Хайх

Кино шүүмжлэгчид 69 дэх Канны кино наадмын үр дүнгийн талаар юу гэж бодож байна вэ?

Кино шүүмжлэгчид 69 дэх Канны кино наадмын үр дүнгийн талаар юу гэж бодож байна вэ?

Хэн ч шүүгчидтэй санал нийлэхгүй байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Канны кино наадам өндөрлөөд хэд хонож байгаа ч, кино наадмын шуугиан намжаагүй л байна. Кино шүүмжлэгчид ч, ажиглагчид ч, үзэгчид ч шүүгчдийн гаргасан шийдвэртэй санал нийлээгүй юм. Тиймээс бид энэ тал дээр мэргэжилтнүүд ямар бодолтой байгааг хүргэж байна.

Кино шүүмжлэгчид 69 дэх Канны кино наадмын үр дүнгийн талаар юу гэж бодож байна вэ? (фото 1)Елена Смолина (GQ Russia): "Энэ жилийн Канны кино наадам маш их зөрчилдөөнтэй төгслөө. Кино наадмын хөтөлбөрт сүүлийн жилүүдэд гарч ирсэн хамгийн хүчтэй кинонууд өрсөлдсөн ч, хамгийн тэнэг шийдвэрийг шүүгчид гаргасан. Шууд хэлэхэд, надад Их Британий найруулагч Кен Лоучийн "I, Daniel Blake" кинонд тавих санал гомдол хамгийн бага байгаа ч, "Palm d'Or"-оос өөр шагнал өгвөл тохирох байсан байх. Учир нь "Golden Palm" шагналыг шинэлэг, чухал нээлт хийсэн кинонд өгдөг бичигдээгүй дүрэм бий. Мөн бараг бусад бүх шагналууд очих ёстой бүтээлдээ очоогүй. Ираны найруулагч Асгар Фархадид хоёр ч шагналыг зүгээр л нөхөрлөлийн шинж чанартайгаар өгсөн. Филиппиний "Ma Rosa" кинонд тоглосон Жаклин Хосед шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртээсэн. Түүнийг муу жүжигчин гэж хэлэхгүй ч, Изабель Юппер ("Elle") болон Сандра Хюллер ("Toni Erdmann") нарын бүтээсэн дүрийн дэргэд түүнд шилдэг эмэгтэй жүжигчний шагнал өгөх нь зүгээр л инээдтэй. Харин шилдэг найруулагчийн шагналыг чадварлаг хийсэн "Graduation" киноны найруулагч Кристиан Мунжиу болон маш амжилтгүй "Personal Shopper" киноны найруулагч Оливье Ассайас нарын дунд хуваасан. Ингэснээр Мунжиугийн авсан шагналыг үнэ цэнэгүй болгож байгаа юм.

Кино шүүмжлэгчид 69 дэх Канны кино наадмын үр дүнгийн талаар юу гэж бодож байна вэ? (фото 2)

Эцэст нь авьяаслаг Ксавье Долан энэ удаад тийм ч сайн болоогүй бүтээлээрээ Гран-При шагнал хүртсэн (Хэвлэлийн танхимд энэ болон бусад шийдвэрүүдийг зарлахад хүмүүс шүгэлдэж байсан). Шүүгчид Жим Жармушийн "Paterson", Кристи Пуюгийн "Sieranevada", Пол Верховены "Elle" болон кино наадмын хамгийн их таашаалыг хүртсэн, шүүмжлэгч болон зочдын дунд жинхэнэ хит болж, хэвлэлийнхний дунд хамгийн өндөр үнэлгээтэй байсан "Toni Erdmann" зэрэг хүчтэй бүтээлүүдийг зүгээр л үл ойшоогоод өнгөрсөн нь үнэхээр харамсалтай."

Шүүгчид ийм шийдвэр гаргасан нь тэднийг кино урлагийн мэдлэггүй бөгөөд кино наадмын өмнө төөрөгдсөн байсныг нь харуулж байлаа. Шүүгчдийн бүрэлдэхүүнд байсан ихэнх хүмүүс Долан болон Фархади нарын киног анх удаа үзсэн гэдэгт мөрийцсэн ч бэлэн байна. Канны кино наадам ч үүнийг ойлгосон гэж бодож байна. Тиймээс дараа жил шүүгчдийн бүрэлдэхүүний тал нь жүжигчдээс бүрдэхгүй гэж найдаж байна. Мэдээж тэдний дунд бидний хайрлаж хүндэлдэг, боловсрол мэдлэгтэй, киног мэдэрч чаддаг жүжигчид байгаа. Гэхдээ алдартай жүжигчдийн дийлэнх хувь нь Жармуш эсвэл Верховены кинонд тохирсон үнэлгээ өгч чадах эсэх нь эргэлзээтэй. Уучлаарай, гэхдээ Ванесса Паради "Paterson" кино шагнал хүртэх эрхтэй үгүйг шийдэх нь утгагүй шүү дээ. Ирээдүйд Канны кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд олон найруулагчид, кино зохиолчид, кино судлаачид болон зураглаачид багтаж, кино урлагийн түүхэнд үлдэх бүтээлүүдийг сонгоно гэдэгт итгэж байна.

 

Кино шүүмжлэгчид 69 дэх Канны кино наадмын үр дүнгийн талаар юу гэж бодож байна вэ? (фото 3)Андрей Плахов ("Коммерсант"): Шүүгчдийн багийн ахлагч Жорж Миллер өөрийгөө Канны кино наадмыг шүүх болсноо "Оюунлаг, ширүүн, үзэсгэлэнтэй" гэж тодорхойлсон. Гэхдээ бид түүний шийдвэрүүдээс энэ гурван бүрэлдэхүүний нэгийг нь ч олж хараагүй юм. Надад хамгийн их таалагдсан кинонуудын нэг бол Пол Верховены "Elle" нэртэй егөөдсөн, садомазохист триллер байсан. Кино ч тэр, бараг л амьдралынхаа хамгийн чухал дүрийг бүтээсэн Изабель Юппер ч тэр, ямар ч шагнал аваагүй. Мөн шүүгчид Брюно Дюмоны "Slack Bay" кинон дахь урлагийн онцлог байдлыг нь ч анзааралгүй орхисон. Тэд Жим Жармушийн "Paterson" нэртэй урлагийн бүтээлд ч, олон улсын шүүмжлэгчдийн дүгнэснээр "Palm d'Or" хүртэх ёстой байсан Марен Адегийн "Toni Erdmann" ч ямар ч шагнал өгөөгүй. Энэ жилийн Канны кино наадмын гол шагналыг Их Британий нийгмийн сонгодог бүтээл болох "I, Daniel Blake"-д хүртээсэн. Энэхүү кино нь хэдий сайн кино боловч, магадгүй өнгөрсөн зууных гэж хэлбэл тохирно. Харин германы "Toni Erdmann" бол кино урлагийн салбарын өнөөдөр болон маргаашийг төлөөлөх бүтээл байсан юм."

Кино шүүмжлэгчид 69 дэх Канны кино наадмын үр дүнгийн талаар юу гэж бодож байна вэ? (фото 4)

 

Кино шүүмжлэгчид 69 дэх Канны кино наадмын үр дүнгийн талаар юу гэж бодож байна вэ? (фото 5)Стас Тыркин ("Гоголь-кино" хөтөлбөрийн эрхлэгч): "Би бодол дотроо ээлжит кино наадмын шагналуудыг хувиарлахдаа румын болон иран найруулагчдыг огтхон ч авч хэлэлцэхгүй байхсан. Учир нь тэд өөрсдийн шилдэг бүтээлүүдээ даван гарахаар ажилласаар байгаа ч чадахгүй байгаа. Ирээдүйд ч чадахгүй. Найруулагч Пую "The Death of Mr. Lazarescu", Мунжиу "4 Months, 3 Weeks and 2 Days" болон Фархади "Separation" киногоороо үүрд дурсагдан үлдэх болно. Түүнчлэн Дарденны ах дүүс болон Альмодовар нар тааруухан үзүүлэлттэй байсан гэж бодож байна. Харин энэ кино наадам дээр хамгийн муу киног надад Жефф Николс, Шон Пенн, Оливье Ассайас, Ксавье Долан нар үзүүлсэн ( Николь Гарсиягийн кинонд цаг үрэхийг хүсээгүй юм). Харин би "Palm d'Or" шагналыг Марен Адегийн найруулсан "Toni Erdmann"-д л өгөх байсан. Яагаад гэвэл ганцхан энэ кино л жинхэнэ нээлт болж чадсан бөгөөд үзэж байгаадаа итгэж чадахгүй байгаа мэт мэдрэмж төрүүлсэн юм. Харин Гран-При шагналыг Жим Жармушийн "Paterson" кинонд өгөх байсан.

Кино шүүмжлэгчид 69 дэх Канны кино наадмын үр дүнгийн талаар юу гэж бодож байна вэ? (фото 6)

Мөн шилдэг найруулагчаар Верховеныг сонгох байсан. Найруулгын хувьд түүн шиг мэргэжилтэн өөр хаана ч байхгүй. Миний зүгээс бол шилдэг эмэгтэй жүжигчнээр "Toni Erdmann"-д тоглосон авьяаслаг Сандра Хюллерыг тодруулах байсан. Гэхдээ хэрэв энэ шагналыг Сония Брага (Aquarius) эсвэл Верховены найруулсан "Elle" кинонд тоглосон Изабель Юппер авсан ч эсэргүйцэхгүй байсан. Харин шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг Кен Лоучийн кинонд тоглосон Дэйв Жонст өгөх байсан. Яагаад гэвэл "I, Daniel Blake" киног үзэж байхдаа Дэниел Блэйк гэдэг бодит хүн байдаг гэж бодсон. Нэг ч удаа жүжиглэлт гэж санаанд буугаагүй. "American Honey" кинонд жижиг шагнал өгсөн тухайд шүүгчидтэй санал нийлж байна. Энэ үнэхээр "амьд" кино болсон. Гэхдээ киноны хугацаанаас бүтэн цагийг хасах хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, кино наадамд үзүүлсэн кинонуудаас хамгийн их таалагдсан нь Аде, Верховен болон Рефны бүтээлүүд байлаа.

 

Кино шүүмжлэгчид 69 дэх Канны кино наадмын үр дүнгийн талаар юу гэж бодож байна вэ? (фото 7)Антон Долин («Вечерний Ургант», «Афиша Daily»): "Миний харж байгаагаар олон сэтгэл хөдөлгөсөн кинотой, маш хүчтэй хөтөлбөртэй байсан ч 69 дэх Канны кино наадам асар амжилтгүй болж өнгөрлөө. Энэ наадмыг уйтгартай, сэтгэлд үлдэх зүйлгүй байсан гэж хэлэх хүн олдохгүй байх. Гэхдээ эцсийн үр дүнд Жорж Миллерээр ахлуулсан шүүгчид байж болох бүхий л үнэлгээнүүд дээр эхний таван байрыг эзэлж байсан тэр бүтээлүүдийг тоолгүй орхисон. Тэд бүр юу ч аваагүй. Энэ үнэхээр харамсалтай хэрэг. Яагаад гэвэл хэрэв энэ бүтээлүүд шагнал авсан бол, найруулгын концепцийг тодорхойлох байсан. Жишээлбэл хэрэв "Palm d'Or"-ыг "Paterson" киногоороо Жим Жармуш хүртсэн бол, ийм түвшний найруулагч олон жилийн дараагаар анх удаа наадмын дээд шагнал хүртсэн тохиолдол болох байсан юм. Тэр нэг талаараа уран сайхны тунхаглал хийсэн бөгөөд урлаг яг юунд зориулагдах тухай яриаг эхлүүлсэн хүн. Мөн энэхүү кино нь яах аргагүй Жармушийн уран бүтээлийн санд байгаа хамгийн сайн бүтээлүүдийн нэг болсон. Тиймээс хэрэв Жармуш "Palm d'Or" шагналын эзэн болсон бол хэн ч гайхахгүй байхсан.

Кино шүүмжлэгчид 69 дэх Канны кино наадмын үр дүнгийн талаар юу гэж бодож байна вэ? (фото 8)

Эсвэл Пол Верховеныг "Elle" киногоор нь шагнасан ч болох байсан. Верховен бол амьд сонгодог уран бүтээлч бөгөөд хэзээ ч ямар ч шагнал хүртэж байгаагүй. Хэдийгээр тэр Холливүүдад олон кино бүтээсэн боловч Оскар аваагүй. Дээр нь Канн, Венецийн болон Берлиний кино наадмуудад ч шагнал авч үзээгүй юм. Тэрбээр Канны кино наадамд хоёр дах удаагаа л оролцож байгаа. Өмнө нь бараг 20 жилийн өмнө тэр "Basic Instincts" киногоо танилцуулж байсан. Одоо тэр 77 настай. Тиймээс ирээдүйд түүнд ийм шагнал авах олон боломж байхгүй л болов уу. Харин Верховены тухайд, тэр маш амьд, хөгжилтэй, өдөөн хатгасан, маш гэнэтийн болон өвөрмөц кино хийсэн бөгөөд францын шилдэг жүжигчдийн нэг болох Изабель Юппер гол дүрийг нь бүтээсэн. Хэдийгээр энэхүү кино нь зураглаачийн ажил, кино зохиол гээд бүх зүйлээрээ төгс байсан авч бас ганц ч шагнал авч чадаагүй. Гэхдээ шүүгчид сонгодог найруулагчдын оронд шинэ залуу үеийнхнийг шалгаруулах зорилготой байсан гэж төсөөлье. Асуудалгүй! Румын улсын шинэ кино давалгааг үндэслэгч, удирдагч Кристи Пую анх удаагаа Канны кино наадамд "Sieranevada" киноогоороо оролцож байгаа. Маш тод, туршилт хийсэн бүтээл болсон. Эсвэл Германы найруулагч Марен Адегийн кино байна. Юуны өмнө тэр эмэгтэй хүн. Өмнө нь нэг л удаа эмэгтэй хүн Канны "Palm d'Or" шагналыг хүртэж байсан юм. Тодруулбал, Жейн Кэмпион олон жилийн өмнө "The Piano" киногоороо авч байсан. Хоёрдугаарт тэр герман хүн байсан. Германы кино урлагийн шинэ давалгаа гарснаас хойш германчууд хэзээ ч Каннд ялж байгаагүй бөгөөд энэхүү кино наадамд жил бүр оролцоод ч байдаггүй. Харин Марен Адегийн "Toni Erdmann" олон улсын кино шүүмжлэгчдээс авсан үнэлгээгээрээ дээд амжилт тогтоосон гэж хэлж болно. Үүнд ч гайхах хэрэггүй юм. Учир нь энэхүү бүтээл нь гайхамшигтай утга уянгын кино бөгөөд цоо шинэ, бодит кино урлагийн хэлээр өгүүлсэн түүх байв. Мөн л нэг ч шагнал авсангүй. Энэхүү жагсаалтыг нэрлээд байвал маш урт хугацаа орно. Педро Альмодовар, Дарденны ах дүүс, Пак Чхан Ук, Брюно Дюмон зэрэг найруулагчид бүгд үнэхээр шилдэг уран бүтээлчид ба орчин үеийн кино урлагийн алтан санг бүрдүүлж байгаа. Шагнал авсан хамгийн тод бүтээл нь Мунжиугийн найруулсан "Graduation" байсан. Гэхдээ энэ дундаас тус кино нь хамгийн уйтгартай сонголт болсон. Мунжиу өмнө нь хоёр ч бүтээлээрээ Каннд оролцож, "Golden Palm" хүртэж, шилдэг кино зохиолын шагнал авч байсан билээ. Тиймээс түүнийг хангалттай үнэлэгдэж чадаагүй найруулагч гэж хэн ч хэлэхгүй. Харин энэ удаад шилдэг найруулагчийн шагналыг "Personal Shopper" киноны найруулагч Оливье Ассайастай хуваалцсан нь огт өөр асуудал. Дашрамд дурдахад, энэхүү киноны танилцуулга дээр үзэгчид дургүйцлээ илэрхийлж байсан ба хамгийн тааруухан үзүүлэлттэй гэж үнэлж байсан юм. Тиймээс ч, шилдэг найруулагч гэсэн шагналыг үгүйсгэж байгаа юм."

 

Кино шүүмжлэгчид 69 дэх Канны кино наадмын үр дүнгийн талаар юу гэж бодож байна вэ? (фото 9)Андрей Карташов («Сеанс»): "Кино наадам эхлэхээс бүр өмнө л Жорж Миллерээр ахлуулсан жүжигчдээс бүрдсэн шүүгчдийн баг ямар нэг дэвшилтэт, нээлт болсон кино сонгохын оронд түгээмэл кинонд шагнал өгнө хэмээн ихэнх хүмүүс таамаглаж байсан юм. Тэр ч бүү хэл, кино наадмын захирал Тьерри Фримо улс төрийн бодлогын үүднээс эмэгтэй хүн ялахыг хүсч байгаа гэсэн цуурхал маш хүчтэй яригдаж ирсэн. Ямартаа ч, Марен Адегийн асар өндөр үнэлгээтэй "Toni Erdmann" кино "Palm d'Or" шагнал авна гэсэн дүгнэлтэнд хүргэж байлаа. Ер нь кино наадам дээр ингэж санал нэгдсэн тохиолдол ховор байдаг билээ. Маш чадварлаг бүтээсэн кино хүн бүхэнд таалагдаж байсан юм. Харин кино наадмын үр дүнд үнэхээр л шүүгчид хамгийн энгийн кинонуудыг шагнаж, Аде юу ч үгүй хоцорлоо. Канны гол шагналыг Кен Лоучийн маш энгийн "I, Daniel Blake" кино авсан юм. Энэхүү кино нь Кен Лоучийн бусад киноноос онцгойрох зүйл бараг л байхгүй. Лоуч аль хэдийнэ "Palm d'Or"-ыг хүртсэн тул түүнд дахин нэг шагнал ямар ч хэрэггүй. Тэр 79 настай бөгөөд тэтгэвэртээ гарах гэж байгаа.

Кино шүүмжлэгчид 69 дэх Канны кино наадмын үр дүнгийн талаар юу гэж бодож байна вэ? (фото 10)

Бага зэрэг залруулгатайгаар Кристиан Мунжиугийн "Graduation" ( шилдэг найруулагч) болон Асгар Фархадигийн "The Salesman" (шилдэг кино зохиол, шилдэг эрэгтэй жүжигчин) кинонуудын талаар ижил зүйлийг хэлж болно. Мөн Ксавье Долан ("It's only the End of the World" киногоор Гран-При шагнал хүртсэн) одоо шинэ кино хийж байгаа бөгөөд тэр кино наадмын шатлан захирах ёсонд туршилт хийгчийн дүрд тоглосон. Харин Оливье Ассайасд олон жил кино урлагт зүтгэсэн гавьяанд нь мөн франц хүн болохоор нь л шагнал өгсөн байх. Гэхдээ Кристен Стюартын гол дүрд нь тоглосон "Personal Shopper" кино нь маш их туршилт хийсэн, наадмын хөтөлбөрт байсан хэний ч ойлгож чадаагүй сонирхолтой кино байсан. Хүмүүс түүнийг жинхнээсээ аймшгийн кино хийх гэж оролдсон гэж бодсон ч үнэндээ энэхүү бүтээл нь хамаагүй гүнзгий бөгөөд адармаатай найруулагдсан кино болсон юм."

цааш үзэх