс урлагийн бүтээлээ хуваалцдаг хуудаснуудаас танилцуулж байна.

Tzvetnik

36.1 мянган дагагчидтай

Энэхүү хуудсыг анх 2016 онд Москвагаас гаралтай хоёр урлаг сонирхогч нээжээ. Тус хуудасны гол онцлог нь хараахан нэрд гараагүй байгаа уран бүтээлчдийн ажлуудаас хуваалцдагт оршдог билээ. Хамгийн сүүлийн үеийн нийтлэлүүдээс бидэнд ихэд таалагдсан нь “HARDCORE FREEDOM” нэртэй үзэсгэлэнгийн зургууд байсан юм. Миллениалуудыг илэрхийлсэн неон өнгөнүүд, диско шар, Disney компанийн Тинкербелл зэргийг Данийн залуу уран бүтээлч Эсбен Вейл урласан байна.

Мөн Австрийн Селин Страгерийн гаргасан үзэсгэлэнгийн зургуудыг онцолсон бөгөөд хэний ч төсөөлөөгүй эд зүйлс ашиглан урласан бүтээлүүдийг танилцуулжээ. Ерөнхийдөө дэлхийн өнцөг булан бүрт орших өвөрмөц сэтгэлгээтэй зураач, архитекторуудтай танилцахыг хүсвэл тус хуудсаар зочлоод үзээрэй.

Art.Viewer

134 мянган дагагчидтай

Орон орны орчин үеийн урлагийн бүтээлүүдийг онцолдог бас нэгэн хуудас. Үүгээр ч зогсохгүй тус хуудас өөрийн албан ёсны вебсайттай билээ. Уг төслийн концепц нь маш энгийн юм. Зохион бүтээгчид нь дэлхий даяар болж буй хамгийн сонирхолтой үзэсгэлэнгүүдийг сонгон дэлгэрэнгүй мэдээллийг нь нийтэлдэг. Хэзээ, хаана болох зэрэг мэдээллүүдээр дагагчдаа хангаснаар тэдний ажлыг ихэд хөнгөвчилдөг билээ. Харин вебсайт дээрээс нь олны дунд танигдаагүй уран бүтээлчидтэй танилцах боломжтой юм. Art.Viewer дээр зөвхөн дүрслэх урлагийн талаарх мэдээлэл төдийгүй хачирхалтай гэгч баримал, гэрэл зургийн ч талаар ордог байна.

ATPdiary (Art Text Pics)

22 мянган дагагчидтай

ATP Diary бол урлагийн хэвлэлийн байгууллагын хөтөлдөг Instagram хуудас билээ. Хэдий Итали хэлээр постуудаа бичдэг ч та уг хуудсыг дагахаас төвөгшөөх хэрэггүй юм. Учир нь Instagram автомат орчуулга хийдгээс гадна ихэнх тохиолдолд зураг нь текстээсээ чухал байдаг шүү дээ.

Contemporary Art Daily

152 мянган дагагчидтай

Виржил Аблогийн дагадаг урлагийн бүтээл, үзэсгэлэнгийн талаар нийтэлдэг өөрийн гэсэн мэдрэмжтэй хуудас. Энэхүү хуудас нь өөрийн вебсайттай бөгөөд нийтлэл бүрт тодорхой үзэсгэлэнгийн товч тайлбарыг оруулсан байдаг билээ. Хүмүүсийн ердийн л нэг зураг, контентоос залхсан бол энэхүү хуудсыг дагаж бүтээлч санаа, гоо зүйн мэдрэмж, урлагийн онгод зэргийг олж аваарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх