2026 оны Каннын кино наадмын онцлох кинонууд
Жил бүрийн тавдугаар сард даян дэлхийн кино урлагт хайртай хүмүүсийн хүсэн хүлээдэг өргөн дэлгэр, ёслол төгөлдөр арга хэмжээ зохиогддог нь яах аргагүй Каннын кино наадам мөн билээ. Энэ жил 79 дэх удаагаа зохиогдож буй уг кино наадмын шүүгчдийн зөвлөлийн ахлахаар алдарт найруулагч Пак Чан Ук ажилласан нь тун онцлог бөгөөд Каннын кино наадмын шүүгчдийн зөвлөлийг удирдаж ажилласан анхны Өмнөд Солонгосын иргэн болж түүхэнд тэмдэглэгдэж байна. Найруулагч Пак Чан Ук нь өшөө авалтын гурвалсан бүтээл болох Sympathy for Mr Vengeance, Oldboy, Lady Vengeance зэрэг түүнийг дэлхийд анх нэрийг нь цуурайтуулсан кинонуудаас гадна, No Other Choice, Decision to Leave, The Handmaiden зэрэг олон уран бүтээлүүдээрээ алдар цууг цогцлоосон нэгэн билээ. Өмнө нь ердөө хоёрхон л удаа ази найруулагч тус наадмын шүүгчдийг ахалж ажиллаж байсан нь 1962 онд Японы найруулагч Тэцуро Фурукаки, 2006 онд Хонг Конгийн найруулагч Вонг Карвай нар тус тус ажилласан явдал юм.
Энэ жилийн наадамд оролцож буй кино бүтээлүүдийг ажиглахад томоохон төсөв өртөг бүхий Холливудын кинонууд цөөхөн ажиглагдаж, артхаус төрлийн чөлөөт сэтгэлгээний кинонууд зонхилж буй нь нэг талаараа томоохон студид харьяалагддаггүй, чөлөөт бие даасан уран бүтээлчдэд эерэг өөрчлөлтийн дохио болж байна. Мөн 2026 оны Каннын кино наадмын албан ёсны постерт патриарх нийгэм дэх эмэгтэйчүүдийн бат бөх нөхөрлөлийн үнэ цэнийг харуулах Ридли Скотт найруулагчийн 1991 оны бүтээл “Thelma & Louise” киноны дүрүүдийг буулгасан нь дайн дажин ихтэй өнөөгийн энх бус цагт эмэгтэй хүний өрөвч зөөлөн сэтгэл үгүйлэгдэж буйг илэрхийлсэн бололтой. Түүгээр ч зогсохгүй улс төр, нийгмийн бараан талыг харуулсан кинонууд нэлээдгүй оролцож буй нь уг кино наадмаар дамжуулж эх дэлхийн энх тайвныг уриалж байгаа нь тодорхой анзаарагдана. Тус наадамтай холбоотой бас нэгэн сонирхолтой мэдээ дуулгахад HBO-ын алдарт “The White Lotus” цувралын 4-р улирлын үйл явдал Каннын кино наадмын эргэн тойронд өрнөх бөгөөд 2026 оны Каннын кино наадамд тус цувралын зураг авалт өрнөснийг албан бус эх сурвалжууд мэдээлж байна. Харин Холливудын алдарт жүжигчин Жон Траволта энэхүү наадамд жүжигчний бус найруулагчийн хувиар оролцож байгаа бөгөөд түүний дебют бүтээл болох “Propeller One-Way Night Coach” кино нь premiere хэсэгт нээлтээ хийсэн байна. Жон Траволтад кино наадмын зүгээс “Honorary Palme d’Or” шагналыг гардуулсан нь түүнд гэнэтийн баярт мөч болж, тэр бээр тайзан дээр шагналаа авч байхдаа нулимс унагасан явдал нь цахим орчинд тэсрэм хандалтыг авчээ.
Тэгвэл энэ жилийн Каннын кино наадамд оролцож буй бүтээлүүдээс аль кино нь онцгойрон шигшигдэж буйг тоймлон хүргэе.
PAPER TIGER

Америкийн найруулагч Жэймс Грэйн уг бүтээл Каннын кино наадмын уралдаант хэсгийн хамгийн шилдэг киног шалгаруулдаг Palme d’Or хэсэгт өрсөлдөж буй бөгөөд өмнө нь найруулсан зургаан ч кино нь уг хэсэгт мөн өрсөлдөж байсан нь түүнийг ямар чансаатай уран бүтээлч болохыг харуулж байна. Америк мөрөөдөлдөө хөглөгдөн амьдрах ах дүүс Оросын мафийн бүлэглэлтэй холбогдсоноор мөрөөдөл нь хэрхэн замхран алсарч буйг үзүүлэх уг бүтээл Америк мөрөөдөл болон бидний оршин буй бодит ертөнцийн хоёрын хил хязгаарт биднээс шалтгаалахгүйгээр ямар хүнд хориг, хязгаар үүссэнийг бараан сэтгэлзүйн драм байдлаар үзүүлжээ. Мөн кино шүүмжлэгчид уг киноны Эрвин Перлийн дүрийг бүтээсэн жүжигчин Майлз Теллерийн жүжиглэлтийг онцгойлон магтаж буй бөгөөд өмнөх кино дүрүүдээсээ илүү боловсорсон, дотогшоо тоглолттой болсныг онцолсон байна.
HOPE

Магад 2026 оны Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг Өмнөд Солонгосын найруулагч Пан Чан Ук ахласнаас үүдэлтэй юу, энэ жил тус наадамд Өмнөд Солонгосын нэлээд олон кинонууд оролцож байгаа бөгөөд тэдгээрээс хамгийн онцлог нь На Хон Жин найруулагчийн Hope бүтээл юм. 2016 онд алдарт The Wailing киногоо найруулснаасаа хойш даруй арван жил уран бүтээл туурвилгүй, үзэгч фенүүдийгээ хүлээлгэснийхээ эцэст “Hope” бүтээлээрээ найруулагч На Хон Жин эргэн иржээ. Өмнөд Солонгосын сэтгэлзүйн триллер кинонууд дэлхийн кино салбарт өөрийн онцгой өгүүлэх арга барилаараа танигдахад түүний оруулсан хувь нэмэр зайлшгүй бөгөөд энэ удаад ч тэрээр үзэгчдийг суудалдаа өндөлзүүлтэл нь донсолгох хүчтэй бүтээл туурвисан нь кино шүүмжлэгчдийн сэтгэгдлээс тод томруун ажиглагдана. Мөн тус бүтээлд Өмнөд Солонгосын жүжигчдээс гадна Холливудын жүжигчид болох Майкл Фассбендер, Алисия Викандер нар тоглосон байна.
ALL OF A SUDDEN

Алдарт зохиолч Харуки Муракамигийн ижил нэрт богино өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн Drive My Car бүтээлээрээ салбартаа өөрийн байр сууриа тогтоосон Японы найруулагч Рюсукэ Хамагучигийн ээлжит бүтээл All of a Sudden кино мөн энэ жил Palme d’Or хэсэгт өрсөлдөж байна. Тус кино нь Францын өндөр настны асрамжийн газарт өрнөх бөгөөд Францад үүссэн асран сувилгааны арга барил Humanitude-ын гүн ухааныг хөнджээ. Уг үзэл баримтлал нь өвчтөн болоод өндөр настныг асаргааны объект гэж үзэлгүй, хүн төвтэй харилцаанд суурилсан асран сувилах ухааныг хэлэх бөгөөд хүмүүс хоорондын нандин харилцааг эмзэг боловч гоёмсгоор харуулж чадсаныг шүүмжлэгчид онцолж, Palme d’Or шагналыг хүртэх хамгийн өндөр магадлалтай киноны тоонд ч бас оруулсан байна.
ANOTHER DAY

Каннын кино наадмыг зохион байгуулагч орон болох Францын найруулагч Жанна Эрригийн 2026 оны бүтээл Another Day нь уг наадмыг өрсөлдөөнтэй болгож буй гол кинонуудын нэг юм. Тэр ялангуяа гол дүрд тоглосон жүжигчин Адель Экзаркопулосын жүжиглэлтийг карьерынхаа туршид хийсэн хамгийн хүчтэй үзүүлбэр хэмээн кино шүүмжлэгчид магтжээ. Архины хамааралтай, сэтгэл гутралын эмгэгтэй, ажил амьдрал нь нуран унаж буй жүжигчин эмэгтэй Гаранц өөрийн дотоод сүүдэртэйгээ хэрхэн тэмцэлдэж буйг найруулагч Жанна Эрри тод томруунаар харуулж чаджээ. Тэр бээр өмнө нь мөн жүжигчин байсан бөгөөд өөрийн туршлага болоод архины хамаарлыг хооронд нь огтлолцуулж кино зохиолоо бичсэн нь киног маш бодитой мэт болгожээ. Мөн үзэгчдэд аз жаргалтай төгсгөлөөр хуурамч итгэл найдвар төрүүлэлгүй, хүмүүний сэтгэлзүйн тулгамдсан асуудлыг хуруугаа инчдэх төдийхнөөр ид шидийн мэт арилгачихдаг амар хялбар зүйл биш болохыг харуулсан нь үзэгчдийн сэтгэлийг ихээр хөндсөн байна.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт