Хайх

96 дахь удаагийн Оскарын наадмаас өмнө урьтаж үзэх хэрэгтэй онцлох 5 кино

Text: Buro.Mongolia


Америкийн кино академиас 96 дахь удаагийн Оскарын наадмын нэр дэвшигчдийг өнгөрсөн долоо хоногт зарласан билээ. Бидний таамаглаж байсанчлан “Oppenheimer” кино голлох төрлүүдэд нэр дэвшсэн тоогоороо толгой цохисон бол “Barbie” “шилдэг кино” төрөлд өрсөлдөхөөр болсон ч найруулагч Грета Гервиг, жүжигчин Марго Робби нарын нэрс төрөлдөө дурдагдалгүй өнгөрсөн юм. Харин “The Holdovers”, “Poor Things” кинонууд чамгүй амжилтыг тогтоон, нэр дэвшсэн тоогоороо “Oppenheimer” киноны ард жагсаж байгаа билээ. Тиймээс бид “Saltburn”, “Oppenheimer”, “Barbie” зэрэг бүтээлүүдийн сүрд дарагдан, үзэгчдийн дунд төдийлөн онцгойрч яригдаагүй ч кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан таван киног танилцуулж байна.


“Anatomy of a Fall”

Алтан Бөмбөрцөг наадмаас “шилдэг гадаад кино” шагналыг хүртсэн тус бүтээл нь энэ удаагийн Оскарт нийт таван голлох төрөлд өрсөлдөж байгаа билээ. Сэтгэлзүйн триллер жанрын уг кино нь кино шүүмжлэгчдээс нэлээдгүй сайшаал хүртээд зогсохгүй Rotten Tomatoes вэбсайт дээр 96%-ийн үнэлгээтэй байгаа юм. Цаашлаад “Anatomy of a Fall” кинонд Англи, Франц, Герман буюу нийт гурван хэлээр харилцан яриа өрнөдөг ба энэ нь олон улсын аливаа шүүх хуралдаанд хэл, соёлын ялгаа хэрхэн нөлөөлж, үндсэрхэг үзэл гаргадаг талаар найруулагч голчлон харуулахыг зорьжээ. Түүнчлэн найруулагч, зохиолч Жастин Триет киноны гол зангилаа болсон Сандрагийн дүрийг герман жүжигчин Сандра Хюллерд тусгайлан зориулж бичсэн гэнэ. Үүгээр ч зогсохгүй Сандра Хюллер тус дүрээрээ Оскарын шагналд “шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин” төрөлд нэр дэвшээд байгаа билээ.

Сандра хэмээх бүсгүй нөхрийгөө тагтнаас унаж нас барсан байдалтайгаар олсноор үйл явдал эхэлнэ. Цагдаа нар нөхрийнх нь үхлийг амиа хорлолт биш, хүн амины хэрэг гэж тодорхойлон гол сэжигтнээр Сандраг татдаг. Түүнчлэн ослын газарт тэдний хүү Даниэл хамт байсан ч хүү харааны бэрхшээлтэй учир хүүгээс гэрчийн мэдүүлэг авах амаргүй аж. Ийнхүү цагдаа нар Сандра болон Даниэл нараас тусад нь байцаалт авах үед хүү ээж аав хоёрыгоо байнга маргалддаг байсан талаар хэлнэ. Улмаар Сандра хэдэн жилийн өмнө нөхрөө хуурсан болох нь илэрч, үүний улмаас хосууд маргалддаг байсан гэдгийг мөрдөгчид олж мэднэ. Сандра нөхрөө хуурснаа хүлээн зөвшөөрөх боловч түүний үхлийг осол байсан хэмээн өөрийгөө өмгөөлж буйгаар үйл явдал өрнөнө.


“The Holdovers”

Алдарт найруулагч Александр Пэйний ээлжит бүтээл болох инээдмийн драм төрлийн “The Holdovers” кино нь анх телевизийн цуврал болох төлөвлөгөөтэй байжээ. Тус киноны үйл явдал 1970-аад онд өрнөх ч зураг авалтын дийлэнх хэсэг нь зориулалтын хиймэл талбайд бус бодит газар буюу Массачусетс мужид хийгдсэн аж. Энэ нь киноны үйл явдлыг илүү сонирхолтой, амьдралд ойр болоход нөлөөлжээ. Мөн жүжигчин Пол Жиаматти кинонд бүтээсэн Пол Ханхамын дүрээрээ анх удаа "шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин" шагналд нэр дэвшиж байгаа бол Мэри Лэмбийн дүрийг бүтээсэн жүжигчин Да'Вайн Джой Рэндольф  мөн адил анх удаа Оскарын шагналд өрсөлдөж байгаа юм. 

Киноны үйл явдал хахир хатуугаараа алдартай багш Пол Ханхам Зул сарын амралтын үеэр дотуур байрандаа үлдсэн сурагчдыг харж хандах үүрэгт томилогдож буйгаар эхэлнэ. Ингээд тэрээр ухаантай хэр нь маш сахилгагүй сурагч Ангус Тулли болон сургуулийн тогооч Мэри Лэмб нартай үлдсэн байх болно. Тус амралтын үеэр тэдний дунд үл ойлголцол үүсэж, нэгэндээ хатуу, ширүүн үгс хэлж дургүйлхэх боловч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд нэгнийхээ гунигтай түүхийг олж мэдсэнээр үйл явдал өрнөдөг. 


"Poor Things"

Энэ удаагийн Оскарын наадамд нийт 11 төрөлд нэр дэвшээд буй "Poor Things" кино нь үзэгчдээс "этгээд, хачин мэт атлаа нүд баясгам" гэсэн тодотголыг хүртээд байгаа юм. Тус кино нь 35 сая ам.доллароор бүтсэн ч одоогийн байдлаар 51.3 сая ам долларын ашгийг олсон ба зураг авалтыг Унгар улсын Будапешт хотод хийжээ. Мөн киноны костюм дизайн, нүүр будалт, дүр хувиргалтууд нь кино шүүмжлэгчдийг гайхшируулаад байна. Тухайлбал кинонд эрдэмтэн Годвин Бакстерын дүрийг бүтээсэн жүжигчин Уиллем Дефогийн нүүр будалтыг хийхэд дөрвөн цаг, арилгахад хоёр цаг буюу нийт зургаан цагийг зарцуулдаг байсан гэнэ. Уиллем Дефо энэ талаар "Би нүүр будалтаа хийлгэхийн тулд үүрийн гурван цагт ирдэг байсан. Тэгээд сандал дээр суугаад аль болох хөдлөхгүй, унтахгүй байхыг хичээдэг байлаа. Учир нь нүүр будалтыг минь хийж буй ажилчдыг хүндлэх хэрэгтэй шүү дээ. Тэд ч гэсэн амрахыг хүсдэг л байсан байх" хэмээжээ.

1992 онд бичигдсэн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн энэхүү бүтээлд нэгэн эрдэмтэн гүүрнээс нялх хүүхэдтэйгээ үсэрч амиа хорлосон бүсгүйн тархинд дөнгөж төрсөн хүүхдийн тархийг шилжүүлэн суулгаж, дахин амилуулж буйгаар үйл явдал эхэлнэ. Ийнхүү бүсгүй гаднаасаа нас биед гүйцсэн эмэгтэй мэт харагдах боловч оюун ухаан нь яг л жаахан хүүхдийнх шиг төлөвшиж байлаа. Хачирхалтай нь бүсгүйн тархи энгийн хүнийхтэй харьцуулахад ер бусын хурдан хөгжиж, эргэн тойрны зүйлсээ сонирхож, эцэст нь нэгэн залууд дурлаж гэрээсээ явахаар шийднэ. Эрдэмтэн ч түүнийг явуулахыг зөвшөөрөн бүсгүй олон адал явдалт, сонирхолтой аяллыг туулж буйгаар үйл явдал өрнөх болно. 


"Past Lives"

Багаасаа найзалж нөхөрлөж өссөн бүсгүй, залуу хоёр олон жилийн дараа дахин уулзаж буй талаар өгүүлэх сэтгэл хөдлөм "Past Lives" кино найруулагч, зохиолч Сун Селиний өөрийнх нь амьдралд тохиолдсон бодит түүхээс сэдэвлэгдэн бүтээгджээ. Тэрээр нөхөр болон бага насны сайн найзтайгаа ярилцаж байхдаа уг бүтээлийнхээ санааг олсон бөгөөд үүнийгээ кино болгох гайхалтай сэдэл түүнд гэнэтхэн л төрсөн гэнэ. Мөн найруулагч өөрт нь тохиолдоогүй ч олон сонирхолтой үзэгдлүүдийг кинондоо нэмж өгсөн ба үүнийгээ "энэ киноны түүх бол миний уран төсөөлөл, бодит амьдралын хослол" хэмээн тайлбарлаж байжээ. 

"Past Lives" бүтээлийн эхлэлд гардаг тэдний анх уулзаж байгаа хэсгийг үзэгчид "Үнэхээр уянгалаг, бас сэтгэл хөдөлгөм. Магадгүй киноны хамгийн сэтгэлд үлдэх онцгой хэсэг" хэмээн сайшаагаад байгаа билээ. Тэгвэл тус зураг авалтыг хийхээс өмнө найруулагч гол дүрийн жүжигчид болох Юү Тэ У болон Грета И нарыг огт уулзуулалгүй зураг авалтыг эхлүүлжээ. Ингэж л тэд анх удаа нэгнийгээ харсан гэдэг. Энэ мөч нь жүжигчдийг маш удаан уулзаагүй, нэгнийгээ санан дурссан найзуудын төрхийг гаргахад маш чухал нөлөө үзүүлсэн аж. Түүнчлэн кинонд Хэ Сун Норатай л очиж уулзахын тулд англи хэлийг хичээнгүйлэн сурч, киноны туршид Норагийн төлөө англи хэлээр маруухан хэр нь бүдэг, бадаг ярьж байгаа мэт харагддаг. Сонирхолтой нь уг дүрийг бүтээсэн жүжигчин Тэ У Герман улсад төрж, өссөн учир англи хэлээр чөлөөтэй ярьдаг гэнэ.


"The Zone of Interest"

76 дахь удаагийн Каннын наадамд нээлтээ хийж тус наадмаас "Grand Prix" хүндэт шагналыг хүртсэн "The Zone of Interest" бүтээл энэ удаагийн Оскарын наадамд "шилдэг кино", "шилдэг гадаад кино" "шилдэг найруулагч" гэх зэрэг нийт таван төрөлд өрсөлдөж байгаа юм. Тус бүтээлд Дэлхийн хоёрдугаар дайны үеэр мөрөөдлийн байшин, аз жаргалтай гэр бүлээ хадгалан авч үлдэхийг хичээж буй залуу хосын тухай өгүүлнэ. Тэдний байшин яг цэргийн хуарангийн хажууд байрлаж буйгаар кинонд дүрслэгдэнэ. Хэдий хашааны гадна олон мянган хүн үрэгдэж, зовлонт амьдралыг туулж байсан ч хосууд хашаан дотроо төгс гэр бүл мэт амьдрахыг хичээж, гаднах байдлыг үл тоомсорлож байв. Удалгүй нөхөр нь тушаал дэвшин, өөр газар томилогдсоноор сэтгэл түгшим үйл явдал эхэлнэ. 

Харин зураг авалтын тухайд найруулагч Жонатан Глэйзер, киноны ихэнх үйл явдал өрнөдөг гэрийн хашаанд хэнд ч харагдахгүй байдлаар таван камерыг суурилуулж өгчээ. Иймд киноны зарим хэсэг жүжигчдийг өөрсдийг нь мэдээгүй байхад бичигдэж байв. Дараа нь жүжигчид киногоо эцсийн байдлаар үзэхэд зураг авалт үнэхээр үнэмшилтэй, бодит байгаад нь гайхширч байснаа хуваалцжээ. Түүнчлэн найруулагч сэтгэл сэртхийлгэм үзэгдлийн ард ямар ч дуу дэвсэхгүй байхаар шийдсэн төдийгүй түүний бодлоор түгшим хэмнэлтэй аянуудаас илүүтэйгээр чимээгүй, хоосон байдал бусдын сэтгэлд илүү хүрнэ хэмээн үзсэн аж. 

Сонирхуулахад "Anatomy of a Fall" киноны гол дүрд тоглосон жүжигчин Сандра Хюллер уг кинонд ч мөн адил гол дүрийг бүтээсэн бөгөөд энэ жил түүний тоглосон хоёр кино мөр зэрэгцэн Оскарын шагналд өрсөлдөж байна. 


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх