Хайх

Венецийн биенналь дахь Монгол улсын павильон: “Гүнээс гүнд”

Венецийн биенналь дахь Монгол улсын павильон: “Гүнээс гүнд”

Text: Buro.Mongolia


Зураг: Соёлын яам
Зураг: Mongolia Pavilion Venice Biennale

Анхлан Италийн хаан нэгдүгээр Умберто, түүний эхнэр Маргарита нарын хуримын 25 жилийн ойг тохиолдуулан Венец хотын зөвлөлөөс хоёр жил тутамд Италийн урлагийн үзэсгэлэн зохион байгуулах шийдвэр гаргаснаас эхтэй Венецийн биеналль 59 дэх жилдээ зохиогдож байна. Жил бүр хүрээгээ улам тэлсээр олон улсын хамгийн нэр хүндтэй биенналь болсон энэхүү үзэсгэлэнд манай улсын уран бүтээлчид 2015, 2017, 2019 онуудад оролцсон билээ. Эдгээр жилүүдэд уран бүтээлчид зардлаа хувиасаа гаргадаг байсан бол энэ жилээс Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцохоор болсон юм.

Венецийн биенналь дахь Монгол улсын павильон: “Гүнээс гүнд” (фото 1)

Энэ жилийн биеннальд Монгол улсыг төлөөлөн Соёлын сайд Ч.Номин, уран бүтээлч Ж.Мөнхцэцэг, куратор Б.Гантуяа нар “Гүнээс гүнд” (A Journey Through Vulnerability) нэртэй үзэсгэлэнгээр оролцож байна.

Ингээд Соёлын яамны албан ёсны вэбсайтд нийтлэгдсэнээр, тус үзэсгэлэнгийн куратор Б.Гантуяагийн тайлбарласныг хүргэж байна:

Венецийн биенналь дахь Монгол улсын павильон: “Гүнээс гүнд” (фото 2)
Венецийн биенналь дахь Монгол улсын павильон: “Гүнээс гүнд” (фото 3)

Жалхаажавын Мөнхцэцэг нь баримал, зураг, өрөг, видео, үйлдлийн урлагаар дамжуулан шаналал зовуурь, айдас түгшүүр, илаарьшихуй, дахин төрөхүйн талаарх бодол төсөөллөө ихэвчлэн хуваалцдаг.

Өөрийн амьдрал болоод үзэж харж, мэдэрсэн бүхнээс, эмэгтэй хүний бие махбод, оюун бодол, сүнслэг оршихуйн нарийн нандин, хүн хийгээд сав шим ертөнцийн холбоог ажин судлах бөгөөд тэр олон өнгийн огтлолцол эсрэгцлийг торгон мэдрэмжтэй илэрхийлдэг билээ. Хийсвэр мэт боловч бодит мэдрэмжийг төрүүлэх, ер бусын бүтээлүүд нь лус савдаг, домгийн ертөнцийн далдын хүчийг шингээсэн, бүсгүй хүн, хүн болох хувьгүй хүүхдүүд, амьтдын гунигт хувь төөргийн тухай өгүүлдэг юм.

Венецийн биенналь дахь Монгол улсын павильон: “Гүнээс гүнд” (фото 4)
Венецийн биенналь дахь Монгол улсын павильон: “Гүнээс гүнд” (фото 5)
Венецийн биенналь дахь Монгол улсын павильон: “Гүнээс гүнд” (фото 6)
Венецийн биенналь дахь Монгол улсын павильон: “Гүнээс гүнд” (фото 7)
Венецийн биенналь дахь Монгол улсын павильон: “Гүнээс гүнд” (фото 8)
Венецийн биенналь дахь Монгол улсын павильон: “Гүнээс гүнд” (фото 9)

Монголын уламжлалт анагаах ухааны дом, бариа заслын талаар шимтэн судалдаг түүний бүтээлээ турвих явц шашны зан үйлийг санагдуулам ба зөн билгийн шинжтэй. Анагаахуй, асран хамгаалахуйн билгэ тэмдэг болсон элементүүдийн эсрэгцэл тэдгээрт агуулагдсан мөн чанаруудаар үзэл санаагаа илэрхийлэн гаргахдаа өөрийн сэтгэл түгшил, илаарьших үйл явцаа бясалган аждаг.

Тасдсан, тайрсан, эвлүүлсэн, оёсон бүхэн нь шаналал, айдас, түгшил, итгэл, тэвчлийг бэлгэдэж, дотоод мэдрэмж үзэл санаагаа илэрхийлэн илчлэн гаргах онцгой хэлийг нь бүтээж өгчээ. Бүтээлүүд дэх шувууд нь зүрхний лугшилт, ураг бүрэлдэхүй, илаарьшил, авран хамгаалахыг бэлгэдэх бол дотоод эрчмээ олж авах гэсэн мөнхийн эрэл хайгуул “нэгдмэл нэгэн цул” болох хүслээ эмэгтэй хүний бие махбодоор илэрхийлдэг байна. Дахин төрөхүй бол уран бүтээлчийн эрлийнх нь цөм билээ.

Венецийн биенналь дахь Монгол улсын павильон: “Гүнээс гүнд” (фото 10)
Венецийн биенналь дахь Монгол улсын павильон: “Гүнээс гүнд” (фото 11)

Венецийн дүрслэх урлагийн 59 дэх удаагийн олон улсын биеннальд Монгол Улс “Гүнээс гүнд” үзэсгэлэнгээр 4 дэх удаагаа оролцож буй. Павильоны гурван өрөөнд таран байрших зөөлөн баримлууд, зүймэл зураг, видео сэлт нь эмэгтэй хүн болон амьтдын өөр, өөр түүхийг хүүрнэж, Ж.Мөнхцэцэгийн эмзэг нандин хэр нь хүчирхэг ертөнцийн гүнд аялах боломжийг олгох юм.

1. Үзэсгэлэнгийн эхний танхим болох Зээрийн зүүд нэртэй сарайг санагдуулам орон зайд мультимедиа өрөг ажлыг байршуулсан ба төмөр орон зээр хэвтэж буй тал биетэй зээрийн баримал, төөрсөн зээрийн янзаганы дүрс бичлэгтэй сүлэлдэн нэгэн цогц бие болон хувирахыг харуулна.

2. Ж.Мөнхцэцэгийн хорвоогийн бүхий л эд эс, амьд бүхэн нийлээд нэг сансар буюу бүхэл ертөнцийг бүтээсэн гэх утга бүхий “самсара”-аас улбаатай санаагаа сансрын бие хэмээн нэрлэсэн Судасны чимээ нэртэй удаах танхимд тусгалаа олсон буй. Иймээс ч нэгэн цул гэдгийг илэрхийлэхийн тулд амьтны биеийг хүний биетэй нийлүүлсэн хайбрид баримлуудаа “сансрын биес бус” “сансрын бие” гэжээ. Танхим дах баримлууд оршин тогтнохын төлөөх хувьсгалын санааг агуулах ба зарим амьтныг хүн шиг гар хөлтэй, зармыг нь эрхтэн дутуу дүрсэлсэн аж.

3. Сүүлчийн Дутуу төрөлт хэмээх хавчуухан өрөөнд үр зулбахаас хамгаалан тэтгэх дом, зан үйлийг бэлгэдсэн “умайг хамгаалагч шувуу” нэртэй бүтээлийг байршуулсан юм. Ж.Мөнхцэцэгийн үзэсгэлэн бүхэлдээ хорвоо ертөнцийн жам ёс, нигүүлсэн сэтгэл, илаарьшлын тухай өгүүлнэ.

Үзэсгэлэнтэй хоршин тоглогдох дуу авиан бүтээлийн минимал, абстракт шинж чанар нь үзэгчдийн орон зайн болоод сүнслэг мэдрэмжийг эрчлэх болно. Үзэсгэлэнгийн кураторын эл бүтээл дэх шаагих борооны нургилах дуун, хэл хуурын цуурайлах нь зуурдын сүнстэй холбоо тогтоох зан үйлийг санагдуулах юм.

Эх сурвалж: Соёлын Яам

Венецийн биенналь дахь Монгол улсын павильон: “Гүнээс гүнд” (фото 12)
Венецийн биенналь дахь Монгол улсын павильон: “Гүнээс гүнд” (фото 13)
Венецийн биенналь дахь Монгол улсын павильон: “Гүнээс гүнд” (фото 14)
Венецийн биенналь дахь Монгол улсын павильон: “Гүнээс гүнд” (фото 15)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх