
Брэд Питтийн бүрдүүлсэн шинэ дүр төрх Нью-Йоркийн шөнийг чимлээ
Жүжигчин Брэд Питт, Хавьер Бардем, Керри Кондон нарын гол дүр бүтээсэн F1 киноны олон улсын хэвлэлийн аяллын дараагийн зогсоол Нью-Йорк хотноо иржээ. Үүнтэй зэрэгцэн Брэд Питтийн бүрдүүлсэн чөлөөт хэв маягтай загварын ээлжит өөрчлөлт олны анхаарлыг багагүй татаад байна.
Тодруулбал өнгөрөгч амралтын өдрүүдэд Брэд Питт найз бүсгүй Инес де Рамон, жүжигчин Брэдли Купер, модель Жижи Хадид нарын хамт Манхэттэний алдарт Cote Korean Steakhouse-д оройн зоог барьсан юм. Тэрбээр нил ягаан өнгийн торгон сорочка, Magliano брэндийн жийнсэн хээтэй сул өмд, дөрвөлжин хоншоортой лофер гутлаар энгийн хэр нь тун мэдрэмжтэй төрхийг бүрдүүлжээ.

Мөн өнгөрөгч бямба гарагт Брэд Питт найз бүсгүйтэйгээ болзохдоо Америкийн дизайнер Willy Chavarria-ийн намар-өвөл 2025 цуглуулгад багтсан хөх хилэн хүрэм, oversize жийнсэн өмд бүхий runway төрхийг сонгосон нь түүний дүр төрхийг илүү тодотгож өгсөн байна.


Түүнчлэн F1 киноны улаан хивсний төрхүүдийг Брэд Питтийн удаан хугацааны хамтрагч, стилист Жорж Кортина бүрдүүлж байгаа бол өдөр тутмын хувцаслалтыг нь Тимоти Шаламе, Кендрик Ламар зэрэг ододтой хамтардаг Тейлор МакНилл гардан хариуцаж байгаа гэнэ.