Хайх

\"Чернобыль\"-ийн ертөнцийг хэн бүтээсэн бэ: Цувралын уран бүтээлчидтэй хийсэн ярилцлага

"Чернобыль"-ийн ертөнцийг хэн бүтээсэн бэ: Цувралын уран бүтээлчидтэй хийсэн ярилцлага

Text: Buro.Mongolia


Зураг:

Жинхэнэ ослоос дутахааргүй бодитой болж чадсан "Чернобыль" цувралд 1980-аад оны Зөвлөлтийн үеийг маш бодитоор дахин сэргээн харуулж чаддаг. Энэхүү төслийн арт директор Люк Халл ба костюм дизайнер Одиль Дикс-Мерье нар хэрхэн ийм үр дүнд хүрсэн талаараа ярилаа.

Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн HBO сувгаар 1986 оны Чернобылийн атомын цахилгаан станцын ослын талаар өгүүлдэг "Чернобыль" цуврал гарч эхэлсэн билээ. Кино зохиолч Крэйг Мазин цувралд Курчатовский институтын захирал Валерий Легасов (The Crown, Mad Men цувралаар алдартай жүжигчин Жаред Харрис) болон ЗХУ-ын сайд нарын зөвлөлийн орлогч дарга Борис Щербина (жүжигчин Стеллан Скарсгард) нарын харилцаан дээр суурилан бодит түүхийг хүүрнэдэг. Тэдний нэг нь реакторын дэлбэрэлтээс үүссэн хор хөнөөлийг багасган хүмүүсийг аврахыг хичээдэг бол нөгөөх нь Кремль дахь өндөр албан тушаалтнуудын амар тайван байдалд л санаа тавина. Цувралын бас нэгэн гол баатар Минскийн цөмийн физикч Ульяна Хомюкийн дүрийг BAFTA шагнал ба хоёр удаагийн Оскарын номинацын эзэн Эмили Уотсон бүтээжээ. Тэрээр амьдралд нухлагдсан ч бусад хүмүүсийг аврахын тулд юу ч хийхээс буцахгүй Зөвлөлтийн эмэгтэйн дүрд чадварлагаар хувирч чадсан юм.

Хэрэв "The Handmaid's Tale", "Big Little Lies", "Stranger Things" зэрэг томоохон цувралууд "Game of Thrones"-ын төгсгөлийн улиралтай давхцаж, үзэгчдийн төлөө өрсөлдөхгүйн тулд шинэ бүлгийн нээлтээ зун хүртэл хойшлуулсан бол "Чернобыль" цуврал "Хаан ширээний тоглоом" ид дундаа явж байгааг үл харгалзан цацагдсан ч үзэгчид болон шүүмжлэгчдийн таашаалыг хүртсээр байна. Энэхүү цуврал нь Rotten Tomatoes тавцан дээр 96% үнэлгээ авч, IMDb-гийн түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээтэй бүтээл болсон (9,6) гээд маш олон давуу талтай ч Зөвлөлтийн үеийн дүр зургийг төгс харуулж, тэр үеийн уур амьсгалд бүрэн автуулж чадсанаараа онцлог байлаа. Жишээ нь нэгэн хэвийн бүдэг байшингууд, ЗХУ-ын хүмүүсийн өмссөн хувцас ба тэдний хоорондын харилцаа гээд бидэнд маш танил амьдралыг асар нарийн детальтай үзүүлж чадсан юм. Энэ бүхнийг цувралын арт директор Люк Халл ба костюм дизайнер Одиль Дикс-Мерье нар хариуцан ажилласан бөгөөд тэд бидэнд хэрхэн ийм гайхалтай үр дүнд хүрсэн тухайгаа ярилаа.

"Чернобыль"-ийн ертөнцийг хэн бүтээсэн бэ: Цувралын уран бүтээлчидтэй хийсэн ярилцлага (фото 1)

Люк Халл

Арт Директор

Та яаж ийм бодит, дэлгэрэнгүй дүр зургийг бий болгож чадав аа?

Хамгийн түрүүнд бид материалаа судлахын тулд Литва руу явсан. Бид түүхэн цаг үе ба эдгээр он жилүүдийн үйл явдлыг нарийн детальчилж харах шаардлагатай болсон бөгөөд тун удалгүй бүхнийг тэгээс эхэлж босгох шаардлагатай гэдгийг ухаарсан. Мөн бид зөвхөн Литва ч биш бусад олон хотыг судлах хэрэг гарч байлаа. Жишээ нь цаг хугацааны нөлөөнд автаагүй, зураг авалт хийхэд тохирох газруудыг хайхаар Киевт ирсэн.

Чернобылийн атомын цахилгаан станцын зураг авалтыг хаана хийсэн бэ?

Реактор нь Чернобылийнхтэй их төстэй байсан болохоор Литва дахь Игналинскийн атомын цахилгаан станцид зураг авалтыг хийсэн. Уг цахилгаан станцын байр болон хонгилууд мөн л их хямдхан материалаар баригдсан бөгөөд Чернобыль шиг бетон ихтэй газар байсан. Ерөнхийдөө интерьер нь их төстэй байсан юм. Бид Чернобылийн уур амьсгалыг хамгийн бодитоор үзэгчдэд хүргэхийн тулд тэнд байж болох хамгийн урт хугацаагаар зураг авалтыг хийсэн. Мөн бусад олон байршлыг өөрсдөө барьсан. Бүтээн байгуулалт хийхэд хамгийн хэцүү нь удирдлагын төв байсан. Учир нь бид үүнийг студид бүтээх хэрэг гарч байв. Мөн цувралд харагдаж байгаа бүх графит чулуунууд жинхэнэ. Бид Игналинскийн атомын цахилгаан станцаас хэзээ ч хэрэглэгдэж байгаагүй графит чулууг авч ашигласан. Ер нь шатаж буй цахилгаан утас, гал түймэр зэрэг бусад 1980-аад оны кинонуудтай ижил төстэй зүйл гаргахгүй байх нь бидний гол даалгавар байсан. Йохан (Йохан Рэнк, цувралын найруулагч - ред. тэмдэглэл) илүү камерын ажиллагаа шаардсан зүйл хийхийг хүссэн юм. Припятийн дүүргүүд, Москва зэрэг нийт 160 гаруй байршил "Чернобыль"-д гардаг. Үүнээс Бид Зөвлөлтийн үеийн шоронгууд, Кремлийн интерьер болон бусад олон байршлыг сэргээн байгуулсан байгаа.

"Колокол Чернобыля" баримтат киног ослоос нэг сарын дараа бүтээжээ. Кинонд атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн үеэр байсан гэрчүүдийн мэдүүлэг багтсан байна.

Ажлын явцад тохиолдсон хамгийн хүндрэлтэй зүйл нь юу байв?

Энэ цувралын зураг авалтын үйл явц жинхэнэ детектив зохиол шиг байсан гэж хэлж болно. Үнэн хэрэгтээ тухайн эрин үеийн гол эх сурвалж нь бидний хувьд Youtube тавцан дээрх бичлэгүүд болсон юм. Тухайн үеийн олон сайн бичлэгүүд уг тавцан дээр байдаг юм билээ. Ер нь жинхэнэ Зөвлөлтийн үеийн тавилга, хувцас болон бусад эд зүйлсийг олоход маш хэцүү байсанд их гайхсан шүү. Сонирхуулахад бид ихэнх эд зүйлсийг Киевийн захуудаас худалдаж авсан. Одоо хүмүүс тэр цаг үеийг мартаж, тухайн эрин үеийн барилгуудыг шинэчлэхийг хүсдэг болсон. Бид бас Киевийн "Чернобыль" музейд зочилж ослоос үлдсэн эд зүйлстэй танилцсан. Ослын бодит түүхийг харуулах нь чухал байсан ч бид бага зэрэг зохиомж нэмж, илүү хатуу ширүүн уур амьсгалтай болгосон.

"Чернобыль"-ийн ертөнцийг хэн бүтээсэн бэ: Цувралын уран бүтээлчидтэй хийсэн ярилцлага (фото 2)

Одиль Дикс-Мерье

Костюм Дизайнер

Таны хувьд цуврал дээр ажиллахад гарсан хамгийн хүндрэлтэй зүйл юу байсан бэ?

Бид бүх костюмыг байж болох хамгийн бодитоор харуулахыг хүссэн. Зөвлөлтийн үеийн хүмүүсийн өмсөж байсан хувцаснууд Европчуудынхаас маш их ялгаатай. Бид Чернобылийн ослын талаар маш олон баримтат кино үзэж, тухайн үеийн сонин, сэтгүүлүүдийг судалж байсан. Манай Литвагийн багийн гишүүдийн ихэнх нь Орос хэлтэй байсан тул Оросын вебсайтуудаас Зөвлөлтийн үеийн ажлын болон эмнэлгийн дүрэмт хувцаснуудыг их амархан хайж олсон. Түүнчлэн бид "Беларусьфильм" студи болон Киевийн үндэсний костюмын архиваас хувцаснуудыг нь түр зээлж зураг авалтдаа ашигласан юм.

ЗХУ-ын үед хэрхэн хувцасладаг байсан талаар ярьж болох уу?

Литвад бид 1980-аад онд үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсан хүнийг хайж олж уулзсан. Түүний хэлснээр тухайн үед эрчүүдийн хослолыг ноос болон полиэстер (полиэфир) материалаар хийдэг байсан гэсэн. Би полиэстерийг үзэн яддаг ч энэ материал цувралд маш их гардаг. Йоханд үзэмжгүй харагддаг бүх юм таалагддаг гэсэн болохоор нэг талаар би их азтай байсан. Учир нь надад гол дүрийн баатруудын хувцасны талаар санаа зовох шаардлага гараагүй. Нүдний шилний тал дээр ч мөн адилхан. Цувралд гардаг нүдний шилнүүд хачин жигтэй загвартайгаас гадна хүмүүсийн нүүрэнд сайн "сууж" өгөхгүй байсан. Тэр тусмаа Легасовт түүний нүдний шил зохиогүй. Мэдээж хэрэг тухайн үед олдсоныг нь л зүүдэг байсан болохоор арга ч үгүй биз.

"Чернобыль"-ийн ертөнцийг хэн бүтээсэн бэ: Цувралын уран бүтээлчидтэй хийсэн ярилцлага (фото 3)

Харин цэргийн дүрэмт хувцасны тухайд

Дүрэмт хувцас маш их байсан! Манай зөвлөх Дариус тухайн үед Литва улсын нутаг дэвсгэрт цэргийн алба хааж байсан юм. Тэр үед бүх цэргүүдэд тусгай масктай хамгаалалтын костюм тараадаг байсан ч үнэн хэрэгтээ хэн ч энэ өмсгөлийг өмсдөггүй байсан гэж тэр хэлсэн. Бид энэ хамгаалалтын костюмуудыг их амархан олсон. Та бүхний харж байгаа тэдгээр костюмууд бүгд жинхэнэ. Харин ослын дараах цацрагаас хамгаалах арга хэмжээ авч байсан ажилтнуудын костюмыг хийхэд илүү их ажиллагаа шаардсан. Бид резинэн эх биеийг бүтээж, дараа нь хар тугалган оруулгыг хөнгөн цагаанаар солихоор шийдсэн. Үүнээс гадна бид олон янзын дүрэмт хувцаснууд худалдан авч, костюмуудыг хуучирсан харагдуулахын тулд их удаан ажилласан шүү.

Таныг юу хамгийн ихээр гайхшруулсан бэ?

Зөвлөлтийн үеийн шумбагчдын өмсгөл үнэхээр гайхалтай! Тэдний масканд жижиг шил арчигч хүртэл байсан шүү. Хэний ч толгойд ийм зүйл орж ирээгүй гэдэгт итгэлтэй байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх