Хайх

Урлагийн бүтээл хулгайлсан 5 дуулиант түүх

Урлагийн бүтээл хулгайлсан 5 дуулиант түүх

Хулгайлагдсан бүтээлийн үнэлгээ эрс нэмэгддэг

Text: Buro.Mongolia


“Мона Лиза”

Орчин үеийн урлагийн ертөнцийг “Мона Лиза” уран бүтээлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл та уг бүтээл 110 жилийн өмнө хулгайд алдагдаж байсан талаар сонссон уу? 1911 он хүртэл “Мона Лиза” одоогийнх шиг өндөр хандалт авдаггүй байсан бөгөөд тухайн үед бусад уран зургуудын хамт музейн том танхимд байрлаж байжээ. Хүмүүсийн анхаарлыг онц татдаггүй ​бүтээлийг Луврын музейн ажилтан Винченцо Перуджиа гэх эрхэм хулгайлж чадсан юм. Гэмт хэрэгтэн уран зургийг Леонардо Да Винчигийн төрсөн нутаг болох Итали руу буцаах хүслийнхээ дагуу зөвхөн Итали галерейн эздэд санал болгож байсан нь нотлогдсон юм. Энэхүү бүтээлийг эцэст нь Луврын музей рүү буцааж, дээрэм үйлдсэн Винченцо маш богино хугацаагаар ял эдэлсэн байна. Харин “Мона Лиза” уран зураг олны анхаарлыг улам л татаж цаг хугацаа өнгөрөх тусам үнэлж баршгүй урлагийн бүтээл болсонд тус дуулиант хэрэг хувь нэмрээ оруулсан хэмээн мэргэжилтнүүд үздэг билээ.

Хулгайлагдсан хэдий ч дараа нь буцаад байрандаа очсон уран бүтээлүүдийн үнэ ихэнх тохиолдолд эрс нэмэгдэж, аливаа үзэсгэлэнгээс илүү өргөн хүрээний үзэгчдэд хүрдэг онцлогтой байна.

Импрессионистууд

1985 онд Парисын Мармоттаны музейгээс Клод Монегийн “Сэтгэгдэл. Мандах наран" бүтээлийг хулгайлж байсан билээ. Сонирхуулахад, импрессионизм хэмээх урсгалын нэр нь уг бүтээлийн нэрээс үүдэлтэй гэж тооцогддог байна. Мөн тухайн хэрэг түүхэн дэх хамгийн дуулиант гэмт хэргүүдийн нэгээр тооцогддог юм. Учир нь дээрэмчид гэгээн цагаан өдрөөр бусад зочдын адил тасалбар худалдан авч музей рүү нэвтрээд нийт есөн бүтээл буюу “Сэтгэгдэл. Мандах наран" болон Берта Моризо, Пьер Огюст Ренуар нарын бүтээлүүдийг авч зугтсан байна. Үүгээр зогсохгүй тэд хананаас уран зургуудыг буулгаж байх явцдаа музейн танхимд байсан бусад хүмүүс рүү буу тулган айлгасан гэдэг. Хулгайлагдсан есөн бүтээлийг 20 сая ам.доллараар үнэлсэн ч үүнтэй зарим хүмүүс санал нийлэхгүй байсан бөгөөд Монегийн бүтээлийг үнэлж баршгүй гэж нэрлэжээ. 1990 онд Францын Корсика арал дахь нэгэн виллагаас бүх бүтээлүүдийг олж, дээрэм хийсэн долоон хүнийг баривчилсан байна.

Густав Климт

Италийн Риччи Одди галерейгаас Густав Климтын “Эмэгтэй хүний ​​хөрөг зураг” бүтээлийг 1997 онд үзэсгэлэнд оруулахаар бэлдэж байх үед нь хулгайлсан хэрэг гарсан юм. Үүнээс хойш уран зураг 20 гаруй жилийн турш ул мөргүй алга болсонд тооцогдож байсан. 2019 он хүртэл хэд хэдэн удаа зургийн байршлын тухай сэжиг бүхий эх сурвалжууд мэдэгдэж байсан ч бүгд худал мэдээлэл байсан юм. Харин нэгэн галерейн ажилтан цэвэрлэгээ хийж байгаад санамсаргүй байдлаар  нууцлаг газрын хоолой олж дотроос нь Климтын алга болсон зургийг гаргаж ирсэн байна. Уран зураг муудаж гандаагүй бөгөөд нууц хоолой дотор бараг л төгс хадгалагджээ. Дээрэмчдийг олж тогтоож чадалгүй хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул энэ хэргийг хаасан юм. Тус бүтээлийг одоогоор 66 сая ам.доллараар үнэлж байна.

Урлагийн бүтээл хулгайлсан 5 дуулиант түүх (фото 1)

Пикассо, Гоген болон Ван Гог

Бас нэгэн өвөрмөц дээрэм 2003 онд тохиосон юм. Өнөөг хүртэл хэн болох нь тогтоогдоогүй хэдэн дээрэмчид Манчестер хотод байрлах Уитворт галерейгаас Поль Гоген, Пабло Пикассо, Винсент Ван Гог нарын уран зургуудыг хулгайлж бусдыг алмайруулж чадсан юм. Учир нь тэд нийт 5.5 сая ам.доллараар үнэлэгдэж байсан бүтээлүүдийг цаасан хайрцаг дотор хийгээд галерейн ойролцоох нийтийн ариун цэврийн өрөөнд нуужээ. Дээрэмчид хайрцаг дээр галерейн хамгаалалтын систем ямар муу болохыг нь харуулах зорилгоор ийнхүү үйл ажиллагааг зохион байгуулсан хэмээн бичиж үлдээсэн байдаг.

Урлагийн бүтээл хулгайлсан 5 дуулиант түүх (фото 2)
Поль Гоген "Tahitian landscape", 1897 он

Фрэнсис Бэкон

Ихэнх томоохон дээрэм нь музейн цуглуулгатай холбоотой байдаг боловч олон сая долларын үнэтэй бүтээлүүдийг хувийн цуглуулгаас ч хулгайлах тохиолдлууд бий. Тухайлбал, 2015 онд Мадрид хотод Английн философич Фрэнсис Бэконы цуглуулгаас нийт 33.3 сая ам.доллараар үнэлэгдэж байсан таван уран зургийг хулгайлсан хэрэг гарсан юм. Энэхүү дээрмийг Испанийн орчин үеийн түүхэн дэх хамгийн том хулгай гэж нэрлэсэн бөгөөд 2017 онд Бэкон алдагдсан уран зургуудынхаа гурвыг нь олж чадсан байна. Хулгайн хэрэгт арван сэжигтнийг баривчилжээ. 

Урлагийн бүтээл хулгайлсан 5 дуулиант түүх (фото 3)
Фрэнсис Бэкон "Three Studies for George Dyer", 1964 он

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх